Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нартай хамтран 2013 оны 3-р сарын 7-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өргөн барьж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх хүсэлт тавьсан байна. Төслийн өрөнхий үзэл баримтлалтай танилцаж, хуулийн танилцуулга, оруулах өөрчлөлтийн тухай тогтоолын төсөлтэй хавсралтаас танилцана уу.
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэл эрчимтэй яригдаж, эдийн засаг хувийн хэвшилд тулгуурлан, цар хүрээ нь өргөжиж, төсвийн орлогын хэмжээ хэд дахин нэмэгдэж байгаа энэ үед татварын эрх зүйн шинэчлэлийг цаг үе, нийгмийн хөгжлийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлага тулгарч байна. 2006 онд Улсын Их Хурлаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг батлан гаргасан бөгөөд тус хуулиар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид хамааруулж байна.
Тухайн үеийн эдийн засаг, төсвийн цар хүрээ, татвар төлөгчдөд үзүүлэх татварын дарамт, ачааллыг харгалзан тогтоосон энэхүү 10.0 сая төгрөгийн босго хязгаар нь өнгөрөгч хугацаанд өсөн нэмэгдэж ирсэн инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулан авч үзэхэд жижиг аж ахуй нэгжүүдэд татварын дарамт бий болгох хэмжээнд хүрчээ.
Тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх аж ахуйн нэгж, иргэн нь дунд, түүнээс дээш түвшний аж ахуй эрхлэгчид хамаарч байсан бол өнөөгийн нөхцөлд багахан борлуулалт хийж, хөл дээрээ тогтож амжилгүй НӨАТ-ын ачааллыг үүрч, энэ нь орлого өндөртэй аж ахуй нэгжүүдээс илүү дарамтыг тэдэнд учруулж байна.
2012 оны жилийн эцсийн байдлаар Татварын ерөнхий газраас авсан мэдээгээр 10.0 сая хүртэлх жилийн борлуулалтын орлоготой 21470 аж ахуйн нэгж 82.2 тэрбум, 200.0 сая төгрөг хүртэлх орлоготой 15389 аж ахуйн нэгж 612.8 тэрбум, 200.0 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуйн нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнажээ.
Дээрх тоо баримтаас харахад 200.0 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36,1 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч нийт борлуулалтын ердөө 2,4 хувийг бий болгож байна.
Тиймээс хуульд дээрх өөрчлөлтийг оруулснаар хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчдэд учруулах татварын дарамтыг бууруулж, улмаар хөл дээрээ тогтох, үйл ажиллагаагаа тогтворжуулах, өргөжүүлэх, цаашид томоохон татвар төлөгчид болон өсч хөгжих боломжийг нэмэгдүүлэх бөгөөд улсын төсвийн орлого бүрдүүлэлтэнд сөрөг нөлөөгүй, төсвийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэл болгож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.
Хоёр.Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй.
1 дүгээр зүйлээр хуулийн 4.1.10, 5.2, 6.11, 7.2, 13.7 дахь хэсгийн “10.0 сая” гэснийг “200.0 сая” болгон өөрчилнө. Төслийн 2 дугаар зүйлээр хуулийг дагаж мөрдөх хугацааг тогтоох болно.
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Аливаа татвар эдийн засгийнхаа бүтцэд тохирсон хувь хэмжээтэй байж, төрийн зүгээс зохицуулалт байхгүй бол шууд хүн амын амьжиргааны түвшинд нөлөөлж байдаг. Хуулийн төсөл батлагдсанаар бага орлоготой аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бодит боломж бий болж, ханшийн өөрчлөлт, инфляци зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан ихээхэн ялгаа бий болсон байдлыг арилгаж үйл ажиллагаанд нь хүндрэл, бэрхшээл учруулж байсан татварын дарамт, ачаалал багасч, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргээх, дэмжих Засгийн газрын бодлоготой нийцнэ.
Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай хэрхэн уялдсан, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн бөгөөд хуулийн төслүүдийг дагалдан шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулиуд үгүй болно.
Төсөл санаачлагчид