Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр (Мягмар гариг)-ийн хуралдааны тэмдэглэлээс
А.Бакей: М.Батчимэг гишүүний санал байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль. 2014 онд. Тайлбараа хэлэх үү.
М.Батчимэг: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль. Эрх чөлөөний тухай хууль бол одоо Их Хуралд хэлэлцэгдээд явж байгаа. Буцаагаад татчихсан, тэгэхдээ энэ ондоо угаасаа жагсаалтад орчихсон явах байх гэж бодож байгаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль, Хууль зүйн байнгын хороон дээр бичигдсэн байна билээ. Харъяаллаараа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал, хэвлэл мэдээллийн асуудал чинь угаасаа Төрийн байгуулалтын байнгын хороо болгож өөрчилье гэж. Нөгөө хуулиуд нь шинээр.
А.Бакей: Энэ тогтоолын төслийн хавсралтын 87 дугаарт бичигдсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 113 дугаарт бичигдсэн Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 119 дүгээрт бичигдсэн Төрийн албан хэрэг хөтлөлтийн тухай шинээр, 128 дугаарт бичигдсэн Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай шинээр, 177 дугаарт бичигдсэн Нийтийн албаны тухай шинээр, 178 дугаарт бичигдсэн, Нийтийн албаны үйлчилгээний стандартын тухай хууль шинээр, 186 дугаарт бичигдсэн Шашин, сүм хийдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 191 дүгээрт бичигдсэн Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулга, эдгээр хуулийн төслүүдэд хяналт тавих Байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороо гэж өөрчлөх ёстой юм байна. Өөр харъяаллын нэр бичигдсэн байна. Үүнийг хамтатгаад, саяны Батчимэг гишүүний саналтай. Энэ саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү.
12-10. Дэмжигдлээ.
С.Дэмбэрэл: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юу юм бэ?
М.Батчимэг: Хэвлэл мэдээллийн байгууллагууд гэж ойлгоно л доо.
С.Дэмбэрэл: Энэ олон улсын нэр мөн үү? Эсхүл би үүнийг л ойлгодоггүй, хэрэгсэл гээд байдаг юм. Юун хэрэгсэл юм бол? Яадаг хэрэгсэл юм бол?
А.Бакей: Санал хураагдаад дууссан, С.Дэмбэрэл гишүүн. Дараа нь М.Батчимэг гишүүн С.Дэмбэрэл даргад сайн тайлбарлаж өгөөрэй. Үүрэг өглөө.
Батчимэг гишүүний санал байна. Өгөгдлийн тухай хууль 2014 онд шинээр гэж байна. Энэ Өгөгдлийн тухай хуулийг шинээр санаачилъя гэж байна. Тайлбар байна уу?
М.Батчимэг: Энэ бол уг нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэлэлцэгдэж байх үеэр багцаараа яригдаж байсан хуулиуд байгаа юм. Энэ дээр орж ирээгүй байна. Өгөгдлийн тухай хууль гэж юуг хэлж байна вэ гэхээр, Контентын хууль гэж хэлээд байдаг. Ерөөсөө Монгол Улсад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуулиар зөвшөөрөгдөх контент гэж, өөрөөр хэлбэл бид нар үндэсний аюулгүй байдлын эсрэг алан хядах, үймээн самуун дэгдээх, хүний эрхийн эсрэг ч гэдэг юм уу? ийм контентуудыг хориглох асуудалтай холбоотой хуулиуд байхгүй байгаа юм. Тэгээд дээрээс нь бусад улс орнуудад байдаг өөрийнхөө үндэсний соёл, түүхээ сурталчилсан тийм контентыг урамшуулах ч гэдэг юм уу? контентын зохицуулалттай хууль байхгүй учраас үүнийг гаргах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
С.Дэмбэрэл: Өгөгдөл гэж яг юу юм бэ? би ойлгохгүй байна. Өгөгдөл гэдэг бол биет, контент гэвэл агуулга. Аль нь юм бэ?
М.Батчимэг: Харин тийм, тэгээд явчихсан. Манай энэ хуулийн төслүүд дээр чинь өгөгдөл гэсэн утгаар орчуулагдаж орчихоод байна.
С.Дэмбэрэл: Өгөгдөл гэдэг чинь буруу үг.
М.Батчимэг: Нэр томъёо хэтэрхий олон эрээн болгохгүйн үүднээс хэрэглэсэн нэр томъёог нь хэрэглээд байгааюм. Түүнээс биш бид нар энэ дээр ярих ёстой.
А.Бакей: Контентын тухай гэж хэлж болохгүй юу?
С.Дэмбэрэл: Монгол бэлэн үг байна шүү дээ. Агуулга гэж.
М.Батчимэг: Наадах чинь эргээд ойлгогдохгүй болчихож байгаа юм. Эсхүл Контентын хууль гэдгээрээ явчихаад, хуулиа гаргах үед тэр агуулгаа ярьж болж байна. Ойлгомжтойгоор нь Контентын хууль гээд явчихаж болно.
А.Бакей: Контентын тухай хуулийг жагсаалтад оруулъя гэсэн саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү.
12-10. Дэмжигдлээ.