Монгол Улсын Их Хурлын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр (Баасан гариг)-ийн хуралдааны тэмдэглэлээс
Хэлэлцсэн асуудал: Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
С.Дэмбэрэл: Би энэ хуулийг үзэл баримтлалаас нь авахуулаад уншиж байхад хэд хэдэн зүйл тодорхой биш байна.
1. Саяны Энх-Амгалан гишүүний хэлсэнчлэн, татвар төлөгчдийн мөнгөөр, тэднээс зөвшөөрөл авалгүйгээр, тэдэнтэй ярилгүйгээр шийдэх гээд байна уу? Энэ нэгдүгээр асуулт.
2. Хоёрдугаарт, энэ хохирлыг зах зээлийн үнээр үнэлсэн. Тэгээд ч энэ нь хадгаламж зээлийн хоршоо гэдэг ийм нэгж, социал институцийн /нийгмийн байгууллага/-ын хийдэг үйл ажиллагааны дотор явагдсан процесс. Гэтэл өнөөдөр ганцхан Тэмүүжин сайд суучихаад, санхүүгийн тогтвортой байдал буюу санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх инстутцуудын гол хүмүүс нь алга байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан энэ хадгаламж зээлийн хоршоодоос үүдэлтэй 70 хэдэн тэрбум төгрөгний асуудлыг яаж санхүүгийн эрсдлээс хамгаалах юм вэ? гэдгийг тусгасан хуулийн өөрчлөлт орж ирсэнгүй. Хохирлыг эргэж буцааж төлөгдөх нөхцөлтэйгээр, хэсэгчлэн барагдуулах ба хадгаламж зээлийн хоршооны системд санхүүгийн эрсдэлээс урдчилан сэргийлэн хамгаалах механизмыг бүрдүүлэх ийм иж бүрэн утгатай хууль орж ирэх ёстой. Тэр алга. Тэр алга байгаа нөхцөлд Тэмүүжин сайд хууль зүйн талаас нь хариуцлага хүлээх тухай яаж ярих вэ? Угаасаа энэ системийн гажиг нь засагдахгүй. Тийм учраас, энэ хуулийг ийм яаруу батлах нь буруу гэж бодож байна. Дахин боловсруулж, сая миний хэлсэн, санхүүгийн эрсдлийн механизмыг яаж оруулах вэ гэдгийг иж бүрэн талаас нь авч орж ирсэн нь дээр байхаа гэсэн саналтай байна.