С.Дэмбэрэл: - Би чинь одоо С.Оюуныгаа загнах хэцүү. Ямар ч гэсэн хэдэн асуулт асууя.
Ерөнхийдөө би энэ байгаль орчны төлөв байдлыг сайн мэдэж байгаа. Тэгэхээр хамгийн эхний асуулт бол ерөнхийдөө Монгол Улсад мөрдөгддөг стандартуудаас хэтрээд гарчихсан байна. Ихэнхи нь. Менделеевын үелэх системийн нэлээн хүнд хүнд элементүүдийн хувьд Монгол Улсад мөрддөг стандарт гэдэг нь хүний биед сөргөөр нөлөөлөхгүй байх стандарт шүү дээ. Тэрнээс илүү гарсан төлөв байдалтай байна.
Тэгэхээр энэ төлөв байдал дээр үндэслэсэн, 2011, 2012 дээр дүгнээд 2013 оны төсөвт энэ чинь сууж чадаагүй. 2014 оны төсөвт бодит төлөв байдал дээр үндэслэсэн хөрөнгө оруулалтын хэмжээг гаргах хэрэгтэй. Тэгээд энийг хамгийн хүнд хүнд газар руу, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын чинь чиглэл гарах ёстой. Жишээлбэл ой мод, ус, биологийн зарим төрөл зүйлүүд... Мөн хөрсний бохирдол зэрэг асуудлаар хөрөнгө оруулалтынхаа бодлогыг гаргаж ирэх хэрэгтэй. Энэний дараа та, манай яам 500.0 сая л төгрөгтэй гэж ийм сул дорой дуугаар дуугарахаа болино. Энийг л одоо хийх нь зүйтэй. Яагаад гэвэл, нөгөө тогтвортой хөгжлийн бодлого чинь байгаль орчныхоо төлөв байдал дээр суурилсан, тэр дээр үндэслэсэн хөрөнгө оруулалтын бодлогыг гаргаж ирэх ёстой. Энийг 2014 оны төсөл, төсөвт хийх үү гэсэн нэгдүгээр асуулт.
Хоёрдугаарх нь, үндэсний хэмжээнд одоо нийт хэдэн байгаль орчинтой холбоотой хөтөлбөр байна вэ? Хэдэн хороо байна вэ? Хэдэн зөвлөл байна вэ? Тэгээд энэ хэдийг хараад байхад, нэг хэсэг нь хэрэгждэг, нэг хэсэг нь хэрэгждэггүй хөтөлбөр байна. Нэг хэсэг хороо нь формаль ажилладаг. Нэг хэсэг хороо нь ингээд ажиллах гээд оролдоод байдаг. Зөвлөл ялгаагүй. Тэгэхээр энийг надад нэг тодруулж өгөхгүй юу.
Гуравдугаарх нь, Энэ Ц.Банзрагч гуайг байгаа дээр нь бас асууя. Энэ модны хулгайг одоо яг яаж зогсоох вэ? Энэ 2013 онд, 2014 онд хүмүүст мэдрэгдтэл нь ямар арга хэмжээ авах юм бэ? Танай яам чинь бодлогын яам гээд байдаг, тэгтэл та нарыг өдөр шөнөгүй л бодлого бодож байх хооронд машин машинаар хулгай орсоор л байна. Мэдээж хэрэг, энэ чинь ганцхан яамны асуудал биш шүү дээ. Энэ чиглэлээр одоо яг юу хийгдэж байна вэ гэдэг нэг ийм асуулт байна.
Дөрөвдүгээр асуулт нь, энэ цэвэр үйлдвэрлэл, цэвэр технологи, ногоон бизнесийг хөгжүүлэх талаар өнөөдрийн байгаа бүх хууль тогтоомжууд хэдэн ширхэг, хичнээн incentive /шагнал урамшуулал/ буюу хүмүүст хөшүүрэг, эдийн засгийн хөшүүрэг болж байгаа заалтууд байна вэ? Энийг та бүхэн цаашдаа энэ хууль, тогтоомжууд болон Засгийн газрын тогтол шийдвэрээр яаж нэмэгдүүлэх гэж байна вэ?
Тавдугаар асуулт нь, Мянганы хөгжлийн зорилтууд дээр байгаа байгаль орчны талын зорилтууд 2015 оны сүүлч гэхэд хэрэгжих магадлал хэдэн хувьтай байна вэ?
Зургадугаар асуулт нь, ногоон аймгууд гарч ирж байна. Танай яамны идэвхтэй явуулж байгаа бодлогын хүчинд Архангай, Булган, Хөвсгөл аймгууд, цаашид мөдхөн нэмэгдэх шинжтэй. Энэ ногоон аймгуудын хөгжлийг ногоон хөгжлийн жишиг, загвар аймаг болгох гэсэн энэ орон нутгийн санаачлагыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас яаж дэмжих вэ?
За эцсийн асуулт. Ерөнхий сайдын удирддаг Тогтвортой хөгжлийн үндэсний хороо гэж бий. Ерөнхий сайд бас удирддаг Усны үндэсний хороо гэж бий. Усны үндэсний хорооны ажил бол ерөнхийдөө яам хоорондын координаци /зохицуулалт/ хийх юм билээ. Гэхдээ эртээд усны зөвлөгөөн хийж байхад энэ усны асуудалд маш хэцүү олон асуудал шийдэх ёстой юм билээ.
Тэгэхээр би С.Оюун сайдаас асууж байна л даа. Засгийн газар байгуулагдаад 8 сар болж байна. Би одоо хоёр дахь удаагаа энэ асуултыг асууж байгаа. Гэхдээ би та бүхэнд С.Оюун сайдыг хэлээсэй гэж бодож байгаа юм. Энэ яам хэдийгээр үндсэн чиглэлийн чиг үүргийн яам ч гэсэн миний одоо ингээд ажиглаж байгаагаар ганцаархнаа л үзээд байна. Бусад яамдууд энэ ногоон хөгжлийн чиглэлээр, энэ чиглэлээр маш сул байна. Ийм учраас Байгаль орчны, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооноос тогтоол гарсан шүү дээ. Ногоон хөгжлийг дэмжих жил гэж зарлаад. Та бүхнийг дэмжихийн тулд. Ерөнхий координацийг чинь хангахын тулд би төлөвлөгөө баталж өгсөн.
Тэгэхээр Ерөнхий сайдаас би энэ дөрөв дэх өдөр асуух гэж байгаа юм. Ерөнхий сайд танай яамыг ер нь яг бодлогын приоритет тэргүүн ээлжинд авч үзэж байна уу, үгүй юу? Эсвэл өмнөх бүх Ерөнхий сайдуудад байсан хандлагаар, үлдэгдлийн зарчмаар буюу зөвхөн санхүүжилтийн хувьд төдийгүй бодлогын хувьд сүүлд нь авч үздэг хандлага хэвээрээ байна уу? Хамгийн энгийн, хүний хэлээр асуух юм бол та ганцаардаж байна уу гэсэн асуулт байна. Энд хариулж өгнө үү.
Дэлгэрэнгүй тэмдэглэлийг хавсралтаас үзнэ үү.