Улсын Их Хурлын чуулганы 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндэсний тогтолцоог Хүний эрхийн Үндэсний Комиссыг түшиглэн байгуулах бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор баривчлах болон цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтмол хяналт тавих, шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзаж, ярилцах нөхцөл бүрдүүлэх тухай, соёрхон батлах/ хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Нэгдүгээрт: Хүний Эрхийн Үндэсний конвенцэд Монгол улс нэгдэж орсоныг маш их дэмжиж байгаа гэдгийг ажлын хэсэгт хэлмээр байна. Энэ конвенцын үг үсэг, үзэл санааг хамгийн гол нь хэрэгжүүлэх чухал. Өмнө нь нэгдэж орсон конвенцын үг үсэг, үзэл санаагаа хэрэгжүүлэх тал дээр маш их ахиц гарах шаардлагатай байгаа. Тэгж байж Монгол Улсын хувьд олон улсын гэрээг хэр зэрэг хүндэтгэдэг юм бэ? Монгол улс ямар юм бэ, “А статус” гэдгээ баталж байгаа нь харагдах ёстой. Жишээлбэл Хүний Эрхийн Үндэсний Комисст энэ ажлыг даалгаж өглөө гэхэд ХЭҮК нь өөрөө бие даасан хараат бус байдлаа хуулиараа баталгаажуулж өгөх шаардлагатай. Гэтэл ХЭҮК-ын хуулинд ганцхан заалт “Хүний Эрхийн Комиссарын үйл ажиллагаа нь хараат бус байна” гэсэн байдаг. Танай Хүний Эрхийн Үндэсний Комиссын тодорхойлтод бие даасан хараат бус гэсэн зүйл байхгүй. Та хуулийнхаа хамгийн эхний заалтаа үзнэ үү, яг эндээс ХЭҮК-ын тухай хуулийг өөрчилж байгаа юм. Тийм тодорхойлолт ч өгсөн байгаа.
Хоёрдугаарт: -Гомдол хүлээж авахгүй гэдэгт маргалдах мэтгэлцэх зүйл бий. Үндсэн хуулийн 16-р зүйлд “Монгол улсын иргэн төрийн аль ч байгууллага албан тушаалтанд гомдол хүргүүлж болно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл төр шийдэх ёстой гэж. Мөн Хүний Эрхийн Үзэл санаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийн амин сүнс учраас, үүнийг хаана ч тусгаж явах ёстой. Бусад хуулиас давуу байх ёстой. Тэр утгаараа шүүхийн тал дээр ч маргаж болно.
Монгол Улсын ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж танд нэг зүйлийг зөвлөмөөр байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд дахь судалгааны төвөөс “Хүний эрх ба эрүүгийн байцаан шийтгэх тухай /42 хуудастай тоо баримттай/ судалгаа гаргасан байна, та бүхэн уншиж судлаад, энэ чиглэлээр хэрэг мөрдөх, мөрдөн байцаах шатан дээр тухайн гомдлыг хүлээж авахгүй гэдэг заалт дээрээ бусад шүүх цагдаатай холбоотой хуулиудыг хооронд нь яаж уялджуулах талаар иж бүрэн саналаа боловсруулаад хууль зүйн байнгын хороонд өгөх нь зөв байх болов уу. Зөвхөн Хүний эрхийн конвенцийн үзэл санааг бус.
Хууль зүйн байнгын хороо өнөөдрийг хүртэл тайлангаа ирүүлээд байгаа Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тайланг нь авч хэлэлцдэггүй, дотор нь байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргадаггүй... 2014 оны 12 дугаарын сарын 11-ны өдрийг хүртэл Хүний Эрхийн Дэд Хорооны даргыг сонгодоггүй, хуралдуулдаггүй, ийм байдлаар цаашид явж болохгүйг Эрхэм УИХ-ын дарга та анхааралдаа авч, үүрэг өгнө үү. Хууль Зүйн байнгын хорооог энэ чиглэлээр хуралдуулж, тайланг нь авч хэлэлцүүлээд, холбогдох шаардлагатай бол УИХ –ын тогтоол гаргуулах чиглэлээр ажил хийлгэнэ үү, энд өнөөдөр зөвхөн Хүний Эрхийн Үндэсний Комисс гэж яриад хурал нь авч хэлэлцдэггүй, ийм нөхцөл байдалтайгаар явж болохгүй ээ. Энэ бол дээд зэргийн хариуцлагагүй явдал мөн гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба