Нэг. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Хууль зүйн шаардлага:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013–2017 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртхүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангасан хүүхэд асрах үйлчилгээ, бичил цэцэрлэгийг байгуулж бага насны хүүхдийн нийгмийн халамж, үйлчилгээг өргөжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьж буй энэхүү хуулийн төсөл нь бага насны хүүхдийн эрх, хөгжлийг хангахтай холбоотой үндэсний зорилго, стратегийг тодорхойлсон дор дурьдсан бодлогуудтай уялдана.
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Боловсрол үндэсний хөтөлбөр”-т “бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах”-аар тусгаж сургуулийн өмнөх насны хүүхдийг асран хамгаалах үйлчилгээний эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нарын 2005 оны 116/83/45 тоот хамтарсан тушаалаар баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”-д “Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний найдвартай, чанартай байдлыг хангах” зорилтыг хангахын тулд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хүүхдээ эрүүл, эсэн мэнд, эрсдэлгүй өсгөх, хөгжүүлэх, эцэг эхчүүд тэдний гэр бүлийн гишүүдийн ажил бизнесээ эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, мэргэжил, боловсролоо тасралтгүй дээшлүүлэх хэрэгцээ, эрэлтийг зохистойгоор хослуулан хангах боломжийг өргөжүүлэхийн тулд бага насны хүүхдэд зориулсан үйлчилгээний олон хэлбэрийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн.
Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийн хууль эрх зүйн шаардлага нь дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтуудаар тодорхойлогдоно.
Энэ шаардлагын хүрээнд “хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл”-ийг боловсрууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баян-Сэлэнгэ, С.Ганбаатар нарын нэр бүхий гишүүдээс хүүхэд харах үйлчилгээг бий болгохтой холбогдуулан санаачилсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй уялдсан болно.
Практик шаардлага:
Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь, нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.
Цэцэрлэгийн хүчин чадал өнгөрсөн жилийн байдлаар 100,3 мянга байгаагаас ашиглалт 133,2 хувь, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадал 31,4 мянга байгаагаас ашиглалт 136,3 хувьтай байна.
Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, насанд хүрсэн хүний хамгаалалтгүй орхисноор гэрт үлдсэн хүүхдүүд бэртэж гэмтэх, гал түймэрт өртөх, осолдох, эндэх нь нэмэгдэх хандлагатай байна.