ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр /2013-2017/-ийн 2.18-д “Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачилгыг дэмжинэ. Ингэхдээ хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангасан байх шаардлага тавина”, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах”-аар заасан бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нарын 2005 оны 116/83/45 тоот хамтарсан тушаалаар баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Боловсрол үндэсний хөтөлбөр”-т “бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлснийг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулав.
Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байна.
Ийнхүү дээрх үндэслэл, шаардлагаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэхүү хуулийн төслөөр эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан болно.
Хуулийн төсөл нь 8 бүлгийн 17 зүйл, 68 хэсэг, 10 заалттай бөгөөд бүлгүүдэд дараах асуудлуудыг тусгав.
Нэгдүгээр бүлэгт: Хуулийн зорилт, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж, Хуулийн нэр томъёоны тодорхойлолт, Хүүхэд харах үйлчилгээнд баримтлах зарчим.
Хоёрдугаар бүлэгт: Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдагчид, Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага.
Гуравдугаар бүлэгт: Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалт, Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл, Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт.
Дөрөвдүгээр бүлэгт: Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг.
Тавдугаар бүлэгт: Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг, Хүүхэд харах төвийн эрх, үүрэг.
Зургаадугаар бүлэгт: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болох, Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг.
Долоодугаар бүлэгт: Хүүхэд харах үйлчилгээнд тавих хяналт.
Наймдугаар бүлэгт: Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, Хууль хүчин төгөлдөр болох хугацааг тусгалаа.
Хуулийн төслийн талаар 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газраас ирүүлсэн саналыг хүлээн авч хуулийн төсөлд тусгасан болно.
Хуулийн төслийг хавсаргав.