УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай ярилцлаа.
-БОНХЯ-наас 2013 оныг байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд үр дүнтэй тодорхой ажил хийгдэж байгаа юу? Тухайлбал...
- Манай яам 2013 оныг Байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарласан нь эдийн засаг, нийгмийн бүх салбарт тогтвортой хөгжлийн үзэл санааг суулгаж, хүн амын бүх давхаргад байгаль орчинтойгоо ээлтэй харьцах, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх зорилт тавьсантай холбоотой. Энэ хүрээнд хэд, хэдэн ажил төлөвлөсөн нь эхнээсээ хийгдэж эхэлж байна. Тухайлбал, манай яам, БШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр Санамж бичиг үзэглэсэн. Энэ төслийн хүрээнд хүүхэд, залуучуудын байгаль орчны талаархи мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, тэдний байгальтайгаа зөв харьцах хандлагыг нь төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалд тусгагдсан сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулах ажлыг хийнэ. Түүнчлэн боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, уламжлалт шашин, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж танин мэдэхүй, соён гэгээрүүлэх сурталчилгааны ажлыг цогцоор хэрэгжүүлэхээр тодорхой санал, санаачилга гаргасан байгууллагатай хамтран ажиллаж байна. “Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний форум зохион байгуулахаар бэлтгэж байна. Яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаа өдөр тутмын ажлаа хийх явцдаа хүүхэд залуучууд, олон нийтийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, тэдэнд мэдлэг, мэдээлэл өгөхөд чиглэгдэн төлөвлөгдсөн. Удахгүй Дэлхийн усны өдөр болно. Энэ үеэр манай Бодлогын хэрэгжилтийн газраас зохион байгуулан манай мэргэжилтнүүд дунд сургууль, их дээд сургуулиудад ус, усаа хэрхэн хэмнэх илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Энэ мэтчилэн яривал хийж буй ажил ч чамгүй байна. Хийх зүйл ч их байна.
-Уул уурхайгаас болж байгаль орчин маш ихээр сүйдэж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Танай яамны зүгээс ямар нэгэн ажил хийж байна уу?
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тавигдах шаардлагыг өндөржүүлнэ. Хөгжлийн төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөнд байгаль орчны стратегийн үнэлгээ хийх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, шилдэг техник, технологийг үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлээр ашиггүй нь тогтоогдсон, байгаль орчинд хор хөнөөл ихтэй уурхайг ажиллуулахгүй байх зарчим амьдралд хэрэгжинэ. Уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартыг шинэчлэн боловсруулах, ашигт малтмал ашиглахыг хориглох, хязгаарлах бүс нутгийн хил хязгаарыг тогтоох, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг хийх ажлыг зохион байгуулж байна. Үүнд манай орон нутгийн засаг захиргааны байгууллага, Байгаль орчныг хамгаалах газрууд нэлээд идэвхи санаачилгатай оролцож, яамтай холбоотой ажиллах шаардлага байгаа. Саяхан яам, аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээнд энэ чиглэлээр нэлээд зүйл тодорхой тусгасан байгаа. Хэрэгжүүлэх чиглэлд бид шахаж ажиллана, хяналтаа тавина. Нөхөн сэргээгдээгүй орхигдсон газруудад мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор бүрэн нөхөн сэргээлт хийх арга хэмжээг цэрэг батлан хамгаалах хүчийг ашиглах ажлыг орон нутагтай хамтран зохион байгуулах, уул уурхайн үйл ажиллагаанаас үүсч буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийж, биологийн төрөл зүйлийн дүйцүүлэн хамгааллын үйл ажиллагааг нэвтрүүлэхээр холбогдох журам, стандартууд дээр манайхан ажиллаж байна.
-Саяхан Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал хоёр ч удаа болсон. Энэ хуралд та оролцсон шүү дээ. Таны зүгээс ямар байр суурь илэрхийлсэн бэ. Та бүгдийн санал тодорхой үр дүнд хүрсэн үү?
- Хувь нийлүүлэгчдийн хурлаар талууд нэгдүгээрт, Оюутолгойн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд, хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын гэрээний биелэлтийн хүрээнд ярилцаж байна. Энэ удаагийн ярилцах асуудлын хүрээнд байгаль орчны асуудал хөндөгдөөгүй. Манай яамны хувьд байгаль орчны нөлөөллөөс сэргийлэх үйл ажиллагаа, байгаль орчны төлөвлөгөөний асуудалд хууль тогтоомжийн дагуу хяналтаа тавиад ажиллаж байна.
-Ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, “Шударга ёс” эвслийнхэн хамтарч засгийн эрхийг барьж байна. Харин МАН, МАХН хоёр нэгдэх тухай асуудлыг ярьж эхэллээ. Энэ сүүлдээ хамтарсан Засгийн газар удаан оршин тогтнохгүй ч байж магадгүй гэсэн яриа байна. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?
- Энэ бол тухайн намуудын өөрсдийнх нь асуудал учраас бусдын хэрэгт хошуу дүрж, хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгөх нь улс төрийн соёлд нийцэхгүй юм даа. Бусдын адил ажиглаж л байна.
-ИЗНН Засгийн газарт ороод нэлээд удлаа. Ажлын үр дүнгийн талаар та юу хэлэх вэ. Сайн, муу гэж хэлэх зүйл байна уу. Засгийн газрын үйл ажиллагааг иргэд хүлээн зөвшөөрөхгүй тал бий?
-Шинэчлэлийн Засгийн газар бүхий л хүрээнд шинэчлэлийн бодлогоо дэвшүүлээд ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд яамд дор дороо л ажиллаж байна. Одоохондоо олон нийтэд, хувь хүнд, нэг гэр бүлд ч юм уу үр дүн мэдрэгдэхгүй байж болно. Цогцоор нь хийгээд хэрэгжүүлээд ирэхийн цагт нөгөө бидний хүсээд байгаа ажилтай орлоготой байх, авлигагүй шударга амьдрах, байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, сайн боловсрол эзэмших гээд олон зүйлүүд зөв гольдролдоо орно гэж харж байгаа. Ер нь аливаа ажлыг хийхэд тэр хүний сэтгэл зүтгэл их чухал, тэгээд ганцаараа бус олуулаа төлөвлөөд, олуулаа оролцоод хийвэл заавал бүтдэг. Шинэчлэлийн Засгийн газрын нэг сайн тал иргэдийн оролцоог их чухалчилж байна. Уг нь аль 2000 онд ИЗНН байгуулагдахдаа иргэний оролцоо, сайн засаглалын бодлогыг дэвшүүлэн тавьж байсан юм шүү дээ. Аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн хүсэл зориг маш их чухал байдаг гэж боддог.
-Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 9-нд Иргэний зориг нам байгуулагдсан өдрийн ой болсон. Танай нам байгуулагдаад нэлээд олон жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд танай нам улс төрд ямар байр суурьтай болсон гэж та боддог вэ?
- ИЗНН Монголын улс төрийн намын эгнээг тэлснээс хойш 13 жил болж байна. Байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй парламентад суудалтай байж, төрийн бодлого, улс төрийн шийдвэр гарахад өөрсдийн байр сууринаас идэвхтэй оролцож байлаа. Авлига хээл хахуультай тэмцэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, улс төрийн нам болон сонгуулийн эрх зүйн тогтолцоог шинэчлэхэд идэвхтэй ажиллаж энэ чиглэлийн хуулийг санаачлан, УИХ-аар батлуулж ирсэн. Нэг зүйл тодруулахад ИЗНН Монголын улс төрийн амьдралд шинэ стандартуудыг оруулж ирэхийг үргэлж чармайж ирсэн. 2006 онд Сүүдрийн Засгийн газар байгуулан ажиллаж үзлээ. Эрх зүйн орчин байхгүй учраас ажиллахад хэцүү байсан ч өнөөдөр МАН Сүүдрийн Засгийн газар байгуулах талаар ярьж эхэлж байна. Монголд хэрэгтэй юу гэвэл, үнэхээр хэрэгтэй. Учир нь Сүүдрийн Засгийн газрын сайн түнш нь дандаа олон нийт байдаг юм. Өнөөдөр ИЗНН Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдхүүнд орж БОНХЯ-ыг удирдан ажиллаж байна. Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил нь байгаль орчныхоо даацад нийцсэн тогтвортой хөгжлийн бодлогын төлөө бид ажиллаж байна. Тодруулбал, эдийн засаг, нийгмийн бодлого нь байгаль орчиндоо халтай бус, байгаль орчны бодлого нь нөгөө хоёртоо саад хийсэн биш, харилцан зохицсон, судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанд үндэслэсэн бодлогоор Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Нөгөө талаар байгаль орчиндоо ээлгүй хандаж буй аливаа бизнес үйл ажиллагааг хариуцлагажуулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийлгэх тал дээр бид илүү хатуу чанга хандана. Энэ чиглэлийн эрх зүйн орчин ч гайгүй бүрдсэн учраас хуулиа хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
-УИХ-ын гишүүн асан Д.Энхбат чимээгүйхэн болчихжээ. Намдаа байгаа юу. Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээс хамаарч намын даргадаа хариуцлага тооцох талаар яригдаж байсан. Тэр асуудал юу болсон бэ?
-Намдаа байгаа. Д.Энхбат даргыг намын Их хурлаар ИЗНН-ын даргаар сонгосон. Тэгэхээр дараагийн Их хурал дээр Д.Энхбат дарга ажлаа тайлагнаж, цаашид яах эсэхээ шийдвэрлэх учиртай. Хариуцлагатай ажиллаж уу, үгүй юу гэдгийг үнэлж дүгнэх эрх нь намын Их хурлын төлөөлөгчдөд байдаг. Ээлжит Их хурал хийх тов хараахан гараагүй байна. Үүнийг удахгүй болох Үндэсний хорооны хурал шийднэ.
- Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас ямар хүн нэр дэвших вэ. Тухайлбал, таныг нэр дэвшиж магадгүй гэдэг яриа байна?
- 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН нэр дэвшүүлэн оролцох эсэх шийдвэрийг гаргах нь Улс төрийн намын хуулиар ч, намын дүрмээр ч Үндэсний Хорооны бүрэн эрхийн асуудал. Би хувь хүний хувьд нэр дэвшихгүй гэдгээ сонин хэвлэлээр нийтэд хэлсэн байгаа. Учир нь хэвлэлүүд өөр өөрсдийн таамгийг гаргаж, С.Оюун нэр дэвшинэ. С.Дэмбэрэл, С.Оюуны хооронд өрсөлдөөн эхэллээ гэсэн бодит бус мэдээллүүд гарах болсон тул олон түмнийг, намын гишүүдийг төөрөгдүүлэхгүйн тулд хувь хүний зүгээс ийм алхам хийсэн. Хуулиараа бол парламентад суудалтай нам нэр дэвшүүлэх эрхтэй. Харин 45 нас хүрсэн, Монгол Улсын иргэн намын ямар ч гишүүн, бас дэмжигчийг нэр дэвшүүлж өрсөлдүүлэх нь намын гишүүдийн тэр дундаа төлөөллийн төв байгууллага болох Үндэсний хорооны эрх юм.
У.САРАНГЭРЭЛ