2013 оны 02 сарын 08-нд Улсын Их Хурлын даргын 26-р захирамж гарч, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. Нэгдсэн Сонгуулийн хууль нь "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай", "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай", "Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай", "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай" хуулиудыг нэгтгэх, шинэчлэн сайжруулах зорилготой боловсруулагдах юм. Ажлын хэсэгт 18 хүн орж байгаа бөгөөд УИХ-ын Гишүүн, Иргэний Зориг Ногоон Намын дарга С.Дэмбэрэл энэхүү ажлын хэсэгт оржээ. Ажлын хэсэгт хуулийн төслийг боловсруулж, 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэхийг даалгасан байна. Ажлын хэсгийн гишүүдэд дээрх хуулиудын хамгийн ссүлд батлагдсан шинэчилсэн найруулгууд болон эрх зүйн баримт бичгүүдийн эмхэтгэл, сүүлийн 4 жилд сонгуулийг тойрсон асуудлуудыг багтаасан хэлэлцүүлэг, ярилцлага, семинаруудын эмхэтгэсэн товхимол зэргийг өгчээ. Ажлын хэсгийнхэн өнөө өглөө буюу 2013 оны 03 сарын 01-нд 10:00 цагт Төрийн ордоны "Б" танхимд анхныхаа хуралдааныг хийлээ.
Tweet