УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үгэнд цэцэн нэгэн. Тэрбээр ардын зүйр цэцэн үг, ерөөл магтаалыг орчин үеийн хэв маягт оруулан хэлэхдээ сайн бөгөөд түүний энэхүү нууц авъяас нь сүүлийн үед твиттер, фэйсбүүк хуудаст нь ил болж буй.
Тэрбээр саяхан “Зүйр цэцэн үгнээс гадна зүйр тэнэг үг их бий” хэмээн твиттерт жиргэсэн бол фэйсбүүк хуудаснаа “Цувж жиргэсэн твиттерчдээс цуглаж шаагисан фэйсбүүкчид дээр” хэмээн бичжээ.
Түүний оновчтой үг хэллэг үүгээр дууссангүй. “Тавантолгойг тав хуваавал алдана, таван сум шиг багцалж ашиглавал ононо” гэж Алунгуа эхийн сургаалийг шинэчилж уул уурхайн бодлогын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Монголчууд Алангуа эхийн сургаалийг эртнээс үр хүүхэддээ сургаж ирсэн бидний гол аффоризм гэхэд болно. Тиймээс энэхүү сургаалаас сэдэвлэсэн дээрх үгээр монголчууддаа нэгийг сануулахыг хүсчээ.
Мөн цагаан сараар “Зээ, ирэх жилдээ монголчууд маань Тавантолгой, Оюутолгой гэж талцахгүй, бонд монд гэж хөөрөлгүй, хүн бүр дор бүрнээ өөрсдөө сайхан амьдралаа цогцлоож, Засгийг бага харж, зах зээлийг их харж амьдрахын ерөөлийг дэвшүүлье” гэсэн байв.
Мөн тэрбээр уул уурхайн салбарын талаар өөрийн санал бодлоо илэрхийлжээ. Энэ талаар хэлэхдээ “Газрын доорх баялаг бол Монгол Улсын заяагдмал нөөц юм. Гэхдээ Монгол Улс одоо заяагдмал нөөцийн дархлаа дутагдлын олдмол хам шинж гэдэг өвчин туссан байна. Уул уурхайн элийрэлд нийгмээрээ автагджээ” гэсэн байв.
С.Дэмбэрэл гишүүн энэхүү нууц авъяасаа цааш нь хөгжүүлэхээр шийдэж твиттерээс илүү орон зайн хувьд багтаамжтайг нь буюу фэйсбүүкт бичиж байхаа ч илэрхийлсэн байлаа.
Эх сурвалж: www.mminfo.mn
М.Кэйт