УИХ-аас иргэд, бизнес эрхлэгчдийн хамгийн их хүлээж байсан тогтоол мөдхөн батлагдан гарна. Харамсалтай нь татварын өөрчлөлт болон эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай зарчмын шинжтэй ганц нэг заалтыг эс тооцвол үнэн хэрэгтээ энэ тогтоол эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлж санхүүгийн тогвортой байдлыг хангаж чадахгүй. 1800 хүрчихсэн байгаа валютын ханш энэ тогтоол гарснаар тогтворжих уу? Үгүй. Учир нь энэ чиглэлээр нэг ч заалт ороогүй. Эдийн засаг хүндэрч, бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж буй хүнд хэцүү нөхцөлд иргэд үнийн өсөлтийг саармагжуулах, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тодорхой зүйлүүд хүсэн хүлээж байгаа.Тэр хүлээлт бас талаар болох нь. Бичил, жижиг дунд бизнесийнхэн татвар, гааль, хяналт шалгалтын дарамтыг яг яаж, хэзээ зогсоох талаар тодорхой шийдэл хүлээж байгаа. Тэр нь тодорхой бус. 888 гэсэн “шидэт” тоо ярьсаар бараг бүтэн улирал өнгөрлөө, төслөө сугавчлан банкуудын хаалга сахисан бизнес эрхлэгчдэд тодорхой шийдэл хэрэгтэй, тэр нь бас л удааширсаар. Болзошгүй хямралын өмнө байгаа улс орон асуудалд ийм “уужуу” ,”хүлээцтэй” хандаж болмооргүй... Би өөрөө ажлын хэсгийн гишүүн байсан. Дор дурдсан иж бүрэн саналуудыг ажлын хэсэгт санал болгосон, харамсалтай нь ажлын хэсэг, байнгын хороон дээр олонхийн дэмжлэг авч чадаагүй учир нь тэд хэрэгжиж байгаа, тусгагдсан гэдэг инээдэмтэй шалтгаанаар дэмжсэнгүй, Гэтэл батлагдсан тогтоолд нь угаасаа Засгийн газар хэрэгжүүлж байгаа, бодлогод нь тусгагдсан заалтуудыг “тавтология” байдлаар давтаад байдаг...Тийм учраас бизнес эрхлэгчид, иргэдэд миний саналуудыг уншиж, дүгнэж цэгнэх боломж олгох,УИХ, Засгийн газарт цаашдын үйл ажиллагаандаа санаа аваасай гэсэн үүднээс энэ саналуудаа нийтэлж байгаа юм.
Tweet