УИХ-ын намрын ээлжит чуулганы 2014 оны 1-р сарын 9-ны өдрийн Нэгдсэн хуралдаанаар “Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд“-ийг УИХ-аар хэлэлцэх эсэх тухай асуудал яригдах үед:
С. Дэмбэрэл: Аюултай заалтууд орж ирсэн байна. Юуны өмнө үүнийг хэн оруулж ирсэн бэ? Монголбанк оруулсан байх гэж би таамаглаж байна. Ийм балай зүйл орж болохгүй. 166-р зүйлийг бүгдийг нь хасах хэрэгтэй. Энэ бол өвчлөл, юу ч мэддэггүй хүмүүсийн өвчлөл. “Хамгийн их дарлагдсан ард түмэн” болох бизнесийнхэний талаар ямар мэдээ өгч байгаа юм бэ? Нөгөө ухаалаг төр чинь хаана байна? Ийм балай юм оруулж ирэхээ боль. Тийм учраас үүнийг би эсэргүүцэж байна. Дөнгөж сая Х.Тэмүүжин сайдтай ярилцсан чинь, сайд бас үүнийг эсэргүүцэж байна. “Үүнийг Монголбанк оруулсан юм шиг байна” гэж байна. Алдаа гаргаж болно, ойлгоод хасах ёстой. Ялангуяа Эдийн засгийн байнгын хороо болон бусад хороодод ч энэ хамаарна. Ийм чанаргүй, эсрэг зүйл оруулж ирдэг ийм юмыг ер нь таслан зогсооё. Х.Тэмүүжин сайдыг сая би магтсан. Буруугаа дор нь ойлгоод, үүнийгээ больё гэж байна гэж магтаж байгаа юм. Энэ зөв. Гэхдээ энэ ямар байнгын хороогоор орох юм бэ? Цаашид иймэрхүү балай юм оруулж ирэхгүй байх хэрэгтэй. Монголбанкинд хатуу хэлмээр байна. Дахиж ийм хүний эрх чөлөөнд халдсан, бизнесийн хязгаарлагдмал байгаа өчүүхэн эрх чөлөөг нэмж боймилсон юмыг битгий оруулж ирж байгаарай. Тэгсэн мөртлөө мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тэр заалт маань банкны системийн тогтвортой байдлыг хангах гэсэн болохоос биш, өрсөлдөөний тухай хуулинд тодорхой байж байдаг хуулиараа зохицуулагддаг зүйлүүдийг эрүүгийн хуулинд авчирж оруулаад эрүүгийн гэмт хэргийн шинэ зүйлүүдийг тусгаж, эрүүжсэн Монгол улс болгох заалтуудыг оруулж ирж байгаа бол маш буруу. Тийм учраас хуулийг цаашид хэлэлцэхийг ерөнхийд нь дэмжиж байна. Гэхдээ эсэргүүцэж байгаа зүйлүүдийгээ зүйл заалтаар нь хэллээ шүү. Өөрөөр хэлбэл, эсэргүүцэн дэмжиж байна гэсэн томьёололоор. 166-гийн мөнгө угаахтай холбоотой асуудлыг бид сайн ярилцаж байгаад дэмжиж болно. Нэг зүйлийг сануулъя. Саяхан бид маш их эв санааны нэгдэлтэйгээр Монгол Улсад маань хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гээд, Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад иймэрхүү төслийн хэмжээнд орж байгаа энэ заалтууд хүртэл ямар ойлголт төрүүлэх вэ? Юу гэж бодох вэ? “Энэ улс чинь ганцхан арга л мэддэг юм байна, шоронд оруулах эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300-500 дахин нэмэгдүүлэх гэсэн ийм л заалттай, ямар сонин, хөгийн улс вэ” гэж бодохоор байна. Дотоодын бизнес эрхлэгчид нь “биднийг улам дарлах гэж байна, ерөнхийлөгч нь худлаа хэлдэг юм байна, Ухаалаг төр нь ч худлаа юм байна...” гэж бодохоор ийм заалтуудыг оруулж ирж байна. Цаашид иймэрхүү юмыг хуулинд оруулж ирэхдээ өөрийнхөө хийж байгаа юмны эсрэг битгий юм хийгээч. Ухаалаг төрийн төлөө, засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн зохицуулалтын реформ, хүнд суртлыг арилгах, үүнд садаа болж байгаа зүйлсийн эсрэг байх хэрэгтэй. Сүүлийн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар яг ийм заалтуудаар ерөнхий сайдын толгойг эргүүлж эхэлсэн. Ерөнхий сайдын сүүлийн 3-4 удаагийн ярилцлагаас үзэхэд ерөөсөө хамгийн гол аюул бол шударга бус өрсөлдөөн гэж үзээд байгаа. Энэ бол буруу ойлголт. Хамгийн зөв ойлголт бол, Монгол улсад шударгаар өрсөлдөх орчин нөхцлийг төр нь өөрөө бүрдүүлж өгөхгүй, төр нь өөрөө бизнес хийгээд, түмэн олныхоо бизнесийг дарамтлаад эхэлсэн. Тийм учраас бид Ухаалаг төр лүү шилжье гэсэн. Ийм байдалтай байхад иймэрхүү зүйлүүдийг зүгээр төсөл маягаар оруулж ирж байгаа нь маш буруу юм биш үү? Баярлалаа.
Төсөлд орж ирсэн заалт:
3/1662 дугаар зүйл.Зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашиглах
1662.1.Зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашиглаж өрсөлдөөнийг хязгаарлах, устгахад чиглэсэн хэлцэл хийж, үгсэн хуйвалдаж зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон, бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас хэт доогуур үнээр борлуулсан, өрсөлдөгч аж ахуйн нэгж, иргэний аж ахуйн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1662.2.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
4/1663 дугаар зүйл.Зах зээлийн үнэ хөөрөгдөх
1663.1.Бараа, бүтээгдэхүүн, эд хөрөнгө, түүхий эд, үйлчилгээ, мөнгө, валют, үнэт цаасны зах зээлийн үнийг зохиомлоор өсгөх, эсхүл бууруулах зорилгоор худал мэдээлэл тараасан, эсхүл бараа, бүтээгдэхүүн, эд хөрөнгө, түүхий эд, үйлчилгээ, мөнгө, валют худалдсан, худалдан авсан, гүйлгээ хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1663.2.Энэ гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас гурван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1663.3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
5/1664 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах
1664.1.Хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг хувьцаат компаний нийтэд зарлаагүй мэдээллийг ашиглан уг компаний хувьцаа, үнэт цаасыг борлуулсан, худалдан авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 1661, 178 дугаар зүйлийг дараах байдлаар дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1661 дүгээр зүйл:
“1661 дүгээр зүйл.Мөнгө угаах
1661.1.Гэмтхэргээс хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1661.2.Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1661.3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”