2013 оны 12 дугаар сарын 10-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 10 тоот тогтоол гарч, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг УИХ-ын Чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Б.Наранхүү, Л.Цог, Х.Тэмүүжин, М.Энхболд нар орж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж томилогджээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэг байгуулагдсан бөгөөд бүрэлдхүүнд нь Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Э.Хангай, Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн хэлтсийн дарга О.Батбилэг, Тагнуулын ерөнхий газрын Эрх зүйн хэлтсийн дарга Ц.Хүрэлбаатар, ҮАБЗ-ын ажлын албаны референт Ч.Энхбат, Монголбанкны Эрхзүйн газрын ахлах мэргэжилтэн Т.Дэлгэрхүү, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн экспертийн албаны зөвлөх Д.Энхбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны зөвлөх М.Элбэгдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт С.Энхцэцэг нар оржээ. Ажлын хэсгийнхэн дүгнэлт, санал боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороонд 2013 оны 12 сард багтаан танилцуулах юм байна.
Tweet