Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл:Нэгдүгээрт, энэ маш чухал бодлогын баримт бичиг. Дэлхийн улс орнууд хүнс хөдөө аж ахуйн бодлогын баримт бичигтээ онцгой анхаарч, дэлхий даяар 2050 он хүртэлх төсөөллийг гаргасан байгаа. Үүнийг та бүхэн бодлогын баримт бичиг оруулж ирэхдээ хэр зэрэг харгалзаж үзсэн юм бол?
Хоёрдугаарт, Монгол улсын сүүлийн 100 жилийн хөгжлийн процессыг судлаад үзэхэд, газар, капитал, хөдөлмөрийн хүч гэсэн үйлдвэрлэлийн гурван хүчин зүйл бий. Хөдөлмөрийн хүч, капитал тодорхой хүчин зүйлийнхээ хувьд эргэлтэнд орж байна. Гэтэл газар үйлдвэрлэлийн хүчин зүйл гэдэг талаасаа их тааруу эргэлтэнд ордог. Өөрөөр хэлбэл, газар түүний ашиглалт, үр ашиг талаасаа тааруу байна. Хөдөө аж ахуйн, хүнс хөдөө аж ахуйн урт хугацааны бодлогыг боловсруулаад, Улсын Их Хуралд оруулж байгаа нь Монгол Улсын Их Хурлаар одоо хэлэлцэгдэж байгаа урт хугацааны 2040 он хүртэлх хөгжлийн бодлоготой нэг гол бүрэлдэхүүн хэсэг болж орсон бодлоготой уялдах ёстой. Энэ талаасаа Улсын Их хурал дээр хэлэлцэгдэж байгаа бодлогын баримт бичигтэй энэ бодлогын баримт бичиг яаж уялдсан юм бэ?
Гуравдугаарт, Газарзүйн заалтын тухай хууль бий. Хөдөө аж ахуйд 2030 он хүртэл газарзүйн заалттай ямар бүтээгдэхүүнийг , ямар брэнд бүтээгдэхүүнүүдийг гаргах юм бэ, хэрэв цаашид экспортын бүс байна гэвэл газарзүйн заалт бүхий бүтээгдэхүүнүүдийг яаж цааш нь бий болгох юм бэ гэдэг асуудал. Мөн органик хөдөө аж ахуй, органик хүнс гэдэгтэйгээ яаж холбосон юм бэ? Өнөөдөр Монголчуудын эрүүл мэндийн асуудал дээр хүнсний ногоо, ялангуяа хүнсний нарийн ногоо хэрэгтэй байна. Үнэндээ бид нар үндсэн ногоороо хэрэгцээгээ хангаж байна. Гэтэл нарийн ногоог зун, хаварын улиралд л хэрэглэж байна. Хүнсний нарийн ногоо маш сайн ургадаг, гэхдээ том аж ахуй нэгж гэхээсээ илүү ард иргэд ургуулж байна. Хүнсний нарийн ногоо таоьж байгаа ард иргэд, жижиг аж ахуй нэгжүүдийг дэмжсэн хүнсний нарийн ногоог ургуулах, зах зээлд нийлүүлэх талаар ямар бодлого тусгагдсан юм бэ?
Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг өөрөөр хэлбэл дунд анги нэмэгдэхийн хэрээр энэ чиглэлийн бүтээгдэхүүний эрэлт улам өсч байна. Ч.Хүрэлбаатар гишүүний хэлсэн импортыг хамгаалах гэдэгтэй санал нэг байна. Бид өнөөдөр import protectionism гэхээсээ илүү тодорхой төрлийн хүнсний бүтээгдэхүүн дээр нэрлэсэн болон бодит protectionism түвшин ямар байх юм бэ гэдгийг тодорхойлж байж энэ асуудлыг олон улсын түвшинд ярьдаг. Энэ талаасаа хамаагүй, ач холбогдолгүй өгүүлбэр хиймээргүй байна. Үүнийгээ явцын дунд засвал яасан юм бэ?
Тавдугаарт, хөгжлийн санхүүжилтын асуудлын ямар хэлбэрүүд орсон бэ? Төр хувийн хэвшлийн түншлэл, бондын асуудалаас гадна санхүүгийн бусад арга хэрэгслүүдээр хөдөө аж ахуйн хөгжлийг яаж санхүүжүүлэх юм бэ? Урт хугацааны санхүүжитын асуудал манай улсад маш дутуу орж ирж байгаа. Тийм учраас энэ хэлэлцүүлгийн явцад хөгжлийн санхүүжилтын ямар хэлбэрүүд байх юм бэ? Монгол улсын урт хугацааны хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогод хөгжлийн санхүүжилтын ямар хэлбэрүүд боломжтой талаас нь хэд хэдэн өгүүлбэрээр тусдаа бүлэг болгож оруулаж өгөх тийм боломж бий юу? Чөлөөт бүсийн газар нутгийн хэмжээг багасгах шаардлагатай байх, энэ тал дээр тийм боломж байгаа юу? Өөрөөр хэлбэл, халх голын район талаасаа бодсон ч гэсэн тогтвортой хөдөө аж ахуйн бодлого гэж ярьж байгаа бол ногоон хөгжлийн бодлоготой хэрхэн уялдах юм бэ?
Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа: Бодлого бол олон улсын чиг хандлагатай нийцсэнээр хийж байгаа. Дагалдан гарч байгаа хуулиуд ч гэсэн. Эрүүл мэндийн тогтолцоо болон авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ урьдчилан сэргийлэх зааварчилгаа гарсан үед хэрхэн шуурхай арга хэмжээ авах, хэн ямар эрх хариуцлагатайгаар оролцох бэ гэсэн олон улсын чиг хандлагын дагуу хийгдэж байгаа. Газар, капитал, хөдлөх хүч гээд үүнтэй холбогдуулан үнэхээр газрын үйлдвэрэлийн хүчин зүйл дээр тааруу байгаа гэдэг дээр санал нэг байна. Бид үүнийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулан оруулж ирж байна. Тухайлбал газар тариалангийн тариалан эрхлэж байгаа хүмүүст бид жимс, төмс, хүнсний ногоо, эрхэлж байгаа хүмүүстээ өмчлөлийн асуудлыг ярьж байна. /Тарифны тухай хуулинд оруулж ирэхээр бид бэлдэж байна/ Мөн тариалангийн аж ахуй эрхэлж байгаа иргэн аж ахуй нэгжид урт хугацаагаар эзэмших ашиглах эрхийг зах зээлийн зарчимд нь нийцүүлэн барьцаалан зээл авах хэлбэрүүдийг нь нээж өгье, мөнагуулахад суурилсан хөдлөх эд хөрөнгөний барьцаалах болон хөдөө аж ахуйн салбар, бусад санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх гэсэн энэ олон арга хэлбэрүүдийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй гэж байгаа.
Тантай санал нэг байгаа өөр нэг асуудал бол хөдөө аж ахуйн салбарын санхүүжилт бол одоо түр зуурын хэлбэртэй, чанар биш, тоонд суурилсан байна. Мөн урт хугацааны байж чадахгүй байна.
Мөн тодорхой хэмжээнд аж ахуйн эрхэлж байгаа хөдөө аж ахуй салбарынхандаа Чингис бондын болон бусад үнэ тогтворжуулах гол нэрийн барааг дэмжсэн санхүүжилт өгсөн. Гэхдээ цаашид анхаарах ёстой зүйл бол богино хугацааны зээл, хөрөнгийн эх байгаад байдаг, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт нь дутагддагаасаа болоод, гүйцэд бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байдаг. Хөдөө аж ахуйн эрчимжсэн аж ахуй эрхлэе гэхээр тоног төхөөрөмж асар их үнэтэй байдаг. Бусад улс орноос тэргүүний технологи, төхөөрөмжүүдийг оруулж ирэхэд санхүүгийн лизинг түрээсийн бусад хөнгөлөлттэй нөхцөлүүдийг оруулж ирэх нь зүйтэй гэж үздэг.
Мөн хөдөө орон нутагт орон нутгийнх нь төсөв хөрөнгийг энэ чиглэл дээр ихээхэн нэмж өгье. Үүн дээр тодорхой бодлого дээр орж өгсөн байгаа. Мөн өөрсдөө орон нутагтаа малчид маань бэлчээрээ сайжруулах, худаг усаа гаргах, өлийн цагаан оготно царцаатай тэмцэх, малынхаа үүлдэр угсааг сайжруулах, эрүүл мэндийн асуудал дээр ч гэсэн хураагдсан татвараасаа буцаагаад ашигладаг хэрэглэдэг, боломж бололцоог нь нэмж өгье гэсэн санхүүжилтын хэлбэрүүд байна. Газарзүйн заалттай бүтээгдэхүүнийг бид органик хүнсийн тухай хуулин дээрээ тодорхой зааж өгсөн байгаа. Органик хүнсний тухай хууль маань Улсын Их хуралд ирэх долоо хоногт Байнгын хороогоор ороод хэлэлцэгдэх болов уу.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet