Татварын ерөнхий хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар Монгол Улсад татварыг төгрөгөөр ногдуулж, төлөхөөр заасан байдаг.
Гэтэл Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ам.доллараар онцгой албан татварын хэмжээг тогтоосон бол Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тогтоосон. Улмаар ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол ам.долларын ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ам.долларын ханшийн хэлбэлзэл нэмэгдэж байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоох зорилгоор Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлсэн. Хэдийгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийн явцад буцаан татсан боловч онцгой албан татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ам.доллараар тогтоосон онцгой албан татварыг төгрөгөөр ногдууах хүсэлтийг удаа дараа ирүүлснийг харгалзан үзэж, хуулийн төслүүдийг дахин өргөн барьж байна.
Эдгээр хуулиуд батлагдснаар хууль хоорондын зөрчил арилж, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт өсөхгүй болно. Харин аж ахуйн нэгжүүдийн төлбөл зохих татвар, төлбөрийн хэмжээ ханшийн хөдөлгөөн дагаж хэлбэлзэхгүй, тогтвортой байх бөгөөд төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээ мөн адил ханшийн хөдөлгөөн дагаж хэлбэлзэхгүй тогтвортой болох юм. Улмаар аж ахуйн нэгжүүд хувьд төсөвт төлөх татварын хэмжээг тооцох, татварын тайлан гаргах, тооцоо хийхэд илүү энгийн, хялбар байх болно.
Түүнчлэн хуулийн төсөл батлагдан гарснаар валютын зохиомол эрэлтийг бий болгохоос сэргийлж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад эерэг нөлөө үзүүлэх болно.
САНГИЙН ЯАМ
Жич: Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хавсралтаас нээн үзнэ үү/beta/upload/files/ashigtmaltmal (1).docx
Tweet