Улсын Их Хурлын 2013 оны Хаврын ээлжит чуулганы Байгаль Орчин, Хүнс Хөдөө Аж Ахуйн байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс.”Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.
С.Дэмбэрэл: -Улсын Их Хурлаар орж ирдэг баримт бичгүүд 2 хувь заяатай байдаг юм шиг байгаа юм. Нэг нь бол хэрэгждэг, нөгөөдөх нь бол хэрэгждэггүй гэсэн. Тэгэхээр энэ баримт бичгийн маань орж ирсэн бүтэц нь болохоор нөгөө хэрэгждэггүй уруу орох бүтцийн магадлалтай. Яагаад гэвэл олон жил бид нарын баримт бичиг боловсруулж ирсэн энэ хэлбэр маань өөрөө нэг иймэрхүү байдалтай байдаг юм билээ. Энэ бол боловсруулсан хүмүүсийн ч гэдэг юм уу, Засгийн газрын ч буруу биш. Зүгээр засгийн газар асуудалд хандах хандлагаа өөрчлөө л гэсэн үг.
Хоёрдугаарт бол цаг хугацааны хувьд, концепцийн хувьд бол 2032 он гэсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр одоо бид чинь яг үнэндээ хэлэхэд бол 2020 он хүртэл харж чадахгүй байгаа шүү дээ. Тийм учраас 2014 он болж байна. Дараагийн 6 жил максимум тэрний дараах 4, 5 жил гээд 2025 он гэж наашлуулах. Тэгэхгүй бол 2032 онд ингэчихнэ гэсэн ийм ирээдүй цаг дээр зүйлүүд их байна лээ. Энэ талаасаа бол өөрчлөх шаардлагатай.
Гуравдугаарт бол ерөнхийдөө энэ хөтөлбөрийг харахад, би түрүүн хэлсэн бүтцээс гадна тавьсан зүйлүүд нь тооцоо судалгаа муутай. Засгийн газар оруулж ирж байгаа гэхэд оролцоо их муутай, ганцхан Оюуны яам голдуу ажиллачихсан. Оюуны яам дотроо манай эрдэмтэд нэлээд ажилласан юм шиг байгаа юм. Түрүүний Адъяасүрэн гуайн ярьдаг тэр өө энэ зүгээр зүгээр, бүх яамдыг шахчихна гэж шал худлаа. Хэзээ ч шахаж чадахгүй. Яагаад гэвэл өнгөрсөн практикаа бод. Тийм учраас яамдын оролцоог илүү хангах ёстой.
Маш олон тооцоо судалгаанууд нэмж хийх, тэгээд одоо байгаа энэ өнөөгийн төлөв байдлыг дотор нь тэргүүлчээд түүндээ суурилаад 2013-2016, 2016-2020, 2020-2025 гэсэн, 2020-2025 -д нь хамгийн бага зорилтууд байхаар энэ зундаа ажиллах ёстой. Дээр нь жишээлбэл, Улсын Их Хурлаар орж байгаа тохиолдолд бол өнөөдрийн байдлаар ийм байна, цаашдаа эрх зүйн хувьд ийм ийм хуулийг шинээр боловсруулах, ийм ийм хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн тийм жагсаалт байх ёстой. Жишээлбэл одоо Засгийн газар, Засгийн газрын худалдан авалтын тухай хуулинд өөрчлөлт оруулах гээд онол барисан байгаа.
Тэрэн дээр нөгөө ногоон худалдан авалт гэдгийг яаж суулгах юм, энэ нь цаашдаа 2014- оноос яаж албажаад эхлэх юм, тендерийн байгууллагын үүрэг оролцоо нь ямар байх юм, энэ чиглэлийн асуудлууд орж ирэх хэрэгтэй. Нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл гээд байна. Статистикийн тухай хуулинд ямар өөрчлөлт орох юм, статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлд нь Монгол Улс жил бүр ДНБ-ийг л тооцоолно гэсэн байгаа. Намраас статистикийн тухай хуулинд өөрчлөлт оруулна гэж байгаа. Түрүүн ярьсан. Байгаль орчны байнгын хороон дээр 2 зорилт бүхий ажлын хэсэг байгаа. Түүнийг би ахалж байгаа. Гэхдээ энэ бол маш хэцүү ажил. Үнэхээр түүхий байна. Энэ зундаа сайн ажиллах ёстой. Ялангуяа тэр хэмжих хэсэг дээр, Монгол Улсад Ногоон хөгжилийг хэмждэг үзүүлэлтийн систем байхгүй.
Янз янзын индекс ярьж болно гэхдээ энэ бодит амьдрал дээр яаж нийцэх вэ гэдэг дээр бодитой байх ёстой. Макро төвшинд ямар байх юм, микро төвшинд эко үр ашгийн индикаторуудыг ямар хуулинд яаж суулгаж өгөх юм, санхүүжилт нь ногоон гээд хийчихээр болчихдог эд биш. Банкны тухай хууль, төв банкны тухай хууль, энэ төсвийн тухай хууль гэх мэтийн энэ хуулиудад ямар санхүүгийн хөшүүргүүдийг ямар байдлаар эрх зүйн хувьд яаж хийх юм гэх мэт. Эцэст нь институц хоорондын уялдаа байхгүй гэдэг нь энэ хурлаас харагдаж байна. Нэг талаас бол институц хоорондын уялдаа гэдэгт Их Хурал, Засгийн газар, Засгийн газар дотроо, Их Хурал дотроо ийм уялдаа байхгүй нь бид нарын хандах хандлагаас харагдаад байна л даа.
Жишээлбэл институцийн хувьд бол хэдийгээр бид Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэж байгуулсан нь их том дэвшил болсон ч гэсэн яг одоогийн байдлаар нэг жил орчим хавьцаа туршаад байдлыг харж байхад бусад яам хоорондоо уялдах, Монгол Улсын цаашдын хөгжлийн асуудал дээр энэ яамны чиг үүрэг, зохицуулах үүргийг нь бүр тодруулж өгөх шаардлага байгаа юм. Бодит амьдрал дээрээс харахад. Тийм учраас гоё нэртэй, бага санхүүжилт авдаг тийм яам болж дараагийн 4 жилд явах юм уу, эсвэл үнэхээр ногоон хөгжил, ногоон эдийн засгийн өсөлт дээр Эдийн засгийн хөгжлийн яам болон бусад яамдтай хамтарч энэ дээр тэргүүлэгч үүрэг гүйцэтгэдэг тийм яам болж орох юм уу гэдэг нэг асуудал байна.
Сая Батболдын ярьж байдаг зүйл, уншаагүй ч гэсэн маш чухал асуудлуудыг хөндөөд тавьчихлаа. Өнөөдрийн сэтгэлгээ ийм байгаа. Зөрчилдөх үү, эвцэлдэх үү гэж. Ихэнх хүмүүс эвцэнэ гэж бодож байж магадгүй. Гэтэл эвцэлддэг зүйлийг бид эвцэлдээг нь баталсан юм алга байна. Энэ ногоон эдийн засаг ногоон хөгжил гэдэг чинь байгаль орчин уул уурхай дээрээ түшиглэсэн манай хөгжлийн загварт харшлахгүй, харин ч энийг түргэсгэж болох ийм хөгжлийн загвар шүү гэдгийг баталсан, нотолсон энийгээ тэгээд тоо болон бусад заалтуудаар илэрхийлсэн ийм баримт бичиг байх ёстой. Тийм учраас миний санал бол түрүүний Бакей гишүүний хэлсэнтэй ижилхэн, Яамдын оролцоог сайн хангасан Их Хурлын тийм суурь баримт бичгийг баталмаар байна гэсэн санал байна.
Tweet