Монгол Улсын Их Хурлын 2016оны хаврын ээлжит чуулганы 2016 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн / Пүрэв гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Би ер нь хэд хэдэн зүйлийг дэмжихгүй, хэрэв үүнийг оруулчихвал дэмжинэ гэдгийг л хэлэх гэсэн юм. Одоогийн байгаа хэлбэрээр нь дэмжихгүй гэсэн үг л дээ.
Нэгдүгээрт, Мянган жил тэжээж, нэг өдөр хэрэглэнэ гэдэг билүү? Энэ хуучирсан. Орчин үеийн батлан хамгаалахын үзэл баримтлал энэ биш болсон гэж би бодож байна, тэр утгаар ч орж ирсэн байх гэж бодож байна.
Хоёрдугаарт, Хэрэв өнөөдөр та бүхэн ДНБ-нд батлан хамгаалах салбарын оруулж байгаа хувь нэмрийг үзээрэй, бүр олон жилээр. Ерөөсөө өөрчлөгдөөгүй өчүүхэн жаахан юм байгаа. Өөрөөр хэлбэл батлан хамгаалах салбарыг түрүүн зарим гишүүн дурьдана билээ. Бас нэг эдийн засагжуулах энэ зүйлүүд орсон байх гэж бодож байна. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн батлан хамгаалахын аж үйлдвэрлэл, дээр нь инновацийн тухай ярьсан. Гэхдээ тэр инноваци гэдэг зүйл бол одоо Монголд орчуулдаггүй инновацитай ихэр явдаг тэр зүйлийг хөгжүүлэхгүйгээр Батлан хамгаалахын салбарт тэр чиглэлийн хууль эрх зүйн үндсийг тавихгүйгээр явахгүй ээ. Тийм учраас үүнийг бас анхаарах нь зүйтэй.
Батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэл гэж юу юм бэ? Өнөөдөр учир зүггүй Америк, Орос шиг манайд тийм суурь байхгүй. Гэхдээ тэнд хүний нөөцийн потенциал байж болно. Энэ талаас нь бодож импортыг орлох, экспортод чиглэсэн ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох энэ зүйлийг Батлан хамгаалахын салбарт зүгээр нэг цэргийн хувцас оёдог үйлдвэрээр хязгаарлахгүйгээр энэ талаас нь бодож хүмүүсийн потенциалыг ашиглах хууль эрх зүйн заалт орох ёстой. Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа нэг инженер хүн өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг, тэр бүтээлч устгалтыг энэ салбартаа оруулж байх ийм эрх зүйн үндсийг тавьж өгсөн байх ёстой. Су.Батболд гишүүн түрүүн “байгаль орчин” гэж ярилаа. Хэрэв би энэ хуульд ороод ажилласан бол жишээлбэл ногоон батальонууд байгаль орчныг батлан хамгаалдаг, цөлжилтийн эсрэг батлан хамгаалдаг энэ үйл ажиллагааг дэмжиж өгнө. Ийм үйл ажиллагаа маш их хэрэгтэй зүйл болно. Энэ талын санаачилгыг өрнүүлэх эрх зүйн үндэс байна уу? Үүнийг тавьж өгөх ёстой. Дээр нь 18 настай хүүхэд өнөөдөр цэрэгт очлоо, жил боллоо. Энэ хооронд биеийн тамир муутай, жилийн дараа биеийн тамир сайтай байх ёстой, оюуны тамир муутай, жилийн дараа оюуны тамир сайжраад гардаг ийм насан туршийн боловсролын дамжлага бааз нь, хамгийн чухал дамжлага бааз нь бас батлан хамгаалах салбарт гарч байх ёстой. Сайхан цуйван идээд, жагсаад, буу буудаж сайн сураад, их буу, танк ажиллуулж сурах, энэ бол зөв. Гэхдээ хүн дараа нь ирээд гэр бүлээ тэжээнэ, ажилтай болно, мэргэжилтэй болно гэдэг энэ дамжлага бааз дээр нь хамгийн их анхаарал тавьж байвал энэ салбарт Монгол Улсын хүний хөгжлийг хөгжүүлэхэд их чухал салбар юм. Их нөөц байгаа. Энэ талаас нь бид нар батлан хамгаалах салбар гэдгийг харах нүд их дутагдаад байгаа юм. Би бол тэгж хардаг. Би Батлан хамгаалахын сайд байсан бол өдийд би 5 эко батальон байгуулчихсан байх ёстой. Энэ бол нэг яамтай гэрээ байгуулах асуудал биш. Үүнийг хийгээд, энэ цэргүүдэд эх оронч хүмүүжил гэдэг чинь байгаль хамгаалах хүмүүжил, байгалиа хайрлах хүмүүжил юм. Орон нутагт байгаа тэр цөлжилтийн процессыг бүгд харж байгаа юу? Харж байгаа. Энэ дээр тэр цэргийн ангиуд санаачилга гаргаад ажилладаг тийм эрх зүйн үндэс бас байх ёстой.Иймэрхүү зүйлүүд оруулж байж, өөрөөр хэлбэл инноваци нь ч байдаг, аж үйлдвэрлэлийн суурь нь ч тавигддаг, хүний нөөцийн асуудал нь ч бас тавигдаж байдаг, ийм хүчирхэг салбар, хүчирхэг батлан хамгаалах, цэрэг дайны зөвхөн утгаараа биш, Монгол Улсын хөгжлийг батлан хамгаалдаг ийм салбар байгаасай гэж энэ утгаар нь заалтууд ороосой гэж л би бодож байна. Тэгээд ийм байвал би дэмжинэ. Баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet