Монгол Улсын Их Хурлын 2016оны хаврын ээлжит чуулганы 2016 оны 5 дүгээр сарын 04-ны өдрийн / Лхагва гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ үргэлжилнэ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Баярлалаа. Энэ асуудал бол маш их ойлгомжтой л асуудал байна. Өдөр болоод шөнө болдог. Бид өдөр болгон цай уудаг. Нар дорно зүгээс манддаг гэдэг шиг л их тодорхой асуудал. Ийм тодорхой юмыг ийм тодорхой биш байдалд оруулсан гэдэг нь Монголын улс төрийн шинжлэх ухааны үгийг манай Их Хурал дээр огт тусгадаггүй гэсэн үг байна. Мөн улс төр судлаачдын зөв бичээд байгаа зүйлийг анхаарч сонсдоггүйн гай гэж бодож байна.
Яг үүнтэй холбогдуулаад улс төр судлаачид, Үндсэн хууль судлаачид цуглараад хамгийн зөв гаргалгаануудыг хэлсэн байна лээ. Үүнийг ч та бид нар бүгд мэдэж л байгаа. Гэхдээ ийм асуудал нэгэнт орж ирээд ингээд өнөөдөр бөөнөөрөө сууж байна. Гэхдээ би энэ бөөнөөрөө сууж байгааг далимдуулаад хэдэн үг хэлмээр байна. Мэдээж бид асуудлыг бид ямар нэгэн байдлаар шийдэх байх. Гэхдээ бид 4 жил болоод огт шийдээгүй хэд хэдэн асуудал байна. Та бүхэн бүгд тойрог дээрээ очиж байгаа. Сонгогчидтойгоо уулзаж байгаа. Түүн дотор чинь бизнесийн хүмүүс байж байгаа. Энэ 4 жилд татварын шинэчлэл хийнэ гэж 2 нам хоёулаа амласан. 2 гол нам. Одоо хүртэл хийгдээгүй байна. Үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ? Энэ 4 жилд бизнесийн орчныг сайжруулъя, хяналтын системийг сайжруулъя, зөвшөөрлийг хялбаршуулъя гэж бүгд намууд амласан. Хуулиуд нь орж ирээд зарим хууль нь ингээд гацаад бас одоо удахгүй тарах гэж байна. Яагаад хийгээгүй байгаа юм. Сонгогч дээрээ очоод юу гэж хэлэх вэ? Бид энэ 4 жилд татварын шинэчлэл хийх ёстой байсан амжсангүй. Сонгуулийн тогтолцоо ярьсаар байгаад таарлаа гэж хэлэх юм уу. Бид энэ 4 жилд зөвшөөрөл, хүнд суртлыг байхгүй болгоё гэж ярьсан. Үүнийгээ бас амжсангүй. Сонгуулийн тогтолцоо ярьсаар байгаад таарлаа гэж ярих юм уу гэх мэтээр хүмүүсийн амьдралд илүү ойрхон хүмүүсийн амьдралыг сайжруулах, ажиллах орчныг нь сайжруулах, орлогыг нь нэмэгдүүлэх, орлогыг нь ядаж тогтвортой болгох ийм хуулиуд байгаад байгаа.
Удахгүй Их Хурал тарна. Энэ тохиолдолд хоёр намын бүлгээс би хүсэлт тавьж байна. Ард түмэнд хэрэгтэй, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хуулиудыг хоёр талаасаа шахаад нөгөө хэлэлцэж ярьдгаараа яриад, ажлын хэсэг байгуулдгаараа байгуулаад тэгээд бушуухан яг өнөөдрийн олноороо цугларсан шиг шуурхай цуглаад шийдээд яваасай гэж хүсэж байна. Үүнийг та бүхнээс хүсэх гэсэн юм. Баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet