Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2016 оны 1дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Эдийн засгийн орчны шинэчлэл гээд бас л улс төрийн намуудын оролцоотойгоор татварын орчин, бизнесийн орчин, одоо бид хэлэлцэх гэж байгаа хяналтын орчин, саяхан үүний өмнө хэлэлцээд байсан тэр хөгжлийн бодлого гээд. Ингээд ийм том зүйлийг энэ дөрвөн жилд бид нар хийгээд дуусах гэж байна.-Нэгдүгээрт.
Хоёрдугаарт, -Эрх зүйн орчныг. Шүүх, хуулийн байгууллагуудын шинэчлэл гээд ингээд бас хийгээд дуусгаад процесс нь дуусах шат руу орж байна. Бид саяхан Сонгуулийн хууль баталсан. Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гэсэн энэ гурвалжин үүсэж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн орчин нь. Тэгэхээр бид үүнийг ямархуу хандлагаар яасан бэ, дандаа зөвшилцлийн зарчмаар явсан. Жишээлбэл, өнгөрсөн 7 хоногт Г.Батхүүгийн өрөөнд бүх улс төрийн намуудын төлөөлөл сууж байгаад Төрийн албаны тухай хуулийг тал талаас нь ярилцсан шүү дээ. Яг тийм байдлаар ажил хэрэгчээр яриад бүх намуудын төлөөлөл ороод. Цаашдаа ингэж л явж таарна.
Түрүүний миний хөндөх гээд байгаа бас нэг асуудал, улс төрийн намын санхүүжилтын тухай юм. Анх Их Хуралд орж ирээд л миний захиалсан нэг судалгааны ажил байдаг юм. Үүнийг Чулуунбилэг, та бүхэн бас олоод үзчихээрэй. Энэ нь Улсын Их Хурлын Тамгын газар, “Улс төрийн намын санхүүжилтийн тухай” гээд нэг судалгааны ажил байдаг. Энд их зөв санаанууд байдаг юм. Цаашдаа энэ хуулийг хэлэлцэх явцад яаж явах юм бэ, саяын М.Батчимэг гишүүний сануулж хэлээд байгаа тэр зүйлүүдын хариултууд нь байдаг юм.
Нөгөө талаас би Улсын Их Хуралд байгаа намын бүлгүүд, намын бүлэг ба Улсын Их Хурлын төрийн ажлын зааг, энэ хоёрыг энэ хуульд бас жаахан тодорхой зааж өгөхгүй бол яг үнэндээ хэлэхэд, эцсийн дүндээ үүнийг огт хөндөхгүй, энэ дэгийнхээ тухай хуулиар болчихдог юм гээд үзвэл, тэр дэгийн тухай хуульд энэ зарчим чинь алдагдсан байж магадгүй шүү дээ. Энэ талаас нь харж энэ хуулиа хэлэлцүүлгийн явцад. Би энэ асуудлыг байнга босгож тавина. Яагаад гэвэл энэ дөрвөн жилд харж байхад олон удаа Монгол Улсын эрх ашиг гэхээсээ илүү тухайн улс төрийн намуудын эрх ашгаар бас батлагдаж байсан хууль бий. Энэ дээр сая хэлсэн энэ зарчим алдагдчихсан байгаа учраас үүнийг яаж ч чаддаггүй, үүнийг байх ёстой зүйл, мөнхийн байх ёстой зүйл мэт байдаг.
Сонгуулийн хууль дээр бид нар жишээлбэл, пропорциональ ба мажоритар систем дээр маш буруу ойлголт өгчихсөн шүү дээ. Тэнд улс төрийн намуудыг төлөвшүүлэх, пропорциональ систем нь 28 гээд байгаа. Үүнийгээ бид нар их үзэн яддаг шүү дээ. Улс төрийн намын тухай хууль бусад хуулиудтайгаа нэгдэж байж, энэ Монгол Улсад улс төрийн намуудыг төлөвшүүлэх маш том түлхэц болох ёстой л доо. Тэр талаасаа одоо ингээд харахад жишээлбэл, энэ гурвал буюу Сонгуулийн хууль, Төрийн албаны тухай хууль, тэгээд энэ хууль гээд зайлшгүй одоо энэ чуулганаар батлагдвал энэ бол бас нэг улс төрийн реформ болох юм. Дахин хэлэхэд улс төрийн намуудын, парламентад буюу төрийн ажилд орж ирээд, би одоо төрийн албанд гүйцэтгэх засаглалын төвшинд төрийн албыг яаж намжуулдаг энэ бүхнийг яачихсан байх гэж бодож байна.
Санхүүжилтийн асуудал нь үнэхээр санхүүжилтийн хамгийн сайн практикийг авч тэгээд жишээлбэл аягүй их мөнгө өгдөг юм байна билээ гэсэн тийм ойлголт биш, улс төрийн намуудыг улс төрийн төвшний авлигад өртүүлэхгүй байх хэмжээний тийм санхүүжилтийн тогтолцоог л энэ хуулиар бий болгож өгөх нь хамгийн чухал гэж бодож байна. Тэрнээс, үнийн дүнгийн тооноос хамаарч, энэ хамаагүй. Энэ чинь улс орнуудад янз янзаар байдаг юм. Гэхдээ эцсийн зорилго ерөөсөө үүнээс л хамгаалдаг юм билээ. Энэ талаас нь бодож бид нар бас хууль дээрээ сайн ажилласан байх гэж бодож байна. Тэгээд энэ дээр цаашдаа мэдээж Улсын Их Хурлын даргын захирамжаар том ажлын хэсэг байгуулагдах байх. Тэгээд үүнийгээ маш сайхан шуурхай, Ардын намын бүх нөхдөд ингээд зөвшилцлийн зарчмаар явчхаад. Саяхан Г.Батхүү гишүүний өрөөнд ороод бид нар танхимд сайн ярилцаж өгөхгүй байсан. Тэгээд шууд Г.Батхүүгийн өрөөнд сайхан зөвшилцсөн. Ер нь хуйвалдаан биш, тал бүрийн оролцоотой зөвшилцөл гэдэг чинь тэгж л явагдана л даа. Тэр талаасаа манай Байнгын хороо үүнийг анхаараасай гэж бодож байна. Баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet