Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого хэлэлцэх үеэр
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: -Урьд нь энэ асуудал манай Байнгын хороогооор хэлэлцэгдээд анхны хэлэлцүүлгийг хийж байгаад бид нар Засгийн газарт нь тат гээд буцаасан. Бас хүндэтгэх шалтгаан байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Монгол Улсын хөгжлийн талаарх баримтлах урт хугацааны баримт бичгийн агуулгыг би маш сайн мэдэж байна. Яагаад гэвэл ажлын хэсгийн гишүүн учраас. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлдхөгжилтэй холбоотой бүх зүйл орсон. Гэхдээ хүн амын талаар төрөөс баримтлах, хүн амын хөгжлийн талаар, энэ асуудал бол өөрөө зайлшгүй Улсын Их Хурлаар батлагдах ёстой баримт бичиг. Яагаад вэ?
Нэгдүгээрт, хөгжлийн талаарх ерөнхий концепци дотор чинь энэ оруулж ирж байгаа баримт бичиг дээр суух ёстой тэр зүйлүүд. Ерөнхий ганц нэг өгүүлбэрээр хэдэн өгүүлбэр орсон болохоос биш, ингэж дэлгэрэнгүйгээр суугаагүй юм. Тийм учраас энэ нэгдүгээрт.
Хоёрдугаарт, бид уул уурхайн талаар гээд энэ маш олон хөтөлбөрүүдийг дандаа л УИХ-аар баталдаг. Ингэсний үр дүнд төрөөс баримтлах бодлогынх нь баримт бичиг бий болоод, үүнийг нь Засгийн газар хэрэгжүүлдэг л дээ. Тийм учраас үүнийгээ хэлэлцээд, Л.Гантөмөр сайдыг байгаа дээр нь хэлэлцэх эсэхийг нь бушуухан шийдээд явчихъя гэж бодож байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: -Ойлголоо. Урьд нь бид нар хэлэлцэх эсэхийг нь шийдээд анхны хэлэлцүүлгийг хийж байгаа үедээ буцаасан учраас одоо хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд энэ асуудлуудаа яриад явчихъя. Л.Гантөмөр сайд танилцуулгыг нь хийчих. С.Дэмбэрэл гишүүнээр эхэлье.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Энэ чухал баримт бичиг. Энэ бол өөрөө хүн амын өсөлт бусад эдийн засгийн өсөлтүүдээ бодвол хамгийн их магадлал өндөртэй гарчихдаг. Тийм учраас энд нь суурилаад гаргасан бодлого бол уг нь практик ач холбогдолтой, бодитой байх ёстой л доо. Энэ талаас нь цаашдаа бодох ёстой байх гэж бодож байна. Хүн амын хөгжил гэдэг маань эцсийн эцэст хүний хөгжлөөс бас их хамаарна. Тийм учраас хүний хөгжлийн индексийнхээ үзүүлэлтүүдийг тэр хүрэх үзүүлэлтээрээ оны заагтайгаар тодорхой таван жилийг нь ч юм уу, ингээд Монгол Улс 2020 он гэхэд хүний хөгжлийн индексээр төд хүрнэ ч гэдэг юм уу. Тэгээд гол нь хүнтэй холбоотой энэ үр дүнгийн үзүүлэлтүүдийг тавьчихвал, одоо яагаад гэвэл үндэсний хөгжлийн бодлого дээр чинь тэр индексүүд гарчихсан байгаа шүү дээ. Энэ талаас нь.
Хоёрдугаарт, хүний амьдралын тойрон байгаа орчин, өөрөөр хэлбэл, ахуйн амьдралын орчин, жишээлбэл ядуурал, орлогын тэгш бус байдал, тэгээд энэ бүх асуудлуудаар тодорхой үзүүлэлтүүд бас байгаа юм. Глобал үзүүлэлт нь 2030 он гэхэд 15 жилийн дараа ядуурал байхгүй болно гэж байгаа шүү дээ. Монгол Улсад яах юм бэ? Энэ зорилтоо бас тавих ёстой. Орлогын тэгш бус байдал женийн коэффициентээр олон жил гучин хэдэн хувь байсан. Үүнийг яаж өөрчлөх юм бэ? Ямар бодлого явуулах юм бэ гэсэн энэ асуудал бас тавигдах ёстой. Дээр нь хүн амын эмзэг хэсэг, тэгээд дунд анги. Хамгийн ядуу хэсэг хүн амын, дээр нь эмзэг хэсэг, тэгээд дунд анги энэ 15 жилд яаж явах юм бэ? Дунд ангийг бүрдүүлэхийн тулд орлогоор нь болон бусад үзүүлэлүүдээр нь ямархуу бодлогын хандлага байх ёстой юм бэ? Одоо зөвхөн Монгол Улсын Их сургуулийн хийсэн л дунд ангийн тухай ганцхан судалгаа, дундаж орлоготой хүмүүсийн тухай судалгаа байна. Гэтэл танай яаманд бол хүн амын амьжиргааны маш олон баялаг үзүүлэлт байж байгаа, анх удаа хийчихсэн. Өрхийн амьжиргааны төвшин гээд статистикийн 20, 30 жилийн судалгаа байгаа. Энэ бүхэн дээрээ суурилсан, цаашдаа энэ бодлогын уншихад жишээлбэл, Я.Содбаатар гишүүнээс асуулт гарахгүйгээр ийм байгаа юм байна, ингэхэд ийм байгаа юм байна гэсэн ийм нэг тодорхой үзүүлэлтүүд энэ дээр чинь сууж өгсөн байх ёстой юм.
Дараа нь эрүүл мэнд. Хүн ам чинь ямар эрүүл, ямар орчинд амьдрах юм бэ? Эрүүл мэндийн бүх нийтийн үйлчилгээ, түүний дотор суурь үйлчилгээг 2030 онд эрүүл мэндийн холбогдолтой бодлогууд байгаа. Тэр талаас нь оруулж өгсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл, бусад баримт бичгүүдтэй уялдсан байх ёстой. Хүн амын хөгжил гээд ерөнхий юм ярьж болохгүй. Мэдээж хэрэг, энэ демографийн өөрчлөлт, хүн амын цонх үе байна. Гэтэл өнөөдөр дөнгөж үүнээс чинь өмнө бид нар боловсролын асуудлаар, түүний дотор хүн амын тодорхой хэсэг 15-24 насны асуудлыг ярьсан. Боловсролын асуудлаар боловсролын баримт бичгүүдэд энэ асуудал яаж тусгагдах юм бэ, яаж Монголын хүн ам, түүний дотор боловсролтой, тэр боловсрол нь сайн чанартай боловсрол байж чадах юм бэ гэдэг асуудал бас энэ дээр тавигдсан байх ёстой. Малчид, одоо бид нар малчдын хүүхэд гээд ярьж байна. Гэтэл хүн амын насжилтын асуудлыг ярихад одоо байгаа бодитой судалгаанд юу харагдаад байна вэ гэхээр хоёр процесс явагдаж байна.
Нэгдүгээрт, малчдын дунд нийт хүн амын цонх нээгдсэн энэ үетэй харьцуулахад малчдын насжилт илүү хурдан явагдаж байна. Ялангуяа 30-59, 35-59 гэсэн энэ процесс чинь одоо малчдын дунд явагдаад эхэллээ. Дээр нь ядуу малчид, дунд малчид гэхээр чинээлэг малчдын гар дээр өнөөдөр нийт малын 48 хувь нь байж байна. Энэ орлогын тэгш бус байдал цаашдаа нийгмийг ямар юманд хүргэх вэ? Үүний дээд талыг нь тайрахгүйгээр доод талыг нь буюу малчид 100-200, өөрөөр хэлбэл яг ингээд үйлдвэрлэлээ, амьжиргаагаа аваад явах тийм төвшинд яаж хүргэх вэ? 400 мал гээд бүр малынх нь тоогоор. Тэгээд иймэрхүү соёлын аспектууд орж ирэх ёстой, хүний хөгжлийн тухай. Иймэрхүү байж байж, хүн амын иж бүрэн хөгжил гэдэг асуудал маань гарч ирнэ шүү. Та бүхнийг ийм талаас нь хийсэн байгаасай гэж бодож байна. Тодорхой асуудал бол яг л ийм юмнууд хүмүүс асууна шүү. Энэ дээр анхаараарай. Баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл: -Миний санаа бол Дэмбэрэл гишүүний санаануудыг үргэлжлүүлэх, бас нэг аспектын талаар би хэлэх гэсэн юм. Яг одоо хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогод хүн амаа эрүүл байлгана, боловсролтой байлгана, гэр бүлийнх нь амьдрал амьдрах таатай орчныг бүрдүүлнэ, чанарыг нь сайжруулна, хүмүүсээ урт наслуулна гээд тодорхой заалтууд байна л даа. Түүнээс гадна бас нэг зөв, тал талын хөгжилтэй монгол хүнийг төлөвшүүлэхэд манай бодлого бас чиглэх ёстой гэж бодож байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол хүн зөв хэвшил, дадал суучихсан ийм монгол хүн өнөөдөр бидэнд их хэрэгтэй байна.Өнгөрсөн 25 жилийн хугацаанд монголчууд бүгдээрээ маш том шүүмжлэгч болсон. Ер нь шүүмжилж чаддаггүй хүн Монголд байхгүй. Одоо жаахан хүүхэд ч эцэг, эхээ шүүмжилдэг. Бүтээлч хандлага бол орхигдсон. Хөгжсөн зүйл нь бол, хэрвээ шүүмжлэл нь хөгжиж болж байгаа юм бол бүтээлч хандлагыг хөгжүүлэх чиглэлд бид нар ямар дадал хэвшлийг монголчуудад, Монголын иргэддээ суулгаж болох вэ. Хамгийн энгийн жишээ, бидний шүтээд байдаг их Наран улсад бол та өнөөдөр ажилдаа ирсэн бол ажлынхаа цагаар утсаар ярих, хоорондоо ярих, бараг ширээнээсээ ширээ рүү очдоггүй, ажлын цагаар буфетэнд очиж кофе уудаггүй ийм хэвшилтэй. Манайх бол зүгээр ажил дээрээ очсон нэртэй, яг өмнөх ажлаа бүрэн дүүрэн, яв цав хийдэг хүн Монголд их ховор. Хэрвээ тийм дадал монгол хүнд суусан байсан бол өнөөдөр хөгжлийн төвшин маань хир өөр байх байсан бол, ямар төвшинд байх байсан бол гэсэн ийм бодол байдаг юм. Хамгийн энгийн жишээ, өнөөдөр ордон дээр жишээ аваад үзье л дээ. Заримдаа 4 давхрын коридороор явж байхад үс гэзгээ намируулчихсан хүүхнүүд чинь ордон ажилладаг юм уу, хаана байдаг юм бэ. Ерөөсөө л чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа газар шиг инээж хөхрөөд өнгөрч байх юм, зарим өрөөний хажуугаар гарахаар тас тас хөхрөлдөөд ажил яваад байна уу, найр болоод байна уу гэмээр. Ийм, төрийн ордонд хүртэл монгол хүн ажилдаа хэрхэн яаж хандах юм бэ гэдэг зөв дадал хэвшил ерөөсөө суугаагүй байна. Энэ зөв дадал хэвшил ажилдаа бүрэн дүүрэн хандах, өмнөө байгаа тавьсан ажлаа өдөрт нь бүрэн дүүрэн хийдэг энэ хэвшил дадлыг суулгах чиглэлд манай энэ бодлогод юу суух вэ? Энэ чиглэлд ажлын хэсгийнхэн анхаараач ээ гэж би бодож байна. Тэр дундаа манай Баавгай дарга сууж байгаад би их баяртай байна, амьдралын туршлагатай, асуудалд их бодитойгоор ханддаг. Би олон хуулийн төсөл дээр Баавгай даргынхаа хандаж байгаа хандлага хийж байгаа үгийг сонсож байсан. Тэгэхээр та нар маань бас энэ туршлагатай хүмүүс хоорондоо нийлээд ажлын хэсэг дээр энэ чиглэлийн талаар юм яриач. Бид нар мэдээж хэрэг эрүүл байлгана, саруул болгоно, боловсролтой байлгана, урт наслуулна гээд байна, байна. Зөндөө л ярьж байна шүү дээ. Саяын миний яриад байгаа энэ дадал хэвшлийг суулгах чиглэл дээр анхаарахгүй бол яриад байдаг, хийдэг хүн байдаггүй ийм л улс болох гээд байх үндэс нөхцөл манайд үнэхээр байна. Энэ чиглэлд анхаарна уу гэсэн ийм хүсэлт байна. Баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet