Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх үеэр
Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга А.Бакей: -С.Дэмбэрэл гишүүн.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Сүүлийн нэг сар гаруй хугацаанд ард түмнээ сонсъё гэсэн үг их сонслоо. Ингээд сонсоод байхад бид нар ард түмнээ огт сонсдоггүй байж байгаад гэнэт сонсох гээд байгаа юм шиг ийм сэтгэгдэл төрөөд байна л даа. Гэтэл уг нь ард түмнээ сонсдог хамгийн энгийн хэлбэр байгаа шүү дээ. Хууль хийхдээ саналыг нь авдаг энэ байдал маань өөрөө ард түмнээ сонсож байгаа юм шүү дээ. Та бүхэн тойрог дээрээ очиж, уулзалт хийдэг энэ чинь ард түмнээ сонсож байна. Бид өдөр болгон ард түмнээ сонсдог. Харин сонссон зүйлээ хэрэгжүүлж байна уу гэдэг бол өөр асуудал.-Нэгдүгээрт.
Хоёрдугаарт, -Н.Батбаяр гишүүний ярьж байгаа хуулийг би ойлгоход техникийн чанартай юм. Н.Батбаяр гишүүнээс юу авмаар байна. Дараагийн хоёр нь үүнтэй огт хамаагүй гэдгийг хэлүүлмээр байна л даа. Өөрөөр хэлбэл, нэгэнт техникийн шинж чанартай өөрчлөлт байгаа юм байна шүү дээ. Сонгуулийн хуулийн тухайн үед орсон заалтууд нь одоо алга болчихсон. Тийм учраас үүн дээр байгаа заалтыг нь хийгээд техникийн чанартай өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгээд үлдсэнтэй огт холбоогүй гэж ойлгоод байгаа зөв үү, Н.Батбаяр гишүүнээ?
Дээр нь Үндсэн хууль гээд ярихад, сүүлийн үед конституцийн эдийн засаг гээд тийм юм байдаг юм байна. Түүнийг нэлээн үзлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуультайгаа харьцуулаад, Үндсэн хуулийн эдийн засаг гээд үзэхээр Үндсэн хууль бол эдийн засгийн анализ талаасаа, улс төр, эдийн засгийн талаасаа үнэхээр өөрчлөлт хийх шаардлага гарчихсан юм байна лээ. Тэгэхдээ би тэр 56 өөрчлөлт яг юуг яасан юм бэ, эдийн засгийн үндсийг хөндсөн үү, үгүй юу, одоо жишээ нь, Үндсэн хуульд байгаа Монгол Улсын өмчийн олон төрөл гэдэг зүйл маань энэ нийгмийнхээ харилцаанд яаж зохицож байна, сүүлийн үед яг энэ Үндсэн хуулийг дагаад төр хэт их төрийн өмчтэй болох дуршил Үндсэн хуультай зохицож байна уу гэх мэтээр ярих юмнууд байдаг юм байна лээ. Өнөөдрийн асуудал бол техникийн чанартай гэж би ойлгож байгаа. Үүн дээр, Н.Батбаяр гишүүнээ тодруулга өгнө үү.
Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга А.Бакей: -Н.Батбаяр гишүүн хариулъя.
Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр: -С.Дэмбэрэл гишүүний асуултад товч бөгөөд тодорхой хариулъя. Энэ бол өнөөдрийн энэ хуулийг хуулийн дагуу бусад хуулиудтай уялдуулсан техникийн чанартай өөрчлөлт бөгөөд шинээр гарсан тоолох машин ч гэдэг юм уу, техник хэрэгсэлтэй холбогдуулаад, үүнийг уялдуулсан хугацаа болон бусад үйлдлүүдийг уялдуулсан ийм техникийн чанартай өөрчлөлт байгаа гэдгийг хэлье. Нөгөө талдаа би З.Энхболд даргад нэг юм хэлье. Н.Батбаяр гэдэг хүн ажлын хэсэг дээр гараагүй зүйлийг цоо шинээр өөрөө үлгэр зохиогоод бичсэн гэдгийг чинь үнэнд үл нийцнэ гэдгийг би албан ёсоор мэдэгдэж байна. Энд манай ажлын хэсгийн 4 гишүүн сууж байна. Хоёрдугаарт, -та анзаарч байгаа бол бид нар Их Хурлын гишүүд хоёр зүйл дээр гарын үсэг зурсан байгаа. Нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж гарын үсэг зурсан байгаа, нөгөөдөх нь бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл дээр зурсан байж байгаа юм. Тэгэхээр хоёр юм дээр зурсан байгаа тийм биз дээ. Тэрийгээ бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгааг мэдээгүй байсан, мэдээгүй байж байгаад бүх нийтийн санал асуулга дээр зурчихсан гэж хэлж болохгүй. Тэгээд манай ажлын хэсэг маш олон удаа хуралдсан. Олон удаа хуралддаг, тэгээд оновчтой шийддэг. Тэгээд тухайн үедээ шийдсэн зүйлийг нь энэ хурал дээр байхгүй учраас нөгөө хүмүүстэйгээ ярилцаад тэд нар маань зөвшөөрөөд ингээд явдаг ёсоороо явсан. Тийм учраас би хэлэхгүй бол яах юм бэ тэгээд. Гүтгүүлээд байж болохгүй шүү дээ.
Төрийн Байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей: -С.Дэмбэрэл гишүүн.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Би ганцхан санал хэлье. Ерөнхийдөө Их Хурлын даргын захирамжаар А.Бакей дарга ахлаад, Улсын Их Хуралд суудалтай бүх намын төлөөллийг оролцуулсан ийм зөвлөл байгуулах нь зүйтэй. Мөн ийм ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet