Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгүүдийн мэдээлэл сонсох үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Улсын Их хурлын гишүүн С.Дэмбэрэл: Өнөөдөр 2015 оны 7 дугар сарын 1-ны өдөр. Бид өнөөдөр Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний Улсын Их Хурлын тогтоолын хагас жилийн байдал ямар байна гэдгийг хэлэлцээд явж байна. Эхний дүгнэлт бол хэрэгжилтийн явцад тааруу, их муу байна. Муу байгаагийн шалтгаан нь нэгдүгээрт, макро эдийн засгийн менежмент тун тааруу байна. Сая 2015 оны 5 дугаар сарын байдлаар Монгол улсын макро эдийн засгийн статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг харж байхад эдийн засгийн макро орчин тогтворжихгүй байна. Эдийн засаг идэвхжихгүй байна. Бизнсийн идэвхжил унасан. Нийгэмд асар их хүлээлт байна. Тодорхойгүй байдал, хөрөнгө өоруулалтын орчин энэ бүхэн хэвээрээ байсаар... Санхүүгийн орчин тааруу хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл бид Улсын Их Хурлын тогтоолыг гаргахдаа хамгийн түрүүнд макро эдийн засгийг тогтворжуулъя гэж гарсан. Энэ зорилт хэрэгжихгүй байна. Энэ зорилт хэрэгжихгүй байгаа шалтгаан нь Улсын их Хурал дээр байна. Улсын Их Хурал дээр маш олон том том төслүүд болон олон чухал хуулиуд цаг хугацаандаа батлагдахгүй, зөв шийдэгдэхгүй байна. Улс төрийн бүлгүүдийн хэрүүлийн алим болох байдалтайгаар, энэ нь нийт эдийн засгийн хүндрэлээс гарах энэ төлөвлөгөөнд нөлөөлж байна. Энэ бол хамгийн эхний суурь шалтгаан.
Хоёрдугаарт, манай макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад санхүүгийн секторын идэвхжил хүнд нөхцөлд бодит сектороо чирч явах хөшүүрэг болгох энэ байдал алдагдсан байна. Өөрөөр хэлбэл Төв банкны зүгээс нилээн зай барьсан. Төсвийн бодлогын хүрээнд ерөнхийдөө яаж тэсч үлдэх бэ гэсэн байдалтай байна. Харин бусад салбарын бодлогын хүрээнд ерөнхийдөө идэвхгүй байдалд оржээ. Ийм байгаа тохиолдолд нөгөө бодит эдийн засаг маань явахгүй. Тийм учраас асар их хүлээлт бий.
Гуравдугаарт, сая Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ярилаа. Дараагийн Улсын Их хурал дээр бид хамгийн түрүүнд нэг анхаарах зүйл бол гэрээний биелэлтийг хангахгүй байна. Тийм учраас концепц болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүх гэрээнүүдийн жагсаалтыг яам яамаар нь гаргуулж авах хэрэгтэй. /С.Одонтуяа гишүүн ярилаа/ Улаан цайм худлаа төрийн зүгээс зөрчиж байгаа зүйлүүдийн уг шалтгааныг нь гаргаж ирээд байна. Мөн худалдан авалт, замын зураглалыг харахад бол шийдвэр гаргах үйл явц, засгийн газрын худалдан авалтын замын зураглалыг харахад бол маш удаан байна. Тийм учраас дараагийн хуралдаан дээр Засгийн газрын худалдан авалт, хөрөнгө оруулалтын процессыг яаж түргэсгэх юм бэ, хууль эрх зүйн орчины юу нь болохгүй байна, засаглал дээр юу нь болохгүй байна гэдгийг ярих ёстой.
Дөрөвдүгээрт, мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих, энэ асуудал ерөнхийдөө жаахан чимээгүй болсон байна. Өөрөөр хэлбэл одоо Монгол банк бол хамаг хөтөлбөрүүд нь зогссон. Гэхдээ альтернатив нь яаж макро түвшинд Засгийн газартай яаж хамтран ажиллаж байгааг Эдийн засгйиг идэвхжүүлэх ямар арга хэмжээ авах гэж байгаа гэсэн энэ зүйл их дутуу байна. Ийм зүйлүүд байгаад байвал эдийн засаг маань явахгүй юм. Тийм учраас Засгийн газарт иймэрхүү дүгнэлтүүд хийгээд, энэ хэрэгжилтын явц маш удаан байна гэдэг гишүүдийн хэлсэн саналыг хэлээд, дараагийн хуралдаан дээр илүү маш анхааралтай ийм зүйлийг хэлэлцэх шаардлагатай байна гэж үзэж байна. Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлт гаргах хэрэгтэй. Түрүүн Л.Энх-амгалан гишүүн “яг яах гэж байгаа юм бэ” гэж хэллээ. Бид нар одоо байгаа мэдээллийн хүрээнд хэлэлцэж байна. Ер нь бол статистик тоон үзүүлэлтээ ч үзэж байгаа. Бодит амьдрал дээр ч мэдэж байгаа. Эдийн засаг ерөөсөө сайжрахгүй байна. Муудаад л байна. Макро эдийн засгийн хэдэн үзүүлэлтүүдийн төлбөрийн баланстай холбоотой зарим үзүүлэлтүүдийг үзээд тайвширч болохгүй. Ерөөсөө энэ эдийн засгийн хамгийн гол зүйл болох идэвхжил, итгэл үнэмшил нь байхгүй болоод байна. /Тодорхойгүй байдлын байдал/ Хөрөнгө оруулалтыг дэмжье гээд байдаг, яаж дэмжих юм бэ? 10 сая төгрөг яаж дэмжих юм бэ? Энэ мэт зүйл дээр Засгийн газар засах даалагавраа өгөөд, дүгнэлтүүд хийж, дүгнэлтийн захиаг Эдийн засгийн байнгын хорооны өмнөөс явуулах хэрэгтэй. Заавал тогтоол гаргахгүйгээр, эдгээр зүйлд анхаарна уу гэсэн эдийн засгйин байнгын хорооны албан протокол эсвэл бүр захианы тодорхой хэлбэрт оруулаад явуулсан нь зүйтэй байх.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet