УИХ-ын чуулганы 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр
Гадаад харилцааны сайдыг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Юуны өмнө мэргэжлийн дипломатач энэ албанд томилогдож байгаад баяр хүргэе! Хэд хэдэн зүйлийг танд захиж хэлэх гэсэн юм.
Нэгдүгээрт: -Эдийн засгийн дипломат үйл ажиллагаанд дараах зүйлүүдийг хиймээр байна. 2015 оны эхний улиралд багтаан бидний нэрлэж заншсанаар “Донорын зөвлөгөөн”-ийг Засгийн газар, Дэлхийн банк хамтран зохион байгуулдаг уралдааныг сэргээж хийнэ үү.
Хоёрдугаарт: -Та Монгол Улсаас гадаадад суугаа бүх элчин сайдын яамууддаа албан даалгавар хүргүүлэнэ үү. Бүх элчин сайдын яамны хувиарт “нэг элчин сайдын яам нэг экспорт, нэжгээд технологи” гэсэн уриатай зорилтыг дэвшүүлсэн даалгавар өгнө үү.
Гуравдугаарт: -Улаанбаатар хотод оршин суугаа гадаадын иргэд, элчин сайдын яамны төлөөлөлөөс гадна, салбар салбарт ажиллаж байгаа хүмүүстэй уулздаг уулзалтыг тогтмолжуулж, тэдний санаа бодолыг сонсож байгаарай. Ядахдаа улиралд нэг удаа сонсож байхыг хүсч байна.
Дөрөвдүгээрт: -Урд, хойд хөршийн дарга нар ирсэнтэй холбогдуулан тэдний зах зээлийг нээх хөтөлбөрийг бусад яамуудтай хамтран зохион байгуулах үүрэг даалгаварыг ажилтанууддаа өгч хэрэгжүүлбэл хэрэгтэй зүйл болно шүү.
Тавдугаарт: -Энд сууж байгаа бүх сайд “Монгол төр гэж бага яриад, Монгол зах зээл, Монгол хүн" гэж их яриасай. Бид сүүлийн үед “Монгол төр гэж их яриад, Монгол хүн гэж ярих нь багасаад, Монгол зах зээл гэж ярих нь бүр багасаад байна. Үүнийг онцгой анхаараасай. Цаашид Ерөнхий сайд “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэсэн утгаар ажилаасай. Бүх яам түүний дотор танай яамны хувьд чиг үүргийн хамгийн сүүлд эрхлэх асуудлын хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр элчин сайдын яам, гадаадад суугаа төлөөлөгчдийн газруудад юу хийж болох талаар албан даалгавар хүргүүлж, эргээд бусад яамууддаа өгөөсэй.
Сүүлийн үед Монгол Улсад цаг агаарын өөрчлөлт, байгаль орчны доройтол, цөлжилттэй холбогдуулан НҮБ-ын холбогдох байгууллагуудын түвшинд ярьж байгаа “Climate change refugee” /уур амьсгалын өөрчлөлтийн дөрвөгсөд/ гэсэн нэр томъёолол бий. Энэ чиглэлээр Монголд малчдын дунд энэ үзэгдэл газар авч байгаа шүү. Үүнийг анхаарч малчдын төлөө ажил хэрэг болгох зүйлс хийгээсэй гэсэн санал байна. Шинээр томилогдсон сайд нар яаман дээр бага сууж, УИХ дээр , УИХ-ын байнгын хороодтой идэвхитэй ажиллаж, энэ чиглэлээр онцгой анхаараасай гэж бодож байна. Танд амжилт хүсье!
Tweet