ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ ҮҮРЭГ БҮХИЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС:
С.Дэмбэрэл: Уг нь бол энэ их амархан ажил. Их энгийн талаас нь тайлбарлья. Одоогийн Засгийн газар “дунд” дүн авахаар ажиллаж байгаа. “Дунд” дүн авч ажиллаж байгаа Засгийн газрыг үлдсэн хугацаанд нь “сайн”, “онц” дүн авахаар ажиллуулах хэрэгтэй. Тэгэхийн тулд та бүхэн ийм ийм зүйлүүд дээрээ алдсан байна, ийм учраас цаашид үйл ажиллагаандаа ийм ийм зүйлүүдийг хэрэгжүүлээд яваарай гэдэг юм уу тодорхой санаануудыг үйл ажиллагааных нь хөтөлбөрт оруулвал зүгээр шүү. Би хэдэн санал хэлье. Засгийн газрын үйл ажиллагааг чанарын хувьд нь дүгнэх хэрэгтэй байх. Яамдуудын хүлээж авсан үүрэг нь ямар хэмжээнд хүргэхээр хүлээж байсан юм, одоогоор хаана хүрсэн юм бэ гэдэг дээр үнэлгээ хийх хэрэгтэй. Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой яамдууд, жишээлбэл зам, тээвэр, барилга, хүнс хөдөө аж ахуй, эдийн засаг, сангийн яам гэх мэт эдгээр яамд нь бизнесын ямар орчинг бүрдүүлж өгсөн, яаж дэмжсэн бэ? гэдэг дээр нь үнэлгээ өгөх. Тухайн яаманд төсөвлөж өгсөн төсвөөс хэдий хэмжээний зардал гарсан байна. Гарсан зардлын үр ашгийн тооцоог нь ил болгож өгөх. Нийгмийн асуудалтай холбогдолтой яамдаас ядуурал ямар байсан, одоо ямар хэмжээнд байгаа талаар үнэлгээ гаргуулах. Эдгээрээс үндэслээд энэ бүхний эцэст засгийн газрын бодлогын чанар хэрхэн хангагдсаныг гаргаж ирэх хэрэгтэй байх аа. Засгийн газар маань өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр гол суурь асуудал дээрээ алдлаа. Инфляцийг барьж чадсангүй, валютын ханшийг тогтвортой байлганаа гэсэн чадсангүй. Ард түмнийг бухимдуулж байгаа зүйл маань ердөө л энэ хоёр байгаа шүү дээ.
Tweet