Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 5 сарын 8-ны хуралдаан
Хэлэлцсэн асуудал:
С.Дэмбэрэл: Энэ төслүүдийг үзээд, ард талынх нь Байнгын хороо дээр хэлэлцсэн, дүгнэсэн байдал болон Байнгын хороон дээр гарсан санлуудыг нь бүгдийг нь үзлээ. Яагаад эдийн засгийн Байнгын хороонд бусад Байнгын хороод саналаа ирүүлдэг вэ гэвэл, үүнийг тусгаачээ гэж л ирүүлдэг. Түүнээс биш хавсаргах юм биш. Энэ УИХ-ын тогтоол чинь одоо яг энэ хэлбэрээрээ байвал бүтэхгүй. Нэгдүгээрт, тийм учраас энийг өөрчлөх ёстой. Би өчигдөр зөвлөхтэй ярилцсан. Тэр өөрийн саналыг хэлсэн. Ерөнхий сайд Алтанхуяг даалгахгүй гэсэн байна. Яг энэ өгүүлбэрийг уншаад та нар Алтанхуягийн байранд өөрийгөө тавиад бодоорой. Ойлгох уу? Ойлгохгүй, ойлгохгүй учраас анхаарахгүй, тодорхой биш байна. Сая одоо та бүхэн Үндсэн хуулийн тэр заалтын талаар маргаад байх шиг байна. Маргаад байх юм байхгүй. Зүгээр л хэвийн эдийн засагтай, хэвийн бодлого боловсруулагчтай улс л мөн бол өөрийнхөө улсын эдийн засгийг жил болгон авч хэлэлцэнэ. Тэр байтугай улиралын хуваарьтай авч хэлэлцдэг. Тийм учраас:
Нэгдүгээрт, энэ санал, тогтоол дотор, цаашдаа, хэрэв, энэ үндсэн чиглэлийг боловсруулахаас авахуулаад хэлэлцэх шат хүртэл чанарыг нь дээшлүүлье л гэвэл улирлын хуваарьтайгаар, мөнгөний бодлогын хэрэгжилттэйгээр, төслийн хэрэгжилттэйгээр, байнга авч хэлэлцдэг дэглэмд орох хэрэгтэй. Тэгэхгүй бол 2011оны 7 сарын 9-нд боловсрогдоод, 2012 оны тайлан нь ирээд, 2013 оны 5 сарын 8-нд хэлэлцэж байна. Бид статистикийн байгууллага биш. Өнгөрсөнийг дүгнэж хийгээд хэрэггүй. /манай харъяанд байдаг статистикийн байгууллага түүнийг чинь хийгээд өгчихдөг./ Бид бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл яаж явагдаж байгаа процессийг хянаж, тэрэнд сайжруулах зүйлүүдийг нь хэлж өгдөг УИХ-ын институци. Тэр тусмаа УИХ-ын эдийн засгийн асуудлыг нь хариуцдаг хамгийн гол институци. Энэ маань дутагдаж байна. Тийм учраас хамгийн түрүүнд энэ тогтоолыг өмнөх Байнгын хороонд болон улиралын хувиартай тодорхой болгох хэрэгтэй, нэгдүгээр асуудал.
Хоёрдугаарт, үндэсний аудитийн газрын хийсэн дүгнэлт, саналуудыг энд тодорхой тусгаж өгөх ёстой. Дээр нь үндэсний аудитийн газар болон статистикийн байгууллагуудын бие даасан байдалтай холбогдсон тодорхой саналуудбайвал, түүнийг нь ч бас тусгаж өгөх ёстой. Хоёр талаасаа ажиллах ёстой. Жишээлбэл, Монгол Улсын бүх юм яагаад тасраад, жилийн хоцрогдолтой яваад байдаг юм бэ гэхээр боловсруулсан хуулинд чинь байна. Жишээлбэл, засгийн газрын худалдан авалт 50-700 өдрөөр хоцорч байна. Энэ хууль чинь ажил хийлгэхгүй байна. Тэгэхээр, энэ хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой. Энэ асуудлыг тавих ёстой. Өнөөдөр засаглалд гарч байгаа бүх баримт бичгүүдийн эргэлтийн хурдыг хөөгөөд үзэхээр асар удаан байна. Шийдвэр гаргах гэж хамаг ажлыг авч, хугацаа алдаж байна. Баримт эргэлтийг хурдасгах, засаглалд эргэж байгаа шийдвэр гаргах явцыг орцоос авхуулаад гарц хүртлэх энэ бүх шатанд эргэлтийг нь хурдасгах ийм шийдвэрийг УИХ-ын тогтоолоор засгийн газарт оруулах хэрэгтэй. Үүнийгээ хурдасга, тэгэхгүй бол ажил чинь явахгүй байна, энэ баримт эргэлтийг хурдасгахгүйгээр шийдвэр гаргах гээд л, нэг ажлын хэсэг байгуулаад, эсвэл ингэж, тэгээд явж байтал чинь ажил хэргийн цикл дуусчихаад байна.
Гуравдугаарт, энэний дараа бид статистикийн тайланг хэлэлцэнэ. Энэ статистикийн тайланд чинь үндсэн чиглэлд оруулах ёстой бүх судалгаанууд нь байж байхад үндсэн чиглэл, статистик хоёр нь хоорондоо ямар ч уялдаа алга. Бид Үндсэн чиглэлдээ макро эдийн засгийн тэнцвэр гэж ярьж байдаг мөртлөө, ганцхан мэддэг юм нь дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн хэдэн ужгирсан үг хэллэг, хэдэн тоо л ярьдаг. Гэтэл тэрний ард байгаа үнэлгээ, дүгнэлт, тэднийг тооцсон салбар хоорондынхоны харьцаа, аль салбарт юу болж байна гэдгийг бүгдийг нь үзүүлдэг үйлдвэрлэл, хэрэглээ, эдгээрийг бүх талаас нь үзүүлдэг статистикийн анализ нь алга байна. Хаа нэг газар, бид нарын ширээнийхээ нүдэнд, эсвэл статистикийн байгууллагын номын санд л хадгалагдаад үлдэж байна. Энэ бүхнийгээ яагаад энэ бодлогынхоо эргэлтэнд оруулахгүй байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл, Үндсэн чиглэлээ боловсруулж хийх, цаашдаа үнэлэх зүйл чинь дутагдаад байгаа учраас УИХ-ын тогтоолд маань дахиж ийм зүйлийг нэмж оруулах ёстой.
Тэрний дараа, салбарын яамнууд болон статистикийн газраас гаргасан, хүн амын ядууралттай холбоотой, Монголын хүн амын амьдралын чанартай холбоотой маш олон үзүүлтүүд байна. Саяхан ЭМЯ-аас 2012 оны Эрүүл мэндийн сектор судалгаа гарсан байна. Мөн БОНХЯ-аас энэ улсын чинь байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гарсан байна. Энэ маань хаана байна? Энэ дотор, үндсэн чиглэлд чинь, биелэлтэнд, анх оруулсан зүйлүүдэд чинь ерөөсөө тийм юм байхгүй байна. Тийм учраас нөгөө эдийн засгийн өсөлт чинь хүн рүү наалдахгүй байна. Хүмүүс үнэмшдэггүй! Энэ Үндсэн чиглэлийг чинь хэн ч сонирхдоггүй! Хүний амьдралд наалддаг үзүүлтүүд дээр л төлөвлөх хэрэгтэй. Жишээлбэл, өнөөдөр монголд яагаад хүмүүс халтирч үхсэн байна? Хамгийн тэнэг үхлээр үхэж байгаа энэ үхэл яагаад Монгол улсын нийт нас баралтын ихэнх хувийг эзлээд байна вэ? Яагаад сүрьеэ зэрэг 5төрлийн өвчин зонхилох байр эзлээд байгаа юм бэ? Энэ бол Үндсэн чиглэлийн төсөв маань мэдрэмжгүй байна л гэсэн үг. Хүн ардаасаа хол байна гэсэн үг. Тийм учраас, энэ Үндсэн чиглэлээ хүний мэдрэмжтэй болгоё гэвэл, мөн үүнийгээ үнэлж дүгнэдэг болгоё гэвэл саяны хэлсэн зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тогтоолын төслийг яг энэ байдлаар нь явуулбал ерөнхий сайд ч ойлгохгүй, ямар ч сайд ойлгохгүй, хэн ч энийг хэрэгжүүлэхгүй. Тэгээд дараа жил бид нар дахиад л ингээд сууж байх болно. Та бүхэн ингэж суух дуртай байж болно. Би тэгэж суух дургүй. Тийм учраас бүгдээрээ дургүй болцгооё. Энийг дахин шинэчлэн боловсруулцгаая. Эцэст нь нэг мэдээлэл хэлье. Өчигдөр төрийн байгууллалтын Байнгын хороон дээр УИХ-д ажлаа тайлагнадаг бүх байгууллагуудад зориулж, тусгай тогтоол гаргасан. Тэд нарт үйл ажиллагаагаа сайжруулах, чанарыг нь сайжруулах, УИХ руу ирүүлдэг мэдээ баримтуудынхаа чанарыг сайжруулах, улмаар энэ бүхэнд нь зориулж өөрсдөө болон бусдаар системчилсэн үнэлгээ хийдэг болгох тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоол гарсан. Цаашдаа УИХ-д, Эдийн засгийн Байнгын хороонд ажлаа тайлагнадаг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн байгууллагын ажлын чанар сайжирна гэсэн үг. Одоо харин энэ сайжирсан мэдээлэл дээр суурилаад, бид нар өөрсдөө гаргах шийдвэрээ сайжруулах хэрэгтэй болж байна. Тийм учраас энэ УИХ-ын тогтоол дотор чинь зөвхөн засгийн газарт биш, Эдийн засгийн Байнгын хороо болон холбогдох бусад байгууллагууд ч өөр өөрсдөдөө даалгавар өг гэсэн ийм л саналтай байна.
Tweet