Монголбанкны үйл ажиллагааны явц байдлын товч танилцуулга, тулгамдсан зарим асуудлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл.
С.Дэмбэрэл: -Монголбанкны Ерөнхийлөгч сонсгол хийж байгаа юм уу даа.
С.Дэмбэрэл: -Хэдэн асуулт байна.
Нэгдүгээрт, мөнгөний бодлогын 2013 оны үндсэн чиглэлийг оруулж ирэхдээ танай гол объект чинь байдаг Арилжааны банкуудын холбооны саналыг албан ёсоор авсан уу? Аваагүй бол, би аваагүй гэдгийг мэдэж байна. Яагаад? Нэгдүгээр асуулт.
Хоёрдугаар асуулт, мөн яг энэ санхүүгийн секторт ажилладаг, бас энэ санхүүгийн зах зээл, түүний дотор мөнгөний зах зээлийг судалж байдаг, тэр чиглэлээр ажиллаж байдаг бусад стек коллер буюу жишээлбэл, санхүүгийн зах зээлийн холбооны саналыг албан ёсоор авсан уу? Аваагүй гэдгийг би мэдэж байна. Аваагүй бол яагаад?
Гуравдугаар асуулт, банкны санхүүгийн секторын хамгийн гол тоглогч нь хэдийгээр банк ч гэсэн яг өнөөдрийн байдлаар цаашдаа хэрэв үнэхээр санхүүгийн секторт реформ хийе гэж бодож байгаа бол Санхүүгийн зохицуулах хорооны объектууд болох банк бус санхүүгийн байгууллагуудын нэгдсэн саналыг авсан уу? Аваагүй гэдгийг би мэдэж байна. Аваагүй бол яагаад?
Дөрөвдүгээрт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэсэн байгаа. Н.Батбаяр сайдын хэлсэнтэй санал 100 хувь нийлэхгүй байна. Асуудлаа буруу ойлгосон байна. Хэрэв мөнгөний бодлогын үндсэн чиглэлд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах энэ хүн энэ дөрвөн жилийн эхний жилийн зорилтонд энэ талаар нэг ч үг дуугараагүй байгаа нь зөвхөн уламжлалт байдлаар инфляцийг нэг оронтой тоонд оруулах гэж ирсэн өнгөрсөн жилүүдийнхээ оролдлогыг арай өөр хэлбэрээр тодруулах гэж оролдсон байна.
Тийм учраас хэрэв та нар өөрсдөө статистикаа хардаг бол, мөнгөний статистик, эдийн засгийн статистикаа хардаг бол мөнгөний нийлүүлэлтийн болон инфляцийн хоорондын корриляци ямар байсныг энэ дотор сууж байгаа Монголбанкны ажилтнуудаас надад хэлээд өгчих чадвартай хүн байвал хэлээд өгчих. Би корриляци байхгүй байсан гэдгийг баталж чадна. Тийм ч учраас та нар заалт дээрээ нийлүүлэлтийн тал дээр хамтарч ажиллана гэж оруулсан. Тэгэхээр Засгийн газар нь нэг оронтой тоонд оруулна гээд, Монголбанк нь урьдын адилаар оруулж ирж байгааг би хоёр янзаар тайлбарлах.
Энэ Улсын Их Хурлын гишүүдийн толгойг угааж байгаа юмуу? Өөрөөр хэлбэл, яг энэ чиглэлээр мэргэшээгүй гэдгийг нь далимдуулж бушуухан батлуулаад авчихъя гэсэн тархи угаалт уу? Эсвэл та бүхний өөрсдийн чинь мэдлэгийн багаж ийм хязгаарлагдмал юмуу гэсэн ийм бас нэг асуулт байна.
Дахиад нэг асуулт байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт санхүүгийн секторын шинэчлэлийн талаар бүхэл бүтэн томъёолол орчихсон байгаа. Тэрийг би цээжээр мэдэж байна. Та нар уншсан байх гэж найдаж байна. Тэр дээр санхүүгийн секторт ямар, ямар чиглэлээр яаж реформ хийх тухай, өөрийн чинь присендаци дээр байгаа дундаж ангийн төлөөллийг яаж бий болгох тухай, энэ заалтанд төдийгүй маш олон заалтанд орчихсон байгаа. Энэ бүхнийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа, хамтарч ажиллаж байгаа юм бол тэр бодлого чинь хаана байна вэ? Энэ дотор орсонгүй. Тэрний дээр нь, эртээд, өөрөө над руу ажилтнуудаа явуулсан байсан. 4 цаг сайхан тааламжтай ярилцсан. Их олон ч асуудлаар асуудлаа солилцсон. Тэр дотор би нэг зөвлөмж өгсөн. Тэр нь санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг бодитойгоор ажиллуулъя гэсэн. Тэр орсонд талархаж байна. Гэхдээ орохдоо бас л мөлгөр, ерөнхий байдлаар тодорхой биш байдлаар орсон байсан. Монголбанкны хийж байгаа ажил, мөнгөний бодлогын асуудлыг би эдийн засагч хүний хувьд муулах гээгүй.
Хэрэв Улсын Их Хурал ард түмнээс, түүний дотор бизнес эрхлэгчдээс сонгогдсон төлөөлөл болоод, та бүхэн тэр төлөөллийн дор ажилладаг байгууллага юм бол, ард түмний нэг хэсэг зээлийн хүүд аятайхан орчинд амьдарчих юмсан гэж 20 гаруй жил бодлоо. Энэ зүйл дээр өөрийг чинь томилох үед би хэлж байсан. Эргэлт гаргах болов уу гэж бодсон чинь өөрөө бас л өмнөх ерөнхийлөгчдийн ярьдаг юмыг арай гоёор ярьж байна. Би танаас асуулт асуух уу, энэ хэдэн залуучуудаас асуух уу гэдгээ би бас мэдэхгүй байна.
Ийм байдлаар явбал, тэр тусмаа Засгийн газар нь энийгээ сайн болгоогүй ийм байдлаар цаашаа явбал бүх юм бахь байдгаараа үлдэнэ. Энийг баталгаатай хэлчихье. Тийм учраас Их Хурлын гишүүдэд уриалж байна. Энэ асуудалд жаахан нухацтай хандаарай. Бид зээлийн хүүг нэг оронтой тоонд бууруулах, та нар сонгогдоод явж байхад ард түмний чинь хэлдэг байсан энэ юм шүү. Энэ талаасаа бодож, мөнгөний бодлогодоо, би 100 хувь өөрчлөлт оруул гээгүй шүү дээ. Инфляцийг эрэлтийн болон нийлүүлэлтийн хүчин зүйл талаас нь хамтраад Засгийн газартай ажиллах нь ойлгомжтой. Тэрийгээ оруулж ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахын тулд та бүхэн яг юу хийх юм бэ? Энэ чинь алга байна.
Хамгийн эцсийн асуулт. Валютын ханшийг зах зээлийн жамаар нь явуулна гэсэн байсан. Гэхдээ өмнө нь би бас хэлж байсан, танай хүмүүст бас хэлсэн. Банк хоорондын зах зээл гэдгийн тоглогчид нь дөрөв, тавхан банк байдаг юм. Тэдний эрэлтээр та бүхэн яаж нийт эдийн засгийн эрэлтийг, тэгээд энийгээ валютын бодитой ханш тогтож байна гэж, зөв зах зээл, гажуудалгүй зах зээл гэж яаж тодорхойлох юм бэ?
Валютын зах зээлийнхээ оролцогчдыг нэмэгдүүлэх талаар яагаад юм хийхгүй байгаа юм бэ гэсэн ийм нэг асуулт байна. Яагаад түрүүн би банк, санхүүгийн байгууллагуудын бусад стек коллеруудаас асуугаагүй гэж хэлнэ. Би өчигдөр Арилжааны банкны холбооныхонтой уулзсан. Огт аваагүй гэж байна. Авахыг хүсдэггүй гэж байсан. Өмнө нь би бас санхүүгийн зах зээлийн холбооныхонтой уулзсан. Төв банк та нараас энийг авах хэрэггүй гэж үздэг юм шиг байсан. Уг нь бидэнд маш олон санал байдаг гэж байсан. Ийм байдлаар бүх л төрийн байгууллагууд, төрийн байгууллагууд хүмүүсийн саналыг сонсъё гээд байхад та нар сонсохгүй яваад байдгийн учир нь юу юм бэ? Агуу их мэдлэгтэй хүмүүс юмуу, эсвэл бүр хүнээс төсөөрчихсөн, тэнгэр дээр амьдардаг хүмүүс юмуу? Баярлалаа.
Н.Золжаргал: -С.Дэмбэрэл гишүүнийх асуулт юмуу, дүгнэлт юмуу, бодлын солбицолд хариулъя.
С.Дэмбэрэл: -Н.Золжаргал аа, маш тодорхой асуулт асуусан. Чи битгий тийм юм яриад бай.
Н.Золжаргал: -Арилжааны банкуудын холбооны саналыг авсан. С.Дэмбэрэл гишүүн ээ. Болд ерөнхийлөгчтэй нь уулзсан. Арилжааны холбооны банкуудын санал гэж нэлээн олон саналууд хоёр жилийн дотор Монголбанкинд өгсөн. Тэр нь энэ дотор тусчихсан байгаа. Үүнийг албан ёсоор мэдэгдье. Болд ерөнхийлөгчөөс нь та уулзаад асууж болно. Тэр хүмүүсээс ирчихсэн байгаа.
С.Дэмбэрэл: -Дөнгөж өнөө өглөө ярилаа.
Н.Золжаргал: -Тэгээд одоо яах юм бэ? Шүүхээр явж нотлох юмуу?
С.Дэмбэрэл: -Шүүхээр биш. Энд батал.
Н.Золжаргал: -Би одоо ингээд баталъя. Жишээлбэл, энэ нэг заалт байна.
2-ын 3. Энэ бол арилжааны банкууд дээр нэлээн их ажил хийсэн банкуудын холбоон дээр хийгдсэн судалгаа, тэрэнд үндэслэгдэж хийгдсэн заалт байгаа. Үүнийг урьд өмнө мөнгөний бодлогод оруулж ирдэггүй байсан. Одоо Арилжааны банкуудын холбооноос холбооны ерөнхийлөгч Болдтой уулзаад, сүүлийн хоёр жилийн дотор Арилжааны банкуудын холбооноос ирж байсан саналууд дээр үндэслээд хийж байгаа зүйл.
1-ийн 1 гэдэг нь зөвхөн Засгийн газрын санал биш. Энэ бас Арилжааны банкуудын холбооноос ярьж байсан санал.
1-ийн 2. Мөн арилжааны банкуудаас ирж байсан саналууд дээр хамтарч ажилласны үр дүнд бий болж байгаа зүйл.
Хоёрдугаар зүйлд орж байгаа, энэ бүх заалтууд арилжааны банкуудтай хамтарч, тэднээс тавьж байсан хүсэлт, шаардлагуудад үндэслэж хийгдэж байгаа зүйлүүд. Арилжааны банкууд гэдэг нь банкны системээсээ гадуур биш, мөнгөний бодлого банкны систем дотроо байдаг учраас тэднээс ирж байгаа саналууд Монголбанкин дээр ирсэн саналуудын заримыг энэ дотор, бид ерөнхийд нь тусгах гэж хичээсэн. Бүгдийг тусгаагүй, заримыг нь.
Санхүүгийн зах зээлийн холбоотой бид уулзаагүй, саналыг нь аваагүй. Банк бусуудаас бид саналыг авдаггүй. Мөнгөний бодлого дээр авдаг ч үгүй.
С.Дэмбэрэл: -Мөнгөний бодлогод банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа хамаардаггүй юмуу? Та нар ядаж өөрсдөө мөнгөний бодлого гэдгээ эхлээд ойлгооч. Юу яриад байгаа юм бэ?
Н.Золжаргал: -С.Дэмбэрэл гишүүн ээ.
С.Дэмбэрэл: -Засгийн газар мөнгөний бодлогод оролцогч мөн үү, мөн. Банк бус санхүүгийн байгууллагууд мөн үү, мөн. Мөнгөний бодлого чинь өргөн утгаараа ингэж л.
Н.Золжаргал: -Хэдэн хувь нь банк бус дээр байдаг билээ, банкны систем дээр байдаг билээ. Бид банк бус дээр ямархуу нөхцөл байдалтай байгаа гэдгийг мэдэж байгаа. Энэ тоон дотор, мөнгөн тоонд орчихсон байгаа шүү дээ, С.Дэмбэрэл гишүүн ээ.
Б.Гарамгайбаатар: -Гишүүдийн асуултад шууд хариулт хийнэ. Өөр юм ярихгүй шүү.
Б.Ганбат гишүүн.
Б.Ганбат: -Мөнгөний бодлого ярьж байна.
С.Дэмбэрэл: -Уучлаарай, би зургаан асуулт асуусан. Асуултандаа бүрэн хариулт авмаар байна.
Б.Гарамгайбаатар: -Тэгвэл зургаан асуултад хариулъя.
Н.Золжаргал: -Асуулт зургаа байсангүй. Саналууд авсан уу гэсэн асуулт байсан.
С.Дэмбэрэл: -Санхүүгийн секторын реформын тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт маш тодорхой заалт орчихсон байгаа. Тэрийг уншсан уу? Уншсан бол тэрийгээ мөнгөний бодлогод тусгасан уу?
Н.Золжаргал: -Тусгасан.
С.Дэмбэрэл: -Байхгүй байна. Тусгаагүй байна.
Н.Золжаргал: -С.Дэмбэрэл гишүүн ээ, Засгийн газраар мөнгөний бодлогыг хагас сайн өдөр хэлэлцүүлээд аваад ирлээ шүү дээ.
Б.Гарамгайбаатар: -Өөр хариулах хүмүүс байвал хариулт өгье. Газрын дарга нар хариултаа өгье.
С.Дэмбэрэл: -Засгийн газар.
Н.Золжаргал: -Засгийн газраар энэ мөнгөний бодлогыг хагас сайн өдөр бид хэлэлцүүлээд, дэмжүүлээд аваад ирлээ шүү дээ.
С.Дэмбэрэл: -Мөнгөний бодлогыг Засгийн газраар шийд гэж яриагүй байна. Би маш тодорхой юм ярьж байна шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт, хоёрдугаар хуудас дээр санхүүгийн сектор гээд, өөрөө танай сектор 95 хувийг нь эзэлдэг тэр секторын тухай, реформын тухай орчихсон байгаа. Тэр заалтыг уншаад, тэр заалтын талаар ямар юм оруулсан бэ гэж асуугаад байна.
Н.Золжаргал: -3 дугаар зүйл. Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хэсэг дээр байна. Дээр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа зүйл болгоныг бид нар мөнгөний бодлогодоо тусгахгүй шүү дээ.
С.Дэмбэрэл: -Би тэрийг хэлээгүй байна шүү дээ. Би яг танайхтай хамааралтай асуудлыг л ярьж байна.
Б.Гарамгайбаатар: -Асуултад хариулах өөр хүмүүс байна уу? Монголбанкны хүмүүсээс.
С.Дэмбэрэл гишүүн хариултаа бүрэн аваагүй гээд байна. Та нарт хариулах юм байна уу?
С.Болд: -Нэг зүйл нэмж хэлье. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахын тулд С.Дэмбэрэл гишүүн ээ, хамгийн түрүүнд инфляцийг л бууруулах ёстой шүү дээ. Зээлийн хүүг target-даг ийм орон гэж дэлхийд ер байхгүй.
Б.Гарамгайбаатар: -Танин мэдэхүйн чиглэлээр юмуу, эсвэл хичээл заахаа больё. Та нар асуултад нь хариулаадах.
С.Дэмбэрэл: -Чи бид хоёрын, чиний тархинд байдаг багаж, миний тархинд байдаг багаж их өөр юм шиг байна. Чинийх маш гоё текст бүүкээр явдаг юм шиг байна. Хоёулаа тийм багажаа ярих нь. Тийм учраас тийм юм битгий ярь. Зүгээр, надад чи битгий хичээл заа. Би чамд хичээл заахгүй. Ойлгосон уу? Тийм учраас асуултад л хариул.
С.Болд: -Инфляцийг бууруулна. Инфляцийг бууруулснаар.
С.Дэмбэрэл: -Инфляцийг 2006 оноос хойш танай бодлогоор буурч байсан уу? Тэрийг хэлээдэх.
С.Болд: -Буурч байсан тохиолдол бий.
С.Дэмбэрэл: -2006 онд нэг удаа, азаар, за юу. Бусад үед өөрийнхөө статистикийг харж бай, та нар. Анхныхаа зорилтот болгосон, дараа нь бодит инфляциа харж бай. Ядахдаа статистикаа хар л даа.
С.Болд: -С.Дэмбэрэл гишүүн ээ, ийм л зүйл хэлэх байна. Мөнгөний бодлогын арга хэрэгсэл болон нийлүүлэлтийн шалтгаантай нь тэмцэх замаар инфляцийг эхлээд бууруулах нь Төв банкны үндсэн зорилт байгаа. Ингэсэн тохиолдолд зээлийн хүү буурах орчин нөхцөл өөрөө бүрдэх юм.
С.Дэмбэрэл: -Олон жил наадахыг чинь дууллаа. Та битгий худлаа ярь. Асуусан асуултандаа хариулт авсангүй.
Д.Болдбаатар: -С.Дэмбэрэл гишүүний асуултад, бид энэ танилцуулгын 13 дугаар хуудас дээр тайлбарласан байгаа. Энд хийгдсэн төсөл, тооцоонууд үндсэндээ 2013 оны хувьд зээлийн хүү 30 хүртэл хувиар буурах ийм бололцоон дээр суурилсан байгаа. Нэг оронтой тоо руу хүрэх цаг хугацааны хувьд харьцангуй.
С.Дэмбэрэл: -Би энэ жил нэг оронтой тоонд 2013 онд гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ.
Д.Болдбаатар: -Тийм ээ.
С.Дэмбэрэл: -Дөрвөн жилийн асуудал гэж ярьсан.
Д.Болдбаатар: -Тийм учраас энэ жилийн хувьд, 2013 оны хувьд бид одоогийн төвшингийн 2/3-т хүртэл өөрөөр хэлбэл, 30 хүртэл хувиар бууруулахаар ийм арга хэмжээнүүд хоорондоо нийцтэй гэсэн ийм тайлбар 13 дугаар хуудас дээр байгаа. Та дараа нь хараарай.
С.Дэмбэрэл: -13 юмуу, 14 гэдгийг би нэг их. Танай, ялангуяа бүр механикаар хэлэхэд танай харлуулчихсан, онцолсон бодлогын заалтууд байна. Тэр дээр ядахдаа энэ 13 дугаар хуудсаа харлуулаад оруулчихаач. Би тэрийг чинь уншихад амархан. Ядахдаа тэгээд оруулчихаач. Тэрнээс биш, инфляци ингэж байж, тэгж байж буурдаг юмаа, гишүүн ээ гэсэн тийм хөгийн юм битгий надад ярь. Би та нарт туслах гэж ярьж байна. Миний буруу гэдгийг баталчих хүн байна уу?
Д.Болдбаатар: -Тоон үзүүлэлтээр төлөвлөгөө тавиад биелүүлсэн шиг байхад бодлого нь зүйтэй байх ёстой болов уу гээд бодлогынх нь томъёолол дээр 1-ийн 1 хэлбэрээр бичихдээ түүний танилцуулга дотор хийх ажлынх нь тайлбарлаж байгаа зүйл дээр жишээлбэл, зээлийн хүүг өөрөө ирэх 2013 оны хувьд процентоос нь 30 хүртэл хувиар, 1/3 хэмжээгээр бууруулах ийм боломжийг бас энд оруулсан байгаа.
Дээр нь иргэдэд зээлийн хүүнээс гадна очиж байгаа бусад төлбөрүүд байдаг. Энэ төлбөрүүд маань.
С.Дэмбэрэл: -Д.Болдбаатар аа, би ганцхан юм асуучихъя. Одоо чи телевизээр арилжааны банкуудын реклам хардаг уу? Хас банк, арилжааны банкуудын рекламуудыг хардаг уу? Тэнд юуны тухай рекламдаж байна вэ? Хэдэн жилийн өмнө манай зээлийн багц ийм болсон шүү гэж жижиг, дунд үйлдвэрийн багц гэж ингэж жаахан реклам гардаг байсан. Одоо юуны тухай гардаг вэ? Тэрийг хэлээд өгчих. Яг юуны тухай? Банкууд ийм байхад яаж 30 хувь бууруулах юм бэ? Эх үүсвэр нь хаана байна, ямар бодлого явуулах юм бэ, ямар өрсөлдөөн явагдах юм бэ, яаж хийх юм бэ? Төв банк энэ дээр юу хийх юм бэ? Та нар эндээ Голланд өвчин гээд бичсэн байна. Голланд өвчний эсрэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тухайлбал, хоёр, гурван тодорхой заалт орчихсон байгаа. Бодит секторууд, арьс шир, ноос ноолуур дээр тусгай мөнгө тавьчихсан, жижиг, дунд бизнес дээр 500 тэрбум төгрөг тавьчихсан. Уул уурхайн бус экспортыг ингэж тусгай хөтөлбөр, тусгай сан байгуулна гээд биччихсэн. Энэ бүхэн дээр Төв банкны оролцоо гэж юм байна уу гэж асуугаад байна. Дунд ангийг гэдгийг тэгж л бий болгодог юм.
Д.Болдбаатар: -Энэ мөнгөний бодлогын төсөл хийгдэхтэй зэрэгцээд Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамтай мэдээлэл солилцох үндсэн дээр бид нар Монгол улсад гадаадаас орж ирэх хөрөнгийн хэмжээ нэлээн нэмэгдэхээр ийм төсөөллийг оруулсан байгаа. Энэ дотроо Засгийн газрын гадаадаас авах зээл гэсэн зэрэг ийм нөхцөл тооцогдсон. Энэ нь өөрөө банкны системийн татан төвлөрүүлсэн хөрөнгө нэмэгдэх, банкуудын эх үүсвэр нөхөн сэргээгдэх ийм ирээдүй байгааг бидэнд оруулж байгаа. Яг өнөөдрийн хувьд таны ярьж байгаа үнэн л дээ. Банкуудын төгрөгийн болон гадаад валютын эх үүсвэрүүд бага байгаа учраас реклам нь тийм хэлбэртэй.
С.Дэмбэрэл: -Д.Болдбаатар аа, би та нарт дахиад нэг зөвлөмж өгчихье. Өнөөдөртөө багтаагаад Банкуудын холбоотой дахиад нэг уулзчих. Санхүүгийн холбоотой дахиад нэг уулзчих. Банк бус санхүүгийн байгууллагуудтай нэг уулзчих. Тэдний саналыг ядахдаа нэг сонсчих. Энэ чинь Монгол улсын санхүүгийн секторын оролцогчид оо. Хэдийгээр өнөөдөр танайх давамгай байдалд 95 хувьтай байгаа ч гэсэн энэ чинь багасна. Хөрөнгийн биржийн тухай хуулийн төсөл нь одоо явж байна.
Хоёрдугаарт, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийнхөө оруулсан заалтыг ядахдаа улирал бүр, хагас жил бүр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд ингэж, ингэж гэсэн байдалтай тодорхой болгочих. Хамгийн гол нь тэрийг чинь л оруулсан шүү дээ.
Б.Гарамгайбаатар: -С.Дэмбэрэл гишүүн ээ, анхны хэлэлцүүлгийг бид нэлээн хойш нь тавьж байгаа. Үүний наана бидний төлөвлөж байгаа хэд хэдэн ажлууд байгаа. Иргэний танхимаар Ерөнхийлөгчтэй хамтраад Иргэний танхим дээр эрдэмтэд, Их сургуулийн багш нартай энэ талаар ярилцъя гэсэн ийм бодолтой байгаа. Ойрын үед энэ ажил хийгдэх байх. Тэгэхээр таны асуулт, хариултад тодорхой хэмжээний асуудлууд илэрч гарч ирэх байх гэж бодож байна.
С.Дэмбэрэл: -Би түрүүн ерөнхийдөө санаануудаа хэлчихсэн. Гэхдээ бас нэмээд ганц, нэг зүйл хэлье гэж бодож байна.
Хөгжлийн банк гээд бид байгуулсан. Гэхдээ энэ их сонин байгаа. Банкны системийн бүрэлдэхүүн хэсэг биш. Хэрэв Хөгжлийн банкны бүтэлгүйтэл гарвал Төв банк энд ямар ч хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл хуулиараа оролцоогүй юм чинь. Ийм рик гарах магадлал байгаа. Цаашдаа Хөгжлийн банкыг банкны секторын интеграль хэсэг болгох тал дээр ер нь ажиллах шаардлагатай гэж зөвлөмөөр байна.
Хоёрдугаарт, түрүүн би ярьсан. Цаашдаа 2013 оны эхний хагас жил, 2013 ондоо санхүүгийн тогтвортой байдал дээр бид нэлээн анхаарах шаардлагатай. Институцийнхээ хувьд оруулж ирсэн заалтаа өөрчлөөд, тодорхой болгоод, улирал болгон Эдийн засгийн байнгын хороонд, хагас жил тутамд Их Хуралд тайлагнаж байх ийм заалтыг оруулаад ирсэн нь дээр байх гэж бодож байна. Тэрний томъёоллыг хүсвэл би гаргачихсан байгаа, тэрийг авч болно.
Дараагийн санал нь, мэдээж хэрэг, Засгийн газрын бүх үйл ажиллагаанд Төв банк оролцох ёсгүй. Гэхдээ өөрийнхөө секторт байгаа, санхүүгийн секторыг, санхүүгийн зах зээлийг манлайлагч явдгийн хувьд бусад stake holder-ыг орхиод байж болохгүй. Тийм учраас түрүүний Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан санхүүгийн секторын реформын талаарх заалтыг Улсын Их Хурлын тогтоолын төсөлдөө оруулж өгвөл маш чухал ач холбогдолтой болно. Тэр дээр одоо яриад байгаа, асуугаад байгаа өсөлтийн тухай биччихсэн байгаа. Тэнд зүгээр өсөлт гэж бичээгүй. Оролцоотой өсөлтийг дэмжих гэж бичсэн байгаа. Төв банкны бодлогын, зээлийн хүүгийн цаад агуулга нь оролцоотой өсөлтийг дэмжих буюу инклузив гэж яриад байгаа дэлхий даяар, банк болгон мэддэг, Засгийн газар болгон мэддэг энэ асуудлыг л яриад байгаа юм. Энэ талаасаа бодож, тэр томъёоллыг оруулчихвал зүйтэй байх.
13 дугаар хуудас гэнэ үү, хэддүгээр хуудаст ямар ч гэсэн тэр томъёололдоо 2013 оны зорилтонд хямдхан эх үүсвэрээр арилжааны банкуудыг зээлжүүлэх, дахин санхүүжилт хийх энэ бодлого орж ирэх юмуу, үгүй юу?
Бас, одоо бид ярихгүй бол ер нь болохгүй байх гэж бодоод байна. Банкны сектор дахь өмчлөлийн бүтэц. Энэ ямар байх юм бэ. Хэрэв жишээлбэл, EBRD Монголын 140, 150 компаниудад хямдхан эх үүсвэртэй сайхан зээл өгөөд байхад сайхан л байна. Урт хугацаандаа, дунд хугацаандаа ямар байх вэ гэдгийг бодоорой. Өнөөдөр компаниуд, томоохон компаниуд EBRD-гээр нэлээн сайхан зээл авч байгаа. Гаднаас бас их зээл авч байгаа. Яагаад арилжааны банкуудаас авч болохгүй байна вэ?
Телевизээр гардаг реклам бол арилжааны банкуудын өнөөдрийн л яг бодит байдал нь энэ. Бид нарыг жижиг, дунд бизнесийг дэмжих пакеж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэд хэдэн газар туссан байгаа. Мөнгийг нь заагаагүй хэд хэдэн юмнууд байгаа. Мөнгийг нь бүр тодорхой заачихсан юмнууд байгаа. Эдгээрийг тооцоолж үзээд, ядаж үүний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр Төв банк оролцох, бодит секторыг дэмжих, арилжааны банкуудаараа дамжуулаад. Дээр нь Төв банкны нийт санхүүгийн зах зээл дээр оролцогч операторуудын хоорондын өрсөлдөөнийг Төв банк хаахгүй бол өнөөдөр хэн хангах юм бэ? Тэгж байж л энэ сектор чинь эрүүлжих зам руугаа явна шүү дээ. Зөв голдиролоор явна. Энэ мэтийн амьдралаас гараад байгаа, амьдрал дээр яг бодитой харагдаж байгаа зүйлүүдийг, жишээлбэл, Санхүүгийн зохицуулах хороо бол банк бус санхүүгийнхээ байгууллагуудыг хариуцна гээд орхиж болохгүй.
Өнөөдрийн ард түмний ихэнх хэсэг чинь санхүүгийн хамгийн их үйлчилгээ ломбардаар л үйлчлүүлж байна шүү дээ. Бөгжөө тавиад, 5-8 хувьтай. Энэ чинь санхүүгийн үйлчилгээ мөн биз дээ? Энэ санхүүгийн зах зээлд хамаагүй юмуу? Иймэрхүү, иймэрхүү асуудлыг нухацтай яриад, зах зээлийнхээ оролцогчдын саналыг бүрэн сонсоод харилцан мэтгэлцээд, ийм байдлаар ингээд явбал цаашдаа хэрэгтэй байх гэж бодогдож байна. Баярлалаа.
Tweet