Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоолын төслийн талаарх саналын томьёоллуудыг хэлэлцэх үеэр
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Г.Батхүү гишүүн үг хэлж санал хэллээ. Ингээд асуух асуулт дууслаа. Ингээд бичгээр ирүүлсэн саналуудын томьёолол байгаа учраас санал хураалт явуулъя.
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоолын төслийн талаарх саналын томьёоллууд байгаа. С.Дэмбэрэл гишүүн.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Сая Ц.Баярсайхан гишүүний хэлсэн санал их зөв байхгүй юу. Одоо Баярсайхан зарчмын зөрүүтэй саналаа өглөө. Тэгэхээр Ц.Баярсайхан гишүүн болон миний бас нэг санал байгаа. Үндэсний статистик хороо нь Улсын Их Хуралдаа үлдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь харин Ц.Баярсайхан гишүүний хэлсэн хэсгээр нь оруулаад ирэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнээс Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хасах гэсэн томьёололоор болж байгаа юм. Энэ хоёрыг зэрэг ярьж байгаад хийчихмээр байх юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь:-Энэ саналын томьёоллууд ороод ирчихсэн байгаа. Тэгээд томьёолол уншсаны дараагаар саналаа хэлэх үү? Ц.Нямдорж гишүүн үгээ хэлье.
2.”Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралт дахь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Бүртгэл, статистикийн ерөнхий газар гэснийг хасах. Ингэж хасаад дараагийн саналын томьёолол болохоор Бүртгэлийн ерөнхий газрын хүн амын хасах гээд гуравдугаарт, Бүртгэлийн ерөнхий газрын хүн амын бүртгэл мэдээтэй холбоотой газрыг Үндэсний статистикийн хороог харьяалуулаад мөн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрыг Газрын харилцаа геодези зураг зүйн газарт шилжүүлж Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэх гэсэн ийм томьёолол байгаа юм. Энэ томьёололтой холбоотой Ц.Нямдорж гишүүн саналаа хэлье.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж: -Гишүүд ээ, үүнийг ингэж шийдэж болохгүй. Ингэж асуудлыг шийдэхийн тулд судалгаа, хуулийн өөрчлөлт гэх мэт элдэв давхар ажлууд хийгдэх ёстой. Тэр нь байхгүй байна. Тийм учраас одоо статистикийн хороог тусад нь гаргаад, бусдыг нь Засгийн газрын харьяанд байдгаар нь орхи. Энд өрөнгийн бүртгэл бий, хүний бүртгэл бий, хуулийн этгээдийн бүртгэл бий, сонин хэвлэлийн бүртгэл бий, тэрийг дагасан дандаа хуулийн иш үндэстэй юм шүү дээ. Энэ санал хураалтыг хийчих юм бол одоо мөрдөж байгаа хуулиудтайгаа зөрчилдөнө. С.Дэмбэрэл гишүүний яриад байгаа санал зөв байж магадгүй. Гэхдээ үүнийг судалж байж Үндэсний статистикийн хороонд үүнийг өгөх юм бол ийм хуульд ийм өөрчлөлт оруулна гэдэг юмыг давхар хийхгүй бол болдоггүй юм. Гарсан өдрөөсөө мөрдөгдөөд эхэлдэг учраас зохион байгуулалт чинь хуультайгаа зөрчилдөөд есөн шидийн муу зүйл болж болно. Би санал гаргасан гишүүд саналаа татаад аваач гэж хүсэх гэж байна. Огт болохгүй энэ удаагийн нэг цохилтоор. Засгийн газар нухацтай судалж байж эсвэл гишүүд нухацтай судалж байж хууль санаачлах хэлбэрээр наадахыг чинь хийхгүй бол нэг удаагийн санал хураалтаар огт хийж болдоггүй асуудал. Жишээ нь, эд хөрөнгийн бүртгэл Засгийн газарт байдаг нь зөв үү, буруу юу гэдэг асуудал яригддаг юм. Германд жишээ нь, эд хөрөнгийн бүртгэл шүүх дээрээ байдаг юм. Ийм нарийн юмнууд цаад талдаа байдаг юм. Тийм учраас Үндэсний статистикийн хороогоо бие даасан байдлаар нь үлдээгээд бусдыг нь орхичих хэрэгтэй. Шал дэмий юм хийх гэж байна.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Ц.Баярсайхан гишүүний сая гаргасан саналтайгаа холбоотой санал хэлэх үү? Тэгвэл хуучнаар нь хураагаад явъя. Та саналаа татаж авч байна уу? Ц.Баярсайхан гишүүн.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан: -Би бол ер нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний асуудал, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн асуудлыг цаашдаа цэгцлэх шаардлагатай байгаа юм. Гарцаа байхгүй бид үл хөдлөх хөрөнгийг газартай холбож ойлгож байгаа. Тэгэхээр энэ газрын харилцааны асуудал ч гэсэн цаашдаа нэг газраа төвлөрч явах ёстой. Тэр нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газар л байгаа юм л даа. Тэгж байж энэ үйл хөдлөх хөрөнгө чинь бүртгэлтэй болно, кадастртай болно, нэгдсэн сүлжээндээ орно, үүнийг сая Ц.Нямдорж сайдын хэлдэг зөв л дөө, үүний цаана өөр олон бүртгэл байгаа юм. Тийм учраас сүүлийн гаргаан гуравдугаар саналаа татаад хоёрдугаар саналаараа хуучин Хууль зүйн сайдынх нь хэвээр байлгая гэдэг саналаа хураалгая.
Эдийн Засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь:-Улсын бүртгэлийн ерөнхий газрыг өөрчлөх санал гаргасныг гишүүн саналаа татчихлаа. Тийм учраас гаргасан томьёоллоороо хоёрдугаарт, ”Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын би хамт гэж ойлгосон юм. Тэгвэл С.Дэмбэрэл гишүүний түрүүн хэлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой зарим хэсгийг нь нийлүүлэх тухай санал байгаа юм. С.Дэмбэрэл гишүүн саналаа тайлбарлана уу.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Баярлалаа. Тэгэхээр би Ц.Баярсайхан гишүүний хэлсэн санал дээр миний хэлэх санал ямар вэ гэхээр ерөнхийдөө Үндэсний статистикийн хороо энэ хуучин бүтцээрээ ажиллаж, харин Улсын бүртгэлийн ерөнхий газрыг бүртгэлийн бүх чиг үүрэгтэй нь тийшээ оруулъя гэсэн ийм практик санал юм. Ц.Баярсайхан гишүүний хэлсэн санал геодезид үл хөдлөх дээр байдаг. Яагаад ийм санал гаргасан юм бэ гэхээр үл хөдлөх дээр жишээ нь, моргейж гэхээр одоо хүртэл бид нар барилгын индекс гаргаад боломжтой орон сууцны индекс гэж авч судалдаг. Түүний энэ бүх мэдээлэл нь Үндэсний статистикийн хороонд байдаг юм. Өрхийн орлого, зарлагын судалгаа гээд маш олон жилээр гаргасан байдаг. Энэ талаас нь бодож хэлсэн юм. Гэхдээ Ц.Нямдорж гишүүн зөв санал хэллээ. Би бас дутуу бодож. Тийм учраас Ц.Нямдорж гишүүний зөвлөгөөг дагаад татаж авч байна.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь:-Ингээд санал гаргасан гишүүд бүгд саналаа татаж авлаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet