2016 онд төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэг эх үүсвэр нь өмч хувьчлалын орлого гэж оруулж ирсэн. Үүний дотор Төрийн банкийг хувьчилж төсөвт тодорхой орлого оруулна гэж байгаа. Гэвч Төрийн банкийг хувьчлахгүйгээр өөрчлөн байгуулалт хийх замаар жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх банк байгуулах зайлшгүй шаардлага, давуу талууд байна. Үүнд:
-
Төр (Засгийн газар) банкны секторт арилжааны банкуудтай арилжааны нөхцөлөөр арилжааны банк байгуулж өрсөлдөх нь утгагүй. Төр өөрийн бодлого, тухайлбал, бодит секторыг дэмжих, идэвхжлийг нь хангах, түүний дотор жижиг, дунд бизнесийг дэмжих, эдийн засаг, экспортын дивесифисац гэх мэт бодлогоо хэрэгжүүлнэ гэж төрөл бүрийн, үр дүн муутай сангууд байгуулж байснаас Төр санхүүгийн секторт эдгээр зорилгоо хэрэгжүүлэх тусгай банк байгуулж, өрсөлдөөнийг гаднаас оруулж өгөх нь оновчтой болно.
-
ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, ЖДҮ-ийн зээлийн батлан даалтын сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, тариалан эрхлэлтийг дэмжих сан, үйлдвэрлэлийг дэмжих сан гэх мэт ерөнхий зорилго нь ижил мөртлөө олон саланги сангуудыг цаашид ийм байдлаар үргэлжлүүлж болохгүй. Тиймээс эдгээр сангууд, дээр нь нийгмийн даатгалын сангийн чөлөөтэй мөнгөн хөрөнгө зэргийг нэгтгэн энэхүү шинээр байгуулагдах банкны активийг нэмэгдүүлж болно.
-
Өнөөдөр Төр ба арилжааны банкны хоорондын харьцаа Төрийн зүгээс тодорхой зорилгоор тодорхой бодлого, хөтөлбөрүүдийг урьдчилан сонгогдсон арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж буй хэлбэр нь арилжааны банкуудын бодлого, авир төрхөд 20 жилийн турш бараг өөрчлөлт оруулж чадсангүй. Монголын иргэд, аж ахуй нэгжүүд, банкны зээлийн хүнд орчинд амьдарсаар л байна.
-
Төрийн банкинд ийм өөрчлөн байгуулалт хийсний дараа уг банкны 49%-ийг хязгаарлагдмал хүрээнд жижиг, дунд, бизнесийнхэнд хөрөнгийн бирж дээр арилжаалж төр, хувийн хэвшлийг хөрөнгө бүхий хувьцаат компаний хэлбэрт оруулснаар засаглалын зөв хэлбэр үүсгэх юм.
-
Төрийн банкийг ийнхүү өөрчлөн байгуулснаар банкны секторт эрүүл өрсөлдөөнийг өдөөх, банкны секторт хэт төвлөрөл, олигопол, монополь бүтэц үүсэхээс сэргийлэх, хамгийн гол нь бодит секторыг дэмжих, дунд ангийг бүрдүүлэх үйл явцад эерэг нөлөө үзүүлэх болно.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл
Д.Батцогт
С.Бямбацогт
А.Бакей
С.Ганбаатар
М.Батчимэг
Ч.Улаан