Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжихажлынхүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих асуудлын хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл юм. Татварын өршөөл гэж улс орнууд татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор хэрэглэж буй арга хэмжээ бөгөөд төрөөс татвар төлөгчдөд төлөх ёстой татвараа тодорхой хугацаанд багтаан сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлж, төлсний үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцохгүй байхаар өгч буй амлалт юм.
Манай улсад анх 2007 онд уг асуудлыг зохицуулсан хууль батлагдан хэрэгжсэн билээ. 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байсан.
2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөлийн тухай хуулиар зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.
Дээрх хуулиудын дагуу 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлж, улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нэмж мэдүүлсэн аж ахуйн нэгжийн судалгаанаас үзэхэд өршөөлийн хуулиар нэмж мэдүүлсэн орлогын 49.1 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид байна. Боловсруулахаж үйлдвэр (14.6%) болон барилга (13.9%), уул уурхайн салбар (7.0%) Татварын өршөөлийн хуульд хамгийн ихээр хамрагдсан байна.
Дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан тул уг хуулийн төслийг дахин боловсрууллаа.
Энэхүү хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлсон болно.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарах юм.
Хуулийн төслийг хавсралт файлаас татаж авна уу/beta/upload/files/EZiltodbaidal-last.pdf
Tweet