Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн /Мягмар гараг/Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол боловсруулах үеэр
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Нэгдүгээрт, -Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах хязгаарлах талаар чиглэл бүхий тогтоолын 3-р зүйлд, бүх шатны засаг дарга нарт гэсэн байна. Засаг дарга төрлөхийн тэмбүүнээс сэргийлж, халдварыг нь илрүүлэх юм байна. Энэ томёололын хувьд утга санаа нь ийм болжээ. Бүх шатны Засаг дарга “юу хийх ёстой бэ” гэхээр нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрсдлийн удирдлагын хөтөлбөрийг боловсруулах ёстой юм. Өөрөөр хэлбэл, бүх шатны засаг дарга нар тухайн засаг захиргааны нутаг дэвсгэр дээр эрсдлийн удирдлагын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлсүгэй гэсэн үүрэг өгөх хэрэгтэй. Энэ тохиолдолд бүх зүйлийг хамруулж чадах юм. Тэрнээс биш, үүнийг нэг бүрчлэн дутуу заасан зүйл орж болохгүй. Эрсдлийн удирдлагын хөтөлбөр нь бэлгийн замын өвчнийг эхний шатнаас аваад төгсгөлийн шат хүртэл эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх гэсэн утгаар оруулах нь зүйтэй гэсэн санал байна.
Хоёрдугаарт, Зочид буудал, дэн буудал, амралтын стандартад өөрчлөлт оруулахдаа ийм байдлаар оруулж болохгүй. Стандарт бол өвчний тухай стандарт биш. Тэнд, хүмүүс очиж унтдаг. Зочид буудал, дэн буудал, амралтын газар хүмүүс орж байгаа учраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү дунд нь явуулах, эрсдлийн бүлэг биш эрсдэлтэй цэгүүд гэдэг утгаараа илүү оруулж өгнө үү гэхээс биш, стэндартад өөрчлөлт оруулаад урьдчилан сэргийлнэ гэдэг нь утгагүй заалт байна. Тиймээс ийм байдлаар заалтаа өөрчлөх ёстой.
Гуравдугаарт, нэг талаас Төр өөрөө бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ зүйлийг л хийх гээд байна. Тэгэхээр энд хувийн хэвшилд үүрэг өгнө гэхээсээ илүү хувийн хэвшил өөрөө сайн дурын үндсэн дээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оролцох байдлаар хувийн хэвшилд сэжим түлхэц өгөх заалт оруулж өгөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгж байгууллагуудын энэ чиглэлээр явуулсан үйл ажиллагааг нь урамшуулдаг тогтолцоог бий болговол, энэ нь тал талаасаа энэ асуудалд онцгой анхаарсан зүйл болж чадна. Энд нийгмийн эрүүл мэнд гэсэн асуудал орхигдож байна. Манай улсад нийгмийн эрүүл мэндийг тусад нь судалдаг эрдэм шинжилгээний байгууллага бий. Энэ байгууллагын судалгаа шинжилгээний ажлыг энэ чиглэлээр илүү дэмжиж өгөх, тогтмол болгох, энэ талын индикаторуудыг /тодорхойлүгч түвшинг/ тодорхой хугацаанд хагас, бүтэн жилээр нийгэмд мэдээлж байдаг судалгаа шинжилгээний ажлын зүйлийг оруулж өгөх хэрэгтэй. Энэ чинь судалгаа шинжилгээ дээр суурилдаг. Тухайлбал, эрсдэлтэй бүлгийг тодорхойлно гэхэд судалгаа шинжилгээ хэрэгтэй. Аль аймагт эрсдэлтэй бүлэг байна гэхэд, энэ аймаг гэх жишээтэй. Энэ бүх зүйлийг судалгаа шинжилгээний үндэс дээр хийнэ. Үүнийг хийдэг байгууллага нь зөвхөн яам биш, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж Монгол улсын нийгэм эрүүл мэндийг “юу болж, яаж байна” гэж шалгаж байдаг байгууллага юм. Энэ талаас нь нэг заалт оруулж өгөх ёстой. Ийм нэг санал байна. За, баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Хянхярваа: С.Дэмбэрэл гишүүний хэлж байгаа саналууд байна. Таны хэлж байгаа эрсдэлдэлтэй гэдэг үгээр солих нь зөв юм байна. Бүх шатны засаг дарга нарт бүх өвчний нэрийг заасан байна гэж хэллээ. Үүний зүй нь бол бүх шатны засаг дарга нар өөрийнхөө орон нутаг дээр үндсэндээ эрүүл мэнд, боловсрол, спорт бүхий л арга хэмжээг зохион байгуулах эрхийг хуулиар хүлээдэг юм. Тэгэхээр энд, бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх чиглэлийн эрсдлийн удирдлагын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гэдэг юм уу, ийм байдлаар үүнийг засаж, залруулан оруулъя. Ажлын хэсэг С.Дэмбэрэл гишүүний саналыг аваад оруулана уу. Буудлын стандарт дээр түрүүн Ё.Отгонбаяр гишүүн хэлсэн. Энэ үнэн үнэн. Бид нар өчигдөр ярьж байгаад, стандарт гэдгийг нь арай өөр байдлаар, гэхдээ бэлгэвчийн хэрэглээг энэ буудалуудад боломжтой болгох нөхцлийг хангахад чиглэсэн заалт өгөх гэж байгаа юм шүү дээ. Үүнийг ямар утгаар, яаж оруулах вэ, буудал, дэн буудалд байх вэ гэдгийг Та бүхэн сонгоно уу. Стандарт өөрчилнө гэхээр үнэхээр үнэн, үнэн. С.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр гишүүний хэлж байгаатай бас санал нэг байна. Харин хувийн хэвшилд хандсан асуудлыг бид нар сая зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж оруулсан. Үүнийг ажил олгогчдын зүгээс өөрийн байгууллагын ажилтан, ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад чиглэсэн заалт байгаа боловч, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг хэвшил болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх. Гэхдээ энэ нь зүгээр багтаж байна уу, үгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл:Одоо жишээлбэл, хамруулах гэж байгаа, таслал тавиад үүний дараа нэг өгүүлбэр хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аж ахуй нэгжийнхээ түвшинд тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэтийг “Төрийн зүгээс дэмжиж, хамтран ажиллахыг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг болон Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо гэх мэт зөвлөсүгэй” гэсэн ийм байдлаар оруулж өгвөл Төр, Хувийн хэвшлийн түншлэл энэ салбар дээр хэрэгжинэ гэсэн үг. Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажлыг тусдаа заалт болгон оруулж өгөх хэрэгтэй. Тэд өөрсдөө мэдэж байгаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet