Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Хяналтын тухай хуулийн төслийг хамтран өргөн барьж байгаагийн хувьд асуух асуулт байна.
Хууль санаачлагчид нь хэлэлцүүлээд өгөөч гээд байдаг, тэр байтугай зөрөлдөөнтэй ямар асуудал байгаа, түүнийг нь хүлээж авъя гэж хэлээд байдаг, одоо яг юу нь болохгүй байна бэ?
Хойшлуулах яг ямар шалтгаан, яг юу нь болохгүй байна гэдгийг их тодорхой хэлж өгмөөр байна. Би бол хэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны А.Бакей даргатай ч энэ тухай ярьсан. Хэрэв энэ хуулинд хяналтын чиг үүргийг яамдуудад тарааж өгөх гэж байгаа бол, үүнийг болчихёо. Хууль санаачлагчийн хувьд би ийм бодолтой байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Энэ хуулийг санаачилсан нилээн олон гишүүд бий. Санаачилсан гишүүд нэгдсэн байдлаар зарим үзэл баримтлалд тусгасан асуудлаасаа нэгдмэл байр суурьтай байвал энэ болно.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Тэгээд яагаад нэгдмэл байр сууриа гаргахгүй байгаа юм бэ ?
Улсын Их Хурлын гишүүн /ажлын хэсгийн ахлагч/ Г.Батхүү: Надад хуулиар олгогдсон эрх, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн концепцын хүрээнд л өөрчлөлт оруулах эрхтэй. Хэрвээ С.Дэмбэрэл гишүүн өөрийнхөө оролцож, өргөн барьсан хуулийн концепцыг өөрчлөе гэж байгаа бол дэгийн тухай хуулиар олонхи нь хуулиа татаж аваад, өөрчлөөд дахиад, Засгийн газраас санал аваад өргөн бариулах ийм л боломж байгаа. Би ажлын хэсгийн ахлагчын хувьд ажлын хэсгийн гишүүд, та бүхний өргөн барьсан хуулийн концепцыг өөрчилж, ямар нэгэн асуудлыг дураараа өөрчлөх боломж байхгүй байгаа.
Төрийн байгуулалтын байныгн хорооны дарга А.Бакей: 9 гишүүн санаачилж өргөн барьсан байна. Тийм учраас өргөн барьсан гишүүдийн хувьд ч ярилцъя. Яг ямар санал тавьж байгаа гэдгийг нь. Ажлын хэсэг бас ажиллая. Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү гишүүний хүсэлтээр Хяналтын тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хойшлуулья гэсэн саналаар санал хураалт явуулна. С.Дэмбрэл гишүүн асуулт асууна.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Төрийн байгуулалтын байнгын хорооны А.Бакей даргаа, Хууль Зүйн байнгын хороо 12 санал бүхий албан бичгийнхээ хамгийн эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг гээд оруулсан байгааг, өөрт чинь өчигдөр үзүүлсэн. /Таны зүүн буюу зүрхэн талд сууж байгаад үзүүлсэн/ Ямар шалтгаанаар, хэн гэдэг хүний даалгавараар оруулахгүй байгаа юм бэ? Үүнийг хэлж өгнө үү. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал дээр хэлэлцэх эсэхийг шийдээд, одоо хууль зүйн байнгын хороо дээр явж байгаа зүйл. 2015 оны хаврын чуулганаар батлуулж чадсангүй, чадахгүй юм шиг байна. Намрын чуулганы хамгийн түрүүнд нь хариуцсан Хууль зүйн байнгын хороо нь тавиад ирүүлж байхад, ямар үндэслэлээр оруулсангүй бэ гэдгээ маш үндэслэлтэй, баримттайгаар хэлж өгнө үү.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Нэгдүгээрт, би түрүүн танилцуулгадаа хэлсэн. Өргөн мэдүүлэгдсэн, хэлэлцэгдэж эхэлсэн, хэлэлцүүлгийн шатанд байгаа 93 хууль байна. 93 хуулийн нэг нь таны өргөн мэдүүлсэн Монгол улсын хүний эрхийн комиссын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа. Нэг санаачлагч нь би бас өөрөө. Хэлэлцүүлгийн шатанд байгаа 93 хуулийг бүгдийг энд нэмж бичнэ гэвэл уртаас урт жагсаалт гарна. Үүнийг заавал бүгдийг нь оруулахгүйгээр бусад гэдэг асуудлын хүрээнд тухай бүр шийдвэрлэж явах боломжтой гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, Уг нь таны энэ хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулсан. Гэтэл хаврын чуулганд хэлэлцүүлэхээр оруулсан мөртлөө, хэлэлцэгдээгүй учраас ойлголцож, зөвшилцөөд, бусад гэдэг асуудлын хүрээнд аваад явах боломжтой гэж үзээд, оруулаагүй үлдээсэн гэдгийг та ойлгоорой. Түүнээс хэн, нэгэн хүний даалгавараар асуудал хийгдээгүй гэдгийг хэлье.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Хэнтэй, юу ойлголцоод зөвшилцөх гээд байгаа юм бэ? Хууль зүйн байнгын хороонд намрын чуулганд оруулж өгнө үү гээд энэ хуулийг тавьсан, үүнийг үгүйсгэх үндлэлийг л надад хэлж өгнө үү. 93 хууль гэдгийг би ойлгож байна. Яагаад энэ хууль саяхан өргөн барьсан, тухайлбал гэр бүлийн тухай хууль, ерөнхийлөгч барьсан хуулиудаас орохгүйгээр энд ямар хуулийг нь оруулдаг юм бэ? Ямар шалгуур тавьсан юм бэ? Мэргэжлийн байнгын хороо нь өөрөө үүнийг оруулж өгөөч гээд номер нэгд нь бичиж байна лээ. Үүнд тодорхой хариулт өгнө үү. Би бол хардах эрхтэй. Танд бол нөлөөлсөн. Хэн нэгэн хүн нөлөөлж байна. Хэн нөлөөлж байгааг нь би мэдэж байгаа. Монгол улсад хүний эрх хамаагүй болсон юм уу? Хүний эрхийн үндэсний комиссын хурлын 20-иод гишүүн үүнийг санаачилсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Ойлголоо. Хэн нэгэн хүн нөлөөлөөгүй гэдгийг би хэлсэн. 93 хуулийг бүгдийг нь жагсааж бичиж, болохгүй байна. Бусад гэдэг дээр бид хэлэлцээд явах бололцоотой. Хэрвээ та заавал энэ жагсаалтанд оруулъя гэвэл одоо зарчмын зөрүүтэй санал томёолж бичээд, санал хураалгах эрх танд байгаа шүү.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet