Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн / Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Би ажлын хэсгийн гишүүн, гэхдээ хэдэн зүйл хэлэхгүй бол болохгүй юм шиг байна.
Нэгдүгээрт, Яг ийм байдлаар эрүүгийн хуулийн төслийг явуулбал болохгүй. Миний ажилласан эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэг хангалтгүй ажилласан. Харин хангалттай ажилласан нь ажлын дэд хэсэг. Тийм учраас Улсын Их Хурлын гишүүд та бүхэн асуултаа ажлын дэд хэсэг рүү чиглүүлмээр байна. Ажлын дэд хэсэгт энэ асуудлыг илүү хууль эрх зүйн талаас нь мэргэжлийн түвшинд тайлбарлах хүмүүс бий.
Хоёрдугаарт, ажлын хэсэг дээр асуудлыг хэлэлцэхдээ заримдаа гурилддаг юм байна. Ийм чухал хууль дээр ч гурилдлаа. Уг нь энэ хуулийг бүлэг бүлгээр нь бүхэлд нь авч үзээд, явах ёстой байсан. Гэхдээ тийм цаг ч байгаагүй, тийм зүйл ч хийгдээгүй. Хууль зүйн байнгын хороо “яаж хуралддаг юм бэ” гэдгийг харсан. Тухайлбал миний оруулж ирсэн 9 санал унасан. Эрүүгийн хуулийн асуудлыг тал бүрээс нь нухацтай ярилцахын оронд, ерөнхийдөө олонхийн саналаар түрдэг юм байна лээ. Энэ хуулийн хувьд бүхэлдээ өмнөхтэй нь харьцуулж чадахгүй ч, нилээн дэвшил авчирсан хууль юм гэж би харсан. Харин эдийн засгийн гэмт хэргүүд дээр дэвшил авчирсангүй. Дэвшил яагаад авчираагүй бэ гэхээр үүнийг тодорхой ярьсангүй. Эдийн засгийн гэмт хэргийн-18 дугаар бүлэг, мөн эдийн засагтай холбоотой 20 дугаар бүлэг энэ бүгдийг эрүүжүүлсэн. Энэ хуулинд нөлөөлсөн бас нэг зүйл бол төрийн байгууллагууд. Төрийн байгууллагууд өөрийнхөө хуулинд заасан асуудлыг өөрсдөө шийдээд, захиргааны зөрчлийн энэ асуудлуудыг эрүүжүүлэх сонирхолтой юм байна лээ. /Өөрөөр хэлбэл ажлаа сайн хийсэн болох гэж./ Энэ хуулийн бас нэг онцлог нь бүхэлд нь бизнесийн орчныг эрүүжүүлэх, татварын өршөөл үзүүлэх гэсэн бидний бусад хуулиудаар хийж байгаа орчинд явагдаж байгаа. Үүнийхээ үзэл санаатай ерөнхийдөө таарсан. Гэхдээ эдийн засаг дээр бол та бүхэн үүнийг анхааралтай харах ёстой юм шүү!Энэ хуулинд гэм буруугүйн зарчим, хуулийн этгээд ч гэсэн бүх зүйлүүд нь энд сууж байгаа Д.Дорлигжав сайд, Г.Эрдэнбат прокурор, Х.Батсүрэн шүүгч, н.Оюунболд нар бол ажлын дэд хэсэг дээр маш сайн ажилласан бөгөөд, энэ асуудал дээр бүрэн тайлбар өгч чадна. Энэ үнэхээр чухал хууль юм бол та бүхэн ажлын дэд хэсгээс маш сайн тайлбар авна уу гэж уриалмаар байна. Ингэж байж энэ хууль цаашаа явна.
Гуравдугаарт, энэ хуультай андуурагдаж байгаа бас нэг асуудал байна. Энэ хуулинд заагаагүй, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулинд заасан энэ асуудлуудын заалтууд хуулинд байх ёстйо. Тухайлбал, Я.Содбаатар гишүүн “хүмүүсийг чөлөөтэй явах эрхийг нь хязгаарлах” тухай асуулаа. Өөрөөр хэлбэл хүнийг ямар ч шалтгаангүйгээр субьектив байдлаар цагдан хорьдог. Энэ талаас нь мэргэжлийн тайлбаруудыг авбал эрүүгийн хууль цаашаа явж чадна. Энэ байдлаараа их л удах нь дээ. Би өөрийнхөө санал дээр байр сууриа хэлье. С.Дэмбэрэл гэж зарим зүйл дээр бичсэн, би яг тухайн үед нь “би биш”, “би энд ороогүй” гэж хэлнэ. Яагаад гэвэл ард байгаа С.Дэмбэрлийн саналууд унасан. Тэгсэн мөртлөө унасан саналынхаа төлөө би С.Дэмбэрэл гэж яагаад нэрээ бичүүлэх хэрэгтэй юм бэ? Өөрөөр хэлбэл би зөрчилдөж болохгүй. Би өөрийнхөө санал дээр бат зогсоно. Тэдгээр саналуудыг та бүхэн энэ УИХ дээр босговол босго. Хэрэв тэгж чадахгүй бол эдийн засгийн гэмт хэрэг гээд, бүгдийг нь 1-5, 5-8 жил, аж ахуй нэгж, хуулийн этгээд бол ингээд явна гэсэн сонин заалтууд болно. За, баярлалаа.
Улсын Их хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet