Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна. Нягтлан бодох бүртгэлийн хууль болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн хуульд өөрчлөлт оруулах үеэр
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Энэ хуулийн төсөл дээр ажлын хэсгийн дэд хэсэгт ажилласан Отгонбаатар гэдэг залуу мэдээлэлүүд өгсөн. Би түүнийг их зөв гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Улсын Их Хуралын гишүүдэд мэдээлэл өгөх нь зөв.
Нэгдүгээрт, Аливаа нэгэн байгууллагын лоббид ажлын хэсгийн гишүүд ороогүй гэсэн баталгааг хэлж өгнө үү. Хувийн их, дээд сургуультай Улсын Их Хурлын гишүүд ч орсон байна гэх мэт янз бүрийн зүйл дуулдаж байна. Гишүүдийг ч аливаа хууль хийхдээ өөрсдийн эрх ашигт нийцүүлэн баталдаг гэсэн яриа олон нийтийн дунд их ярьж, бичдэг. Би энэ хуулийг нийгэмд зөв ойлголт өгөх талаасаа батлагдаасай гэж бодож байна.
Хоёрдугаарт, Монгол улсад 107 мянган аж ахуй нэгжийн 30 гаруй мянган аж ахуй нэгж нь чагтан данс гаргасан байна. Үлдсэн аж ахуй нэгжийн орлогын албан татварыг тоолоход 75006 аж ахуй нэгжээс 40 мянга нь маш жижиг хэмжээний аж ахуй нэгжүүд байна. Бид нягтлан бодох бүртгэлийн ухааныг хөгжүүлэхдээ зөвхөн тэр чиглэлийн их, дээд сургуулиудын нийлүүлэлт талаас биш, обьект буюу эрэлт талаас нь бас хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд:
1-т иргэд, ХЭАА, хоршоо, жижиг компаниудад зориулсан хялбаршуулсан нягтлан бодох бүртгэлийн бодит хэрэгжилт хаа байна? Олон жилийн турш ярьсан болохоос хэзээ, яаж хэрэгжих гэдэг нь тодорхой биш байна.
2-т, жижиг аж ахуй нэгжүүд эсвэл чагтан данс гаргадаг аж ахуй нэгжүүдийн ихэнхи нь практик дээр сурч, эсвэл дамжаанд явж байдаг. Энэ яагаад болдоггүй юм бэ? Боловсролын зах зээлд өрсөлдөөн дээр бүх зүйл болох ёстой. Аж ахуй нэгжийнхээ хэрэгцээ шааардлагад нь, хувь хүний санхүүгийн боловсролд нь, тохирсон богино хугацааны сургалтыг явуулж байгаа хүмүүс тухайн дамжаа, сургуульдаа тэр боловсролоо эзэмшиж, аж ахуй нэгжийнхээ татварын бүх харьцаагаа өөрсдийнхөө шаардлагыг хангахад явж байхад юу нь болохгүй байгаа юм бэ? Яагаад заавал нөгөө талаас нь бодож, бүх юмыг хүч хэрэглэсэн маягаар хуулийн аргаар зохицуулах гээд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ тал дээр тодорхой тайлбар өгнө үү. Түрүүн Я.Содбаатар гишүүний асуусан, Отгонбаатарын саналуудыг би дэмжиж байна. Үүнийг яаж тусгаж зассан юм бэ, яаж нягтлан бодох бүртгэлийн боловсрол олгох системыг зөвхөн албан төдийгүй албан бус секторт албан бус байдлаар Монгол улсын боловсролын системийг ерөнхий концепцын дагуу яагаад хийж болохгүй байгаа юм бэ? Энэ талаас нь би нилээн их болгоомжтой хандаж байна. Өөрөөр хэлбэл Би Ч.Хүрэлбаатар гишүүнийг хувийн сургуультай гэж бодохгүй байна. Таныг их шудрага хүн учраас сургуультай байсан ч, өөрийнхөө лоббиг оруулсан гэж бодохгүй байна. Гэхдээ та Отгонбаатарын саналыг авч болохгүй санал гэдэг нь урьдчилан хүнийг тодорхойлж байгаа юм. Тиймээс бүх саналаа бүх сургууль түүний дотор танд санал өгөөгүй ч гэсэн угаасаа хэрэгцээ нь байдаг, сая ярьсан бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчидийн нягтлан бодох бүртгэлийн боловсролын хэрэгцээг яагаад энэ хуулиндаа тэгш тусгаж болохгүй байгаа юм бэ гэдэг асуудал байна. Бүх хүнд олон улсын стандарыг олон жил ярилаа. Том компаниуд нь мөнгөн суурь, дунд компаниуд нь бидэнд заавал тийм шаардлага хэрэггүй гэж ярьдаг. Тэгэхээр зах зээлдээ зохицож, өрсөлдөөн үүсгэх хэрэгтэй байна. Яагаад аль нэгэн сургалтын байгууллагыг далд байдлаар ч гэдэг юм уу, яг энэ хууль гарсаны дараа хэн гэдэг хүн дээр хамгийн их хүмүүс очих нь бэ, ямар хүмүүс гомдол мэдүүлэж байна бэ гэдэг асуудал гараад л ирнэ. Ийм зүйлийг сайн бодож хийх хэрэгтэй. Үүнийг яагаад хийж болохгүй байгаа юм бэ?
Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар: Би энэ ажлын хэсэгт хувийн дээд сургуультай хүн байгаа гэдэгт эргэлзэж байна. Ашиг сонирхолын зөрчилдөөн үүсэх учраас, ажлын хэсэгт тийм хүн оруулаагүй байх. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг төсвийн байнгын хорооны дарга Б.Болор гаргаж, “Ч.Хүрэлбаатар гишүүн та ахлана уу” гэж хэлсэн. Ажлын хэсгийн гишүүд дотор хувьдаа сургуультай хүн байхгүй байсан. Зарим хүн аливаа зүйлийг үгүйсгэхийн тулд яриа гаргаж явдаг учраас тийм л зүйл болсон болов уу гэж бодож байна. Төрийн бус байгууллагуудын хэлсэн саналыг бол нилээн сайн авсан. Гэхдээ бас авч болохгүй зүйл гэж бас байна. Өнгөрсөн хугшацаанд аж ахуй нэгжүүд тайлан гаргаж, тайлагнах байх. Нягтлан бодох бүртгэлийн мэрэгжил, мэргэшил, ур чадвар, ёс зүй бол нилээн өндөр болж, дээшилсэн. Бид нар хүссэн түвшингээ цаашаа ахиулж явж байх ёстой гэж ойлгодог. Харин хүрсэн түвшингээсээ буцаж ухрах бол шаардлагагүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын хувийн болон төрийн олон Их дээд сургуулиуд дээр мэргэжлийн нягтлан бодогчдыг хэдэн арван мянгаар нь бэлтгэсэн. Ажлын байр бол бий. Одоо бид нар хүссэн түвшингээсээ ухрах тухай асуудал ярих нь зохимжгүй гэдгийг ажлын хэсэг үзсэн. Урд өмнө нь олон саналууд гарч, үүнийг Засгийн газар татаж аваад хуулиндаа тусгаж оруулж ирсэн. Мэдээж үүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөранзаарч үзсэн байх. Тэгэхээр бид нар хүссэн түвшингээ цаашаа ахиулж явах ёстой. Санхүүгийн тайлан гэдэг бол тоглоом биш юм. Хэн дуртай, хэн хүссэн нь суугаад гаргадаг байж боломгүй юм, гаргаж болох ч, дараа нь үүсэх хариуцлага нь асар том асуудалд унана. Татварын ерөнхий газрын дарга орж ирээд, “Монгол улсад 11260 аж ахуй нэгж татвар дээр асуудал үүсгээд явж байна” гэж хэлсэн. Санаатай болон санаагүй алдаанууд гардаг. Үүний дараа аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогсч, дампуурдаг асуудал их бий. Тийм учраас өнөөдөр тавиж байгаа шаардлагыг зөв зүйтэй гэж бодож байна. Хүрсэн түвшингээсээ буцаад хэрэггүй, 14 хоног сургаад явна гэдэг аж ахуй нэгжүүдийн хувьд дэндүү их эрсдэлтэй. 1,2 удаа гаргаж болно, гэхдээ энэ бол эрсдэлтэй. Тийм учраас би хүрсэн түвшингээсээ ухрах асуудлыг ажлын хэсэг хүлээж авахгүй байгаа гэдгийг хэлье. Отгонбаатарын хэлж байгаа саналуудыг би бүгдийг нь мэдэж байна. Бүгд надад бий. Өмнөх ажлын хэсгүүд дээр ч нилээн аятайхан саналууд гаргасан. Гэхдээ яг боловсролын тогтолцоо, мэргэжлийн нягтлан бодогчтой холбоотой асуудал дээр ажлын хэсгийн байр суурь, хуулийн төсөл боловсруулсан засгийн газрын байр суурь өөр байгаа юм гэдгийг хэлье.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд: С.Дэмбэрэл гишүүн тодруулъя.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Хүссэн түвшинээсээ ухрах асуудал биш юм. Би бол их энгийн зүйл хэлсэн. Зөвхөн сургалт явуулдаг Төрийн байгуулага, Сангийн яам, Засгийн газрын байр сууриас битгий ханд. Цаана чинь хүмүүс, аж ахуй нэгжүүд, хувь хүний санхүүгийн боловсрол бий. Бүгдийг сангийн яам, Засгийн газрын шугамаар шийднэ гэж байхгүй. Өнөөдөр Монгол улсын тогтолцоог бүхэлд нь харахад албан, албан бус сургалт аль нэгийг нь хавчих замаар биш, өрсөлдөөн өрнүүлэх, тухайн объект, аж ахуй нэгжүүд өөрсддөө таарсан шаардлага, тохирсон сургалтыг авч, болоод явж байна. Өөрөөр хэлбэл шууд бус байдлаар битгий хяна. Отгонбаатар гэдэг хүний хэлсэн хэлээгүй угаасаа байсан юм. Энэ талаас нь бодож хийнэ үү. Түүнээс биш надад тайлбарлах хэрэггүй. Хууль гарсаны дараа бөөн асуудал болдог.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар: Богино хугацааны сургалтуудыг хязгаарласан зүйл байхгүй. Тухайлбал аж ахуй нэгж гэж байгаа бизнесмэн хүн өөрөө нягтлан бодогчдын гаргаж өгсөн тайлангаа ойлгох хэмжээнд анхан шатны мэдлэг, сургалтаа авъя гэвэл энэ нь нээлттэй бий. Заавал тэр хүн 2-3 жил суралцах албагүй. Тэр хүн бол 14 хоногийн дотор эрчимтэй сургалтаа авч, гаргаж өгсөн тайлангаа ойлгох хэмжээтэй байх бүх сургалт нээлттэй. Үүнийг энэ хуулиар хязгаарлаж өгөөгүй, С.Дэмбэрэл гишүүнээ. Бизнесмэн хүн өөрөө 1 байна уу, 7-14 хоногийн сургалт нь нээлттэй. Энэ хуулиар үүнийг зохицуулахгүй.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба