Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэх үеэр
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Баярлалаа, энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Хэд, хэдэн тодорхой асуулт асууя. Нэгдүгээрт, 2012 онд 160, 2013 онд 157, 2014 онд 169 хүнийг цагдан хорих байр сэлгүүлэн хорисон баримт /кейс/ байна. 2015 онд цагдаагийн албаны хууль гарсанаар /цагдаагийн байгууллагатай хамааралтайгаар/ хүнийг хорих, байр сэлгүүлэх асуудал яаж байхгүй болох бэ?
Хоёрдугаарт, Хууль зүйн сайдын 2013 оны “А/75” гэсэн тушаал байна. Энэ тушаал “эргэлт авах эрх”-ийг бичгээр үйлддэг нь хүний эрхийг зөрчих үйлдэл болсон байна. Үүнийг Хууль зүйн сайдын тушаалаар бол холбогдох цагдаагийн байгууллагууд нь мөрдөх ёстой шүү дээ. Үүнийг хүчингүй болгох талаар хийж болох уу?
Гуравдугаарт, Цагдан хорих 461 дүгээр хорих ангитай танилцах үеэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтануудтай уулзахад, тэдний цалин, нийгмийн хангамж маш доогуур түвшинд байсан. /цалинг нь хэлэхэд ичмээр түвшинд/ Тэгэхээр цагдаагийн байгууллага энэ хуулинд орсоноор цагдаагийн байгууллагын ажилтаны цалингийн асуудлыг бусдын нөлөөнд орохгүй, аж амьдралаа хэвийн хэмжээнд авч явах түвшинд хэрхэн тогтоох, тодорхой заалтууд орсон бэ? Мөн өнгөрсөн жил хурандаа цагдаагийн байгууллга байгаль орчны эсрэг гэмт хэргийг шалгаж мөрдөхөд шаардлагатай техникийн хувьд их дутагдаж байдаг. Тухайлбал, лабораторын асуудал. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийг шалгаж, энэ явцад шаардалагатай техник, технологийн ямар өөрчлөлтүүд гарах юм бэ?
Дөрөвдүгээрт, Ё.Отгонбаяр гишүүн хөндсөн. Өөрөөр хэлбэл “цагдаагийн байгууллагуудад гарах дотоод хяналтын асуудал”-ыг тусгай заалт, тусгай бүлэгээр оруулсан уу? Хүний эрх, хуулийг зөрчисөн үйлдлүүд цагдаагийн байгууллагын ажилтанууд гаргахад, гадаад хяналтаас гадна, дотоод хяналтын тогтолцоог энэ хуулинд яаж бий болгосон бэ? Баярлалаа.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Гэмт хэрэгт мөрдөн шалгагдаж байгаа хүмүүсийг хорих ангид сэлгэж хорьдог, байрлуулдаг практик байдаг. Гол нь хань харилцаа тогтоолгохгүй байх зорилгоор хийгддэг. Зарим тохиолдолд өөр зорилготой байгаа тухай хүмүүс шүүмжилдэг. Угтаа нэг л станртын нэг л байгууллагууд байгаа юм. Зохицуулалт хийнэ гэж үзвэл энэ хуулиар биш, өөр хуулиар зохицуулах ёстой зүйл байна. 2013 оны А/75 дугаар тушаал гэдгийг би сайн санахгүй байна. Онц шаардлагагүй зүйл бол хүчингүй болгож болно. Цагдаагийн ажилчидын цалингийн асуудал хуульчилан оруулахад төвөгтэй. Засгийн газраас цалингийн сүлжээгээрээ оруулж баталдаг, тусгайлан цалин нэмэх байтугай, хэвийн үйл ажиллагаа явуулах зардлыг нэмэх тухай сангийн яамтай яриад өнөөгийн нөхцөлд бол бид чадахгүй байна. Мөн лаборатори ч ялгаагүй. Мөнгө байхгүй бол хууль гаргаад ч бүтэхгүй биз. Сангийн яам энэ хуулинд эдийн засгийн, хөрөнгө мөнгөний шинжтэй хууль дээр зөвшөөрөл өгөхгүй байна. Харин сая цагдаагийн албаны тухай хуулийн төслөөр 3.4 тэрбум төгрөгийг нилээн яриа хөөрөө болж зөвшөөрч, оруулж ирсэн. Цагдаагийн дотоод хяналтын тухайд бол захиргааны удирдлага хэрэгжүүлж байгаа цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд шат шатандаа тухайн нөхцөл байдлаас үндэслээд шалгадаг болсон. Аюулгүй байдлын дотоод хяналтын алба гэж бий болж, тэндээ гомдлоо авдаг, одоо ажиллаж байгаа механизм бий. Энэ нь сайн, муу ажиллаж байгаа нь асуудал бий. Нэг дэд дарга нь ахладаг, дотоод хяналтын бүтэц байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Би цалингийн асуудал ярихдаа зайлшгүй цалингийн тоо хэд гэж асуугаагүй юм. Хуулинд цагдаагийн ажилтаны цалинг тогтоох зарчимыг цалингийн түвшин нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй, бусдын хараанд орохгүй, аж амьдралаа хэвийн хэмжээнд авч явах цалинтай байх ёстой гэсэн утгатай заалт талаас нь хэлсэн юм .
Хоёрдугаарт, техник технологийн түвшин нь бодит амьдралтай, байгаль орчны эсрэг гэмт хэргийг хянахад бол гэмт хэргийг мөрдөн шалгахад техник технологийн түвшинд цагдаагийн ерөнхий газарт лаборатори тусдаа байх ёстой гэж үздэг юм байна. Лабораторийн тухай /техник технологийн түвшний талаас нь/ хуулинд ямар зүйл оруулж ирсэн юм бол гэдгийг сонирхсон юм.
Гуравдугаарт, хүмүүсийг байр сэлгүүлэн хорих асуудал дээр би тоон үзүүлэлт хэллээ. Бид өмнө нь хэлэлцэх эсэхийг шийдсэн гэмт хэргийг шалган шийдвэрлэх хуулинд бол эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалтууд бол ерөнхийдөө орсон. Гэхдээ цагдаагийн байгууллага дээр энэ талын байцаагчийн дотоод үнэмшил дээр /хууль дээр тодорхой заахгүй бол/ цагдаагийн байгууллагын ажилтан хуулийн цоорхойг ашиглаад л явна. Энэ талаас нь бодож, Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөлд илүү тодруулсан зүйл байгаа юу гэдгийг асуусан юм. Өөрөөр хэлбэл энэ бол эрүүдэн шүүхийн эсрэг Монгол улсын нэгдэн орсон конвенцэд тусгайлан хэлсэн заалт юм. Өмнөх хуулийн зарчимд оруулахаас гадна, цагдаагийн байгууллагын хуулинд үүнийг зааж өгвөл зүйтэй байх гэсэн утгаар хэллээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис “хүний эрхийн мэдрэмжтэй мөрдөн шалгах үйл ажиллагаа хамгийн түрүүнд” байна гэж хэллээ. Өөрөөр хэлбэл хуулийнхаа зарчим, үйл ажиллагаанд суусан байх ёстой.
Дөрөвдүгээрт, дотоод хяналтын хувьд тусдаа нэгж байх нь хуулиараа их зөв юм. Гэхдээ үүнийгээ хараат бус, эсвэл харьцангуй хараат бус гэдэг томёололоор оруулах хэрэгтэй. Энэ талаас нь хангаж өгөх, асуудлаа хуулинд илүү тодорхой зааж өгөх хэрэгтэй байх гэсэн саналтай байна. А/75 хувьд “эргэлт авах эрхийн тухай тушаал” байсан. Хэд, хэдэн тушаалууд хүний эрхийн 14 дүгээр илтгэлд дурьдагдсан. Эдгээр зүйлийг та бүхэн анхаарч, хүчингүй болгох, өөрчилөх талаас нь бодож хэлсэн юм. Эдгээр зүйлүүдээ тусгаж, ялангуяа цалин хөлс, техник технологи, хангамж, орчин үеийн мөрдөн шалгах техник технологиос хоцрохгүй байх асуудалууд нь зарчмаараа хуулинд орох ёстой гэж би үзэж байна. Зарчмаараа орсон тохиолдолд сангийн яамны асуудал тусдаа асуудал юм. Баярлалаа, дэмжинэ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet