Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэх үеэр
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл:Нэгдүгээрт, бага боловсролын сургалтын чанарыг сайжруулах асуудал дээр “бага ангийн хүүхдийн эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулахад тэргүүлэх гурван чиглэл тавьсан байна. Миний хувьд эх хэл, байгалийн ухааныг ойлгож байна, математикийг ерөөсөө ойлгохгүй байна. Яагаад би хүүхдээ, зээгээ математикийн сэтгэлгээг нь онцгой анхаарах ёстой юм бэ? Математик сэтгэлгээ гэж юу юм бэ, хүний төлөвших процесст яаж нөлөөлдөг юм бэ? Математикийн сэтгэлгээ өндөр сайн хүүхдүүд сайн хүн болох уу? Бидний гол зорилго бол энэхүү"Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилт"-ээр сайн хүн болгоход л чиглэх ёстой.
Хоёрдугаарт, орчин үеийн хүүхдүүдийг харахад /судалгаа мөн харахад/ хүүхдүүдэд бидний амьдарч байгаа орчны талаар ойлголт маш гажуудсан байдаг юм байна лээ. Би үүнийг хэдэн жилийн өмнө сургуулийн бага ангийн хүүхдүүдтэй ярилцаж байхдаа мэдсэн. Хүүхдэд бидний сонгож авсан нийгмийн тухай тайлбарладаг, хялбаршуулсан эдийн засгийн ойлголтууд өгдөг байх хэрэгтэй. Тухайлбал, бид ямар зам руу явах бэ гэсэн Монгол улс 2040-2050 гэсэн төлөвлөгөө бий. Үүнд тогтвортой хөгжил гэдэгт байгаль орчин, ногоон хөгжил, нийгмийн асуудлыг хүүхэд бага насандаа, бага ангид байхдаа мэддэг болох энэ чиглэлийн боловсрол их дутагдаж байна.
Гуравдугаарт, бага наснаас нь хүүхдийн амьдрах ухааны дадалыг суулгах талаар эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтыг тэргүүлэх чиглэл болголгүйээр эдгээр зүйлийг оруулж болох уу? Хүүхдийн хөгжлийн төлөвшлийг хангах чиглэлээр боловсрол олгох гэдэгт хүүхдийг сургуульд нь үлдээж орхих үед хүүхдийн хөгжил нь төлөвшил талаасаа их дутуу байдаг. Бусад улс орнууд, ялангуяа боловсрол сайтай улс орнуудын хүүхдүүдтэй харьцуулахад, Монголын хүүхдүүдийн хөгжил талын төлөвшил их дутагдалтай. Энэ талаас нь бодож сайн туршлага, сайн кейсүүдийг оруулах, багш нарыг нь сайн бэлдэх энэ зүйлийг оруулж болох уу? Мөн нийт 30 сая доллараас 3 сая долларыг боловсролын хуулинд байдаг боловсролыг дэмжих санд эргэж ашиглах, боловсролын хөгжилд нэмэх байдлаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассациоцитай ярьж тохирч болох уу? Эцэст нь яг өнөөөр Монголын хүүхдийн хамгийн гол асуудал бол хүүхдийн эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн боловсрол, өөрийнхөө эрүүл мэндээ хайрладаг, мэддэг, анхан шатны ойлголттой болох эрүүл мэндийн боловсролын асуудал байна. Жишээ нь шүдээ зөв угаах дадал юм. Судалгаагаар хүүхдийн шүдний өвчлөл асар их өндөр байна. Тэгэхээр энэ талаас нь бодож эрүүл мэндийн боловсрол олгох талаар оруулж өгөх хэрэгтэй.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Ер нь бол хүний тархины хөгжил бодох, ойлгох, харах, сонсох, илэрхийлэх, хөдөлгөөний гэсэн 8 үндсэн талбарт хөгжил явагддаг. Энэхүү үндсэн талбарын хөгжлийг зэрэг тэтгэх, төрөл бүрийн дасгалууд байдаг. Харин хамгийн түгээмэл нь математик бөгөөд бодож байгаа тоо бүхэн асуудлыг ойлгох, гаргалгаа гаргах, арга замыг тодорхойлох, мөн сэтгэх бодох процессуд ордог байна. Хүний тархинд математикийн даалгавар гүйцэтгэж байхад бусад хөгжлөө тэтгэж байдаг. Ийм л хялбархан аргачлал учраас дараагийн шинжлэх ухаанууд нь орж явдаг ийм л түүхтэй. Харамсалтай нь бид математикийн тэр гайхамшигтай давуу талуудыг ашигладаггүй, цөөхөн хүрээнд даалгаварын сантай, бодлого боддог. Амьдралд математик яаж хэрэглэгддэг вэ гэдгийг хэлж өгөхгүй явсаар байгаад, математикт дургүй, хэрэглэж мэддэггүй, хүмүүс би болдог, ингээд хүнийг хөгжлөөр тэтгэх суурь болж чадахгүйгээр үлддэг ийм зүйл байна. Тийм учраас бид математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зам, арга зүй, хэрэглээ тал дээр шинэчлэх зорилготой. Бага боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа төвүүд дээр очиход яг таны хэлдэгээр хүүхдийн хөгжилд анхаарч байгаа. Хамгийн чухал нь хөгжил. Бид мэддэг байхаас гадна чадварууд дээр суурилж, өрсөлдөх чадвартай хүн гаргаж ирж байж, энэ дэлхийн улс орнууд явж байна. Тийм учраас унших чадвар, бодох чадвар өөрийгөө илэрхийлэх чадвар, өөртөө итгэлтэй байдал гэсэн үндсэн чадварын үзүүлэлтүүдээс гаргаж ирэхэд, эхний үзүүлэлтүүдээ гаргаад ирсэн, үүнийгээ дахин хөгжүүлэх, дараагийн шатанд хүргэхэд гарцаа байхгүй бидэнд ийм үйл ажиллгаа хэрэгтэй. Цаашид бид бол С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан гишүүний саналыг аваад, цаашаа ажилаа хийгээд явах болно гэсэн бодолтой байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Математикийн ач холбогдолын талаар сайн ойлгож байна. Гэхдээ эцэг, эхчүүдийн дунд “тэдний хүүхэд математикт мундаг учраас мундаг хүүхэд, манай хүүхэд дунд авдаг учраас энэ нь яах вэ дээ” гэсэн математикийг хүүхдийн төлөвших, хүн болох, нийгэмд хэрэгтэй өрсөлдөх чадвартай хүн болох гол шалгуурыг их буруугаар ойлгодог нийгмийн ойлголт байсаар байна. Математик бол хэрэгтэй. Гэхдээ хүн болох нь бас хэрэгтэй. Сэтгэн бодох чадвахи хэрэгтэй. Гэхдээ хүнд хандах хандлага, байгальд хандах хандлага илүү чухал гэдгийг энэ талаас нь би хэлж байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet