Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 05 дүгээр сарын 21-ны өдрийн /Пүрэвгараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Улсын Их Хурлын дарга бараг жил хагасын өмнө, захирамж гаргаж “Монгол улсад татварын шинэчлэл хийх ёстой, татварын хуулиудыг багцаар нь оруулж ирэх ёстой” гэсэн С.Баярцогт сайдаар ахлуулсан, ажлын хэсэг байгуулсан. /С.Баярцогт сайд нэг удаа цуглуулж, хэлэлцүүлэг хийсэн/ Ингээд С.Баярцогт сайд засгийн газрын ажил хийж байгаа учраас ажлын хэсгийг Р.Амаржаргал гишүүнээр ахлуулан, шинэ дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ерөнхийдөө ажлын хэсэг дээр “татварын хуулиудыг үхрийн баас шиг цувуулж, УИХ-ын цаг, Байнгын хороод, хүмүүсийн цаг хугацааг барж байх хэрэггүй юм гэдгийг ярьсан. Үүнийг “нэг мөсөн ажлын хэсэгт өгөөд, Татварын ерөнхий хуулиндаа энэ мэтийн жижиг сажиг өөрчлөлтөө суулгаж, иж бүрнээр нь оруулж ирье” гэсэн ажлын хэсгийн нэгдсэн бодол санал бий. Энэ тухай дэд хэсэг дээр ч хэлсэн. /2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг/ Гэтэл үүнийг хэлсээр байтал яах гэж оруулж ирдэг юм бэ? /Хэлсэн, ярьсандаа байх хэрэгтэй/ Яагаад алиа хошин инээдэмтэй, хөгийн юм оруулж ирээд байгаа юм бэ? Би агуулга талаас нь яриагүй байна, та нарын ажилд хандах хандлагын тухай ярьж байна. Засгийн газар ажилд ийм байдлаар ханддаг юм уу? Үхрийн баас шиг нэг нэгээр нь цувуулж оруулан, /юу хийж байгаагаа ойлгохгүйгээр/ реформ хийх гэж байгаа юм уу, ер нь яах гэж байгаа юм бэ? Сангийн яам энэ талаар ямар бодол байгаа вэ, энэ ажлын хэсэг хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу, яах гэж байгуулсан юм бэ? Татварын өөрчлөлтийн тухай би маш сайн мэдэж байна. Шинэчилсэн найруулгыг боловсруулаад өгсөн. Энэхүү найруулга дээр суурилаад хагас хуудас саналаа оруулаад, үүнийгээ оруулж ирээд нэг мөсөн хэлэлцэж болно доо. Яах гэж цувруулж янз бүрийн зүйл оруулж ирээд байгаа юм бэ? Төсвийн байнгын хорооны хэлэлцэж байгаа байдлыг нь харалдаа. Асуулт байхгүй гэж байна, реформын талаар асуух асуулт байдаггүй юм уу? Татварын ерөнхий хуулиа уншсан хүн ер нь байсан юм уу? Татварын ерөнхий хуулиа уншиж дуусаад, ямар өөрчлөлт, реформ хийх гээд байгаа юм бэ гэдгээ ойлгосны дараа асуудлаа хэлэлцэж, тэгээд Улсын Их Хурлын индэрээс гарч ярьж байх ёстой шүү дээ. Санал цахимжуулах тухай Ерөнхий хуулинд хэд хэдэн заалтуудад оруулаад явах бүрэн боломжтой. Ерөнхий хуулийн асуудал зөвхөн энэ тухай асуудал болсон байна. Улсын Их Хурал дээр хүмүүсийг суулгаж, асуулт асууж, дараа нь Байнгын хороо руу шилжүүлэх байдлаар явдаг асуудал биш юм. Одоо Улсын Их Хуралд цаг бага байна. Маш олон хуулиуд шил шилээ дараалан, хүлээж байна. Тийм байхад Ж.Эрдэнэбат сайд та яагаад зөвшөөрч оруулж ирээд байна бэ?
Үүнийг яагаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд байна. Уг нь ажлын хэсэгт л өгөх ёстой шүү дээ. Тийм боломж байгаа шүү дээ. Татварын ерөнхий хуулиа нэгдсэн байдлаар, иж бүрэн өөрчлөлтгүйгээр, шинэчилсэн найруулгаар оруулж ирнэ үү! /Бүрэн бололцоо нь байна шүү дээ/ Хамгийн сүүлд хуралдахад би энэ тухай ярьж, хэлсэн. С.Дэмбэрэлийг аргалж болно гээд Улсын Их Хурал дээр оруулж ирэхэд юм асуудаггүй юм, Улсын Их Хурлыг аргалж болно, дараа нь байнгын хороог аргална гэж үздэг юм уу? Үүнийгээ болилдоо, эс бөгөөс татаж ав.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: За, гишүүний асуултанд хариулъя. С.Дэмбэрэл гишүүний саналтай 100 хувь санал нэг байна. Тантай хоёр жилийн өмнөөс татварын реформын асуудлаар ярилаа. Ингээд ажлын хэсэг үйл ажиллагаагаа эхлүүлэж, явуулах ёстой гэсэн боловч хамгийн гол нь бидний ярьж байсан зүйл өнөөдөр явахгүй байна. Одоо орж ирж байгаа өөрчлөлт нь нилээн хэд хэдэн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчидтэй маш боломжтой эерэг нөхцлийг бий болгох зориулалттай хоёр заалт л байгаа юм. Нэг нь, анхны шатны санхүүгийн баримт бичгийг цахим хэлбэрээр болгох юм. Нөгөө нь татварын байцаагч бол тухайн үед шаардлага гарлаа гэж үзвэл шууд аж ахуй нэгж байгууллага дээр очоод хяналт шалгалтыг хийж байгааг зогсоох, заавал урьдчилан 10-аас доошгүй хоногийн өмнө очиж байж хяналт шалгалт хийж байдаг нөхцөл байдал руу оруулах юм. Нэгдүгээрт.
Хоёрдугаарт, манай аж ахуй нэгж байгууллагуудын хувьд аж ахуй нэгжийн орлогын албан татвар татварын хуулиар бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь ашигт малтмалын тухай хууль, татварын ерөнхий хууль /аль аль дээр нь / хоорондоо зөрчилтэй байгаа, үүнээс болж, аж ахуй нэгжүүдийн хооронд нилээн маргаан үүсдэг. /Төлбөрөө төлөх, тайлагнах хугацаа нь зөрүүтэй байдаг/Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татварын элэгдлийг тооцож, татвар ноогдох орлогоос хуулиараа хасах хэрэгтэй байдаг. Гэтэл хасахаар энэ нь үл хөдлөх хөрөнгөө ашиглалтанд оруулах хугацаанаасаа хамаааран тооцох юм уу, эхлэсэн хугацаанаасаа эхлэн тооцох юм уу гэх мэт ойлгомжгүй зүйл маш их байгаа тухай бизнес эрхлэгчид бид нарт “үүнийг маш хурдан өөрчилж өгнө үү. Бид дараа дараагийн санхүүгийн тайлан гаргах асууудал болдог. Энэ нь эргээд нилээд хэмжээний зөрчлийг бий болгоод байна” гэж хандсаар байна. Магадгүй та бидний ярьж байсан реформын хувьд ахиад сунаад үргэлжлээд байх юм бол эдгээр олон ойлгомжгүй байгаа асуудлууд маань тэр хэвээрээ үргэлжлэх асуудал байгаа юм. Тийм учраас энэ асуудлыг оруулж ирсэн. Үүн дээр Улсын Их Хурлын гишүүдийг дэмжээд өгөөсэй л гэж хүсэж байна.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд: С.Дэмбэрэл гишүүн тодруулъя.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Ж.Эрдэнэбат сайдаа би үүнийг маш сайн ойлгоод дэмжиж явж байгаа. Агуулга талаасаа надад огт хэлэх зүйл алга байна. Энэ таны ярьсан зүйлүүд нилээн хэмжээгээр ерөнхий хуулинд туссан. Би зөвхөн цаг хугацааны талаас нь яриад байна. Ингэж оруулж ирж, Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг болоод явж байхад, харин нөгөө талд Улсын Их Хурлын даргын захиармжаар хэсэг нөхдүүд ажлаад байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь л илүү сайн хурдан ажиллах ёстой юм байна гэж би ойлголоо. Р.Амаржаргалд гишүүнд би дамжуулъя, орж ирэхээр нь “ажлаа хурдан хийж, Засгийн газрын ажилд битгий саад болоод бай” гэж хэлье!
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet