Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сарын 16-ны өдрийн /Пүрэвгараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах асуудлыг хэлэлцэх үеэр
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Баярлалаа. Юуны өмнө нэр дэвшиж байгаа хүмүүст ажлын амжилт хүсэж байна. Мэдээж хэрэг 100 оноог даваад гарчихсан хүмүүс одоо цаашдаа ард түмний оноог л давж гарах ёстой. Тэгээд хэд хэдэн асуулт асуух гэсэн юм. Яг өнөөдөр та бүхнийг томилогдох гэж байхад Монголын хууль эрх зүйн өнөөгийн орчинд шоронд хүн амиа алдаад, олон сар эрх чөлөөгөө хасуулаад гарч чадахгүй, эмнэлгийн шаардлагатай тусламж авч чадахгүй байсан учраас амиа алдсан. Зарим нь өлсгөлөн зарлана гээд хэд хэдэн удаа хэлээд, зарим хүн шаардлагатай эмнэлгийнхээ тусламжийг авах эрх чөлөө нь хасагдсан учраас хөлнийхөө хурууг тайруулчихсан маш олон иргэдийн хүний эрхийг зөрчсөн үйлдлүүд гарчихсан орчинд та бүхэн томилогдох гэж байна л даа. Тэгээд та бүхэнд асар их найдвар итгэл тээж байгаа хүмүүс энэ заалны гадаа мянга мянгаараа байгаа.
Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Судалгааны институтийн өнгөрсөн жил гаргасан, энэ хүний эрх болон шүүх, энэ хуулийн практикийн талаар хийсэн судалгааг та бүхэн уншсан уу ? Тэнд 2200 хүнээс 947 буюу 42 хувь нь оргон зайлж болзошгүй гэсэн шалтгаанаар, эрх чөлөөгөө хасуулсан, мөн хамгийн сүүлд хэрэглэх ёстой цагдан хорих хэмжээг хамгийн түрүүнд хэрэглэдэг шүүхийн практик хавтгайрсан нөхцөлийн талаар судалгаа байгаа үүнийг уншсан уу?
Хоёрдугаарт, саяхан Улсын Их Хурал дээр Хүний эрхийн үндэсний комиссын 2014 оны тайлан ирлээ. Танайд албан ёсоор өгдөг үү, өгдөг байх бодвол. Та бүхэн уншсан уу, тэндээс ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Гуравдугаарт, Хүмүүс яг өнөөдрийн байгаа хуулийн нөхцөлд зорчин явах эрхээ их хасуулж байна. Энэ тал дээр та бүхэн ер нь юу боддог вэ? Хамгийн сүүлд та бүхэн 461 дүгээр хорих анги дээр очсон уу? Хэзээ очсон бэ? Хүний эрх гэдэг асуудал Үндсэн хуульд дээд бөгөөд амин чухал эрх байдаг. Тийм учраас Монгол Улс хамгийн түрүүнд нь тунхаглаад, хууль тогтоомжууддаа хийчихсэн байгаа. Танай хуульд болон хууль шүүхийн бүх байгууллагуудад энэ заалт хангалттай байгаа. Тэгсэн мөртлөө энэ дээд эрх яагаад дээд үзэл санаа болоод шүүхийн болон бусад хуулийн байгууллагын практикт хамгийн түрүүнд энэ асуудлыг хардаггүй байхын учир холбогдол нь мэргэжлийн хуульчдын үүднээс үзэхэд яг юундаа байна вэ? Яг ямар учраас хуулин дээр нь байсаар байтал хүнийг эрхийг улаан цайм зөрчдөг ийм практик хавтгайрч яваад байна вэ? Энэ талаар та бүхэн Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгч нар юу гэж боддог вэ? Та бүхний баялаг туршлага, чадварт би огт эргэлзэхгүй байна. Дотоод итгэл үнэмшилд чинь ч гэсэн огт эргэлзэхгүй байна.
Гагцхүү дотор байгаа мэдлэг туршлага, дотоод итгэл үнэмшлээ Үндсэн хуульд заачихсан дээд эрх болох хүний эрх гэдэг юм уруу чиглүүлэх чинь хангалтгүй байгаад байгаа юм биш үү гэсэн ийм асуултууд байна. Баярлалаа, Та бүхэнд амжилт хүсье.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд: Нэр дэвшигч хариулъя.
Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ч.Хосбаяр: -Хүнийг байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөж байгаа, голчлон удаан хугацаагаар цагдан хоригдож байгаа талаар яригдлаа. Тэгэхээр энд шүүгчид бид ч гэсэн үүнд эмзэглэж яваг, бидний хамгийн итгэл найдвар тавьж байгаа зүйл бол шинээр төсөл нь явагдаж байгаа эрх зүйн цоо шинэ орчин юм. Үүнийг бид хүлээж байна. Тэнд хүний эрхийг эрхэмлэн дээдэлсэн, хэрэг шийдвэрлэх гэхээсээ илүү хүний асуудлыг шийдвэрлэсэн ийм хуулиуд гарч ирэх байх гэж бид найдаж байгаа. Шүүгч нараас маань зарим нь ажлын хэсэгт ажилласан. Тэгэхээр энд найдах байх гэж хэлэх байна. Цагдан хорих 461 дүгээр ангид шүүгч нарыг, бид хурал хийх үедээ тэнд очдог. Тэгэхдээ үүнээс гадуур бүх шүүгч нарыг жилд нэг удаа ганц 461 дүгээр анги ч биш, бусад ангиуд дээр явуулдаг, тэгж танилцуулдаг, тэнд бид нарын шийтгүүлсэн, шийдвэрлэсэн хэргийн улсууд ч байж байдаг, ийм байдлаар танилцсан, өнгөрсөн жил бид 461 дүгээр ангид очсоноо санаж байна. Энэ жил би очоогүй байна.
Хүний эрхийн тайланг бид бүгдээрээ хүлээж авдаг. Хүний эрхийг хангах асуудлаар Монгол Улс дэлхийн бусад улсуудын түвшинд хүрэх хараахан болоогүй байгаа ч гэсэн эзлэх байр нь урагшилсаар байгаа гэдгийг тэндээс харж байна. Тэгээд хүний эрхийг хамгаалах асуудал мэдээж шүүх тэр тусмаа шүүгчид бид нарын үүрэг роль онцгой рольтой гэдгийг бид мэдэрч, үргэлж ойлгож, шударга ёсны төлөө бид явдгаа.
Монгол Улсын Их Хурлын даргаЗ.Энхболд: Бусад нэр дэвшигчид хариул, бүх нэр дэвшигчээс асуусан.
Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч П.Золзаяа: -Би зорчин явах эрхээ хасуулж байгаа энэ талаар яг юу гэж боддог вэ? Хуульд энэ зохицуулалт байсан учраас хэрэглэх шаардлага гарч байсан. Тэгэхдээ бас хэрэглэхэд хүндрэл байсан, Үндсэн хуультай зөрчилдөж болзошгүй, Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж болзошгүй тийм үндэслэлүүд бол байдаг. Тэгэхээр яг ямар тохиолдолд энэ эрхийг нь хязгаарлах ёстой юм бэ гэдэг тэр хуулийн үндэслэл, шаардлага нь хуульд яг тодорхой зохицуулагдаагүй, дутуу байдаг учраас бас нэг их хэрэглээгүй шүүхийн практик байдаг. Яг судалгаа гаргаад үзэх юм бол их цөөхөн тоо яригдах болов уу. Тэгэхээр энэ асуудал бол одоо Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тэр замаар хэлэлцэгдэж байгаа асуудал байх аа.
Монгол Улсын Их Хурлын даргаЗ.Энхболд: С.Дэмбэрэл гишүүн нэмж асууя. /1 минут/
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Би та нарыг ойлгож байна. Би их тодорхой юм асуусан. Тэр зүйлээ унш. Танай Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх судалгааны төвөөс гаргасан судалгаан дээр бүх статистик болон цаашдаа ямар хуулин дээр яагаад зөрчилдөөд байгаа юм, Олон улсын байгууллагууд яасан юм, юуг нь зөвлөмж болгоод байгаа юм бэ гэсэн тэр зөвлөмжүүд чинь бүгд байгаа. Энэ талаас нь би та бүхнийг уншиж үзсэн үү? Хэрэв уншиж үзээгүй бол уншиж үзээ. Үүнийгээ бүх шүүгчиддээ түгээ. Энэ талаараа өөрснөө санаачил. Ийм ажил санаачлахгүй бол энд өнөөдөр мэдээж хэрэг та бүхнийг би эргэлзээгүй гэж хэлсэн. Тэгэхдээ хүн санаачлахгүйгээр энэ асуудлаар тодорхой юм хийвэл та бүхэнд итгэх хүмүүсийн итгэл улам нэмэгдэнэ. Энэ талаас нь би хэлж байгаа юм шүү. Тийм учраас тэр юмыг унш, заавал олж унш.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet