Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы05 дугаар сарын 08-ны өдрийн /Баасан гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улсын Их Хурлын Гишүүн С.Дэмбэрэл: Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөс би 2016 онд эсвэл тухайн жилд Монгол улсын нийгэм эдийн засгийн төлөв байдал, Засгийн газар юу хийх гэж байгаа ерөнхий төлөв байдлыг хардаг. Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төсөл бол ийм л баримт бичиг. Тэр нь энэ нь гэсэн зүйл алга. Улсын төсвийн төлөвлөлттэйгээ уялдуулсан байна гэж харж байна. Гэхдээ нэг дутагдалтай байгаа зүйл олон жил ажиглагдлаа.
Нэгдүгээрт, Монгол улс хөгжлийн бодлогодоо парадигмын өөрчлөлт гэж огт хийхгүй, үүнийг боддоггүй ээ. Бид яг л мөнхийн энэ загвараар /хөгжлийн загвар/ явах юм шиг төсөөлөөд дөрвөн жилээр төлөвлөдөг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд С.Баярцогт та парадигмын өөрчлөлт хийх талаар засгийн газар яагаад юм боддоггүй юм бэ гэдэг суурь шинжтэй асуулт байна.
Хоёрдугаарт, Уул уурхайн төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого дээр бид төрийн өмчит компаниудыг ерөнхий гэрээлэгчийн зарчмаар ажиллуулна гэж заасан байдаг. Үүнийг засгийн газар 2016 онд хэрэгжүүлэх үү, эсвэл төрийн өмчийн уул уурхайн компаниуд нь адилхан нүүрс ухаж явах юм уу, эсвэл УИХ-аас баталсан ерөнхий гэрээлэгчээр ажиллая гэсэн зарчмыг хэрэгжүүлэх үү ?
Гуравдугаарт, Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тооцоонуудаас харж байхад төсвийн пискал гэдэг нэрлэдэг орон зай маш хумигдмал гарахгүй нь л дээ. Энэ тохиолдолд өнгөрсөн жилүүдийн туршлагыг харж байхад хөдөлмөрийн багтаамж ихтэй секторууд л хүнд үед эдийн засгийг авч гарч байсан. Мал аж ахуй, жижиглэн болон бөөний худалдаа, аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн багтаамж ихтэй хэсгүүд нь ч юм уу....Өөрөөр хэлбэл, уул уурхайн бус экспортыг 2016 онд хөгжүүлэх яг ямар бодлогын арга хэмжээг төлөвлөж байна вэ? /Ноос ноолуур, арьс шир гэсэн улиг болсон экспорт биш, өөр ямар экспорт гарч, манай экспортын парадигмд жаахан ч гэсэн өөрчлөлт оруулах тийм бодлогын арга хэмжээ /
Wellness tourism гэсэн эрүүл мэндийн салбарын гол асуудал болох рашаан усаа ашиглах талаар төлөвлөж байгаа зүйл байна уу? Мөн цөлжилт, цаг уурын өөрчлөлтийн эдийн засгийн асуудал 2016 он цаашдаа хүчтэй тавигдах асуудал юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол та цаг уурын өөрчлөлтийн эдийн засгийн чиглэлээр танай яамнаас оруулсан зүйл Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хангалттай тусч чадсан уу?
Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн гол дутагдалыг хэллээ. Ингээд макро эдийн засгийн өнөөгийн байдал, төсөөлөлийг хийж, жилээс жилд сайжирч байгаа. Гэхдээ сая Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд С.Баярцогтын хэлдэг 436.20 их наядыг оруулж ирж байна гэдэг нь үнэхээр макро эдийн засгийн талаар салбарын яамдууд хол хоцорч байна. Ямар ч төсөөлөл үгүйг харуулж байна.
Засгийн газар юм бол Сангийн яам бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг цуглуулж байгаад, макро эдийн засгийн төлөв байдлын талаар хичээл заая!Эдийн засгаа огт мэдрэхгүй байгаагийн шинж л дээ. /20 их наядын санал оруулж ирсэн байж/
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд С.Баярцогт:С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол макро үнэлгээ хийдэг аргачлалын хувьд бол Сангийн яам, Монгол банк, Дэлхийн эдийн засгийн төв байгууллагуудын гаргаж байгаа дүгнэлт тоо аргачлалтай ижил байгаа юм. Тэр тоо маш бага нэгжээр зөрж, бодит байдлаараа үнэлэх тал дээрээ үнэхээр зохистой түвшинд хүрсэн байгаа юм. Харин одоо байгаа түвшин дээрээ болон мөчлөгийн эсрэг бодлогын арга хэмжээ авах тухай асуудал бол улс төрийн шийдэл болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ бол тухайн улсын хувьд төсөв хэлэлцэх үед л илрэх ёстой. Эдийн засаг ийм өсөлттэй байхад мөнгөний бодлогоо хатууруулах ёстой. Төсөв бол хөрөнгө оруулалт талдаа агших ёстой гэсэн байр суурьтай. Гэтэл манайх эдийн засаг сайжрах тусам нийгмийн халамж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд энэ хэмжээгээрээ нийт эргэлтэнд байгаа мөнгөний хэмжээ нэмэгдээд явдаг. Энэ арга хэмжээ бол өөрөө засгаас илүү улс төрийн шийдэл гаргаж УИХ-аас илүү хамааралтай болчихдог. Дээрээс нь энэ баримт бичгүүдийг зөв төлөвлөж оруулж ирэх асуудал бол гурван том баримт бичгийн уялдаа. Өөрөөр хэлбэл үндсэн чиглэл маань бол төсөвтэйгээ уялдахгүй байх юм бол хэрэгжихгүй баримт бичгийн жагсаалт болж хувирна. Мөн үндсэн чиглэлээ засгийн газрын мөрийн хөтөлбөр төсвийн хүрээний мэдэгдлээс юугаараа салгачидаг вэ гэхээр энэ хоёр нь зөвхөн төсөвтэй уялддаг баримт бичиг. Гэтэл үндсэн чиглэл дээр концепциор хийгддэг маш олон арга хэмжээнүүдийг оруулж ирээд төлөвлөчихдөг. Үүн дээр хариуцах эзэн нь хувийн хэвшил өөрөө байдаг. Баримт бичгийн уялдаа эргээд хянагдах механизм талаасаа зөв болж байна уу, үгүй юу гэдэг нь эргэж харагдах асуудал. Ер нь уул уурхайг бид нар гарааны санхүүжилт л гэж харах ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь хөгжилд эхний хэмжээний санхүүжилтыг бий болгодог механизм гэж л харах ёстой. Уламжлалт тогтвортой өсөлт бий болгох мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, үйлчилгээний салбартаа хамгийн их хөрөнгө оруулж байж тогтвортой хөгжлийг бий болгож, эдийн засгаа илүү их төрөлжүүлж, Монгол улсын өөрийн онцлогт таарсан хөгжлийг тогтвортой бий болгоно гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Уул уурхай өсөллтэй байх энэ он жилүүдийн орлогыг ирээдүйдээ зорьж хадгалах ёстой.
Хоёрдугаарт, зөвхөн экспортыг дэмжсэн хөрөнгө оруулалтанд л хийх ёстой. Гэтэл бид хөтөлбөрийн баримт бичэг бодлогоо ийнхүү гаргачихаад, яг хэрэгжүүлж эхлэхээрээ өөр хэрэгжүүлэлтийн бодлого явуулж байна. Энэ нь өөрөө эргээд мөчлөг сөрсөн бодлого явуулах ямарч санхүүгийн /түрүүн таны хэлсэн/ пискал талтай орон зай байхгүй болгож байгаа юм. Энэ нь эргээд арга хэмжээ авахаар орлоготойгоо нийцүүлж, зардлаа бууруулах арга хэмжээ авна.
Хүмүүс хэрэглээд заншсан зүйл дээр зардлыг бууруулаад ирэхээр дандаа улс төрийн үр дагавартай болчихдог. Тэгэхээр дандаа улс төрийн хүсэл зоригоор энэ бүх асуудал шийдэгддэг эрсдэл хүлээхээр байна. Ер нь манай улсын хувьд сонгуулийн жилийн төсөв, сонгуулийн жилйин нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл дандаа маш их хүндрэлийг дагуулдаг. Яагаад гэвэл сонгуульд зориулаад их хэмжээний амлагаа хийгддэг, их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг суулгадаг. Харин энэ жилийн хувьд эсрэгээрээ шинэ хөрөнгө оруултын асуудлыг 2016 онд ерөөсөө төсөвлөж тавиагүй. Яагаад гэвэл сангийн бодлого талдаа ийм санхүүгийн орон зай боломжгүй байгаа.
Харин таны хэлж байгаа хичээл сургалтын гэхээсээ илүү /манайхан төрийн албыг илүү нэр тогтолцоо руу шилжүүлээд/ энэ албан тушаалын хүмүүс дахин энэ сургалтуудад заавал хамрагдах ёстой гэж зааж өгөх, үүгээрээ удирдлыгын акедеми дээр төрийн албан хаагчдын дахин сургалтын асуудлыг илүү төлөвшүүлэх ёстой. Тэгж байж бид нар илүү шаардлага тавих ёстой гэсэн ийм л зүйл дээр тантай санал нэг байна. Одоо сонгогдоод ороод ирсэн төрийн нарийн бичгийн дарга нарт хичээл заана гэдэг бол илүү хүндрэлтэй ер нь бол мерит зарчмаараа яваад хэлтсийн даргын хэмжээний сургалтанд хамрагдах ёстой. Газрын даргын хэмжээний сургалтанд хамрагдах ёстой.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: За, С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Өнөөдөр Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд байгаль орчны салбараас тодорхой саналууд орж, БОНХАЖЯам бол зарим нэг арга хэмжээ дээр онцгой анхаарлаа хандуулах ёстой гэж үзсэн.
Нэгдүгээрт, таны хэлсэнчилэн цөлжилтийн тухай асуудлыг онцгой анхаарч оруулсан. Өнөөдөр Монгол улсын газар нутгийн 77.8 хувь нь цөлжилттэй байгаа. Цөлжилтийг бууруулах авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол аймаг орон нутаг бүр өөр өөрийн гэсэн төлөвлөгөө хөтөлбөрөө гаргасан. Энд зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээг бол нэмэгдүүлж чадахгүй. Гэхдээ бол байгалиас өөрөөс нь ашиглаж орлого олж байгаа байгалийн нөхөн сэргэээлтийг хийхэд зарцуулж байгаа мөнгөнүүдийг үнэхээр байгаль орчныг хамгаалах үйлсэд нь зарцуулах шаардлагатай байна гэсэн саналыг аймаг орон нутгийн удирдлагуудтай гэрээ хийхдээ бид хэлсэн. Цаашдаа энэ бол усан сан байгуулах, хөв байгуулах энэ асуудлуудыг нилээн сайн ашиглах шаардлагатай байгаа. Нөгөө талаас борооны дараах усыг цуглуулах, саарал усны технологийг Монголд хэрэглэх зайлшгүй шаардлагууд байна гэж үзсэн. Тийм учраас Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд дахин ашиглах, олон хэмнэх горимууд руу шилжиж үйл ажиллагаа явуулахыг аймаг орон нутгийн удирдлагуудтай ярьж байна. Ер нь бол уур амьсгалын өөрчлөлт бол таны хэлсэнчилэн маш хүчтэй явагдаж байгаа. Өнөөдөр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хоёр хувиар дулаарсан. Энэ жил хоёр сараас эхлэн Монгол улсад гал гарч эхэлсэн. Францын нийслэл Парис хотод 2015 оны 11 сард болох уур амьсгалын өөрчлөлтын хуралд Монгол улс оролцоно. Тэнд дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэлэлцэнэ. Бид болж байгаа бодит байдлаа ойлгож байгаа. Тийм учраас ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэдэг дээр илүү анхаарлаа хандуулахаар олон талын хамтын ажиллагаа, хурал цуглаан семинарыг хийж, цаашдаа уур амьсгалын өөрчлөлт хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр ямар ажил арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх вэ гэдэг бодлогын асуудлуудаа ярьж байгаа.
Хамгийн эхэнд Монгол Улсын Их Хурлаар оруулж ирэх асуудал бол хүлэмжийн хийг ялгаруулж, хүнээс шалтгаалж байгаа үйл ажиллагааг таслан зогсооход ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг боловсруулж оруулж ирье. Засгийн газрын түвшинд энэ асуудлаа оруулж ирэх цаг нь болсон гэж үзэж байна. Жишээлбэл утаа маш ихээр ялгаруулдаг хуучин машинууд өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн амьдралд хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж байна. Үүнийг бид мэдээд байгаа мөртлөө, ямар ч арга хэмжээг бид нар төр засгийн түвшинд хэрэгжүүлэх боломжгүй байна. Айл болгон нэг, хоёр машинтай байна. Энэ хүмүүс өнөөдөр орлого багатай тийм учраас энэ боломжыг дэмжье, утаа хийдэг машин явбал яваг гэж үзэж байгаа. Гэтэл өнөөдөр энэ нь буцаад тухайн хүмүүсийн эрүүл мэндэд ямар их хор нөлөө учруулж байгааг бид нар тооцож чадахгүй байна. Өнөөдөр ийм байгаа учраас л Парисын энэ удаагийн тунхаглал бол улс орон бүхэн яг ямар байдлаар уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж байгаа алдаагаа засах юм бэ? Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жингээрээ хэдэн төгрөгийг энэ арга хэмжээндээ зориулж таслан зогсоох юм бэ, нөгөө талаас хүлэмжийн хийг ялгаруулж байгаа энэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлж бодлогоор шийдвэрлэх ямар асуудлууд байна гэсэн бодитой ажлыг прагматик асуудлуудыг дэвшүүлж гаргаж ирээд Улсын Их Хуралдаа оруулж ирээд шийдвэрлүүлнэ гэж бодож байна. Үүнийг цаана нь ямар нэг улс төр сонгууль дөхөж байна, бид нар олон нийтэд таалагдах сэдэв ярих ёстой гэдэг асуудлаар битгий хандаасай гэж бодож байна. Тийм учраас зарим нэг зоригтой шийдвэрийг манай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас оруулж ирье, үнэхээр энэ байгаль орчинд нөлөөтэй байгаа дутагдлаа засъя, Улсын Их Хурал бол овоо дэмжлэгтэй ажлуудыг хийж байна. Ойн талаар төрөөс баримтлах бодлогоо оруулж ирлээ. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход хийж чадах бас нэг ажил байсан. Нөгөө талаас хулгайн модтойгоо тэмцэх ажлыг оруулж ирсэн, энэ бол бидний хийж чадсан бас нэг сайн ажил. Үүнийгээ Монгол Улсын Их Хурлаар оруулж ирээд батлуулна. Яг олон нийтийнхээ дунд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялагруулалтыг буурууулахгүй бол бидэнд ямар гай тарьж байна вэ гэдэг энэ ойлголтыг, үзэл суртлын ажлыг энэ боловсрол мэдлэгийг олгох ажлыг бид Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх телевиз, сонин, хэвлэл мэдээллийн сувгаар боловсрол олгох түгээх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай болсон гэж бодож байна. Хүмүүс төдийлөн сайн анхаарахгүй байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet