Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны 04 дүгээр сарын 09-ны өдрийн /Пүрэв гараг/хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Их л эвгүй юм ярьж байна даа. Хүмүүс янз янзын хууль, ялангуяа Төрийн албаны тухай хуульд өнөөдөр Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Төрийн албаны зөвлөл тайлангаа тавьж байх үед тэр дотроо дүгнэлт хийчихсэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд. Асуудал ингэж өндөр хэмжээнд орсон байна.Тэгэхээр та бүхнээс хэдэн асуух зүйл байна.
Өнгөрсөн жилүүдийн туршлага дээрээ үндэслээд ер нь хэнээс ч хамаарахгүйгээр хуулинд ямар, ямар өөрчлөлт хийчихвэл энэ улс зүгээр болох нь вэ? Өөрөөр хэлбэл, ингэхдээ бусад улс орнуудын туршлага ийм байдаг гэдгийг мэдээж, гэхдээ манайд хамгийн гол нь бусад улс оронд байхгүй туршлага байгаад байгаа юм. Тэр их муухай туршлага. Тэгэхээр бусад орноос туршлага хайх шаардлагагүй болчхож байгаа юм. Яагаад гэвэл яг манай халдаг, сольдог ийм ужгирчихсан практик бусад орнуудад байхгүй. Та нар намын тогтолцоо, нам дээр нь гарсан төрийн тогтолцоогоо муу гэж бодоод энэ муу зүйл дээр Төрийн албаны зөвлөл гээд энэ институц, одоо жишээлбэл, АТГ-аас хүмүүс их айгаад байна, Аудитын газраас хүмүүс хараат бус байгаад байна, тийм ээ. Энэ бүхнийг ийм байдалтайгаар ийм институцийг яавал хуулийн замаар хийж болох вэ? Өөрөөр хэлбэл, танай хуульд юу, юу хийвэл гэдэг талаар бэлтгэсэн зүйл байгаа юу? Үүнийг надад хариулж өгөх үү?
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо: -Хоёр, гурван уулийн төсөл явж байгаа юм. Энэ дээр түрүүн Уянга гишүүн хэлсэн. Бид нар хоёр, гурван юмыг маш чухалчлаад байгаа юм. Нэгдүгээрт, төрийн жинхэнэ албан хаагч шатлалын зарчмаар ахидаг. Анх төрийн албанд орлоо, хэлтсийн дарга хүртэлх энэ шатлалыг ахихдаа нэг цоорхой гарлаа гэхэд доороосоо шахаж ахиулдаг ийм зарчмаар явна. Гаднаас хүн оруулахгүй, үүнийг хуульчилж өгнө гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үүнийг яаж хийх гээд байна вэ гэвэл хоёр, гурван арга зам байна. Нэгдүгээрт, төрийн албан шалгалт өгөөд хүн орлоо, төрийн доод тушаалын албан тушаалтнаар томилогдоно шүү дээ. Тэр хүн тухайн албан тушаалд дор хаяж төдөн жил ажиллаж байгаад дараагийн шат уруу ахина. Ахихдаа хамт олон, ажиллаж байгаа хүмүүс, мэргэжлийн хүмүүс жил бүр үнэлгээ өгөөд, оноо тавиад, энэ жил хамгийн өндөр оноо, хамгийн сайн ажилласан нь чи байна. Дараа жил дээд талд цоорхой гарвал чи явах нь байна шүү гэдэг ийм уур амьсгалыг бий болгоё. Гадаад орнуудад байдаг юм. Яг дээшээ шатлалын журмаар өөдөө ахидаг энэ механизмыг хуульчилж өгөхгүй бол одоо байж багаа нь цэвэр лоозонгийн шинж чанартай байгаа юм.
Хоёрдугаарт, гоё хууль хийгээд гаргалаа, улс төрөөр хараат байя гэвэл хөндлөнгийн хяналт тавьдаг хяналтын байгууллага. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөл гэсэн үг шүү дээ. Энэ байгууллагын статусыг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Засгийн газраас хараат бус, улс төрөөс хараат бус, ямар нэгэн шахалт орохгүйгээр. Тэр хүн Төрийн албаны хуульд заасан тэр зарчмыг зөрчсөн тохиолдолд гаргаж байгаа шийдвэр нь шууд хэрэгждэг механизм зэргийг хийж өгөхгүй бол хэрэгжихгүй байгаа юм. Цааснаас цаашгүй, шаардах бичиг өгөхөөс цаашгүй, очиж уулзахаас цаашгүй, аргаа бараад гуйхаас цаашгүй ийм л байдалтай болж байгаа юм. Ийм хэд хэдэн юманд санаа байгаа юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Тодруулъя.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Б.Цогоо, би мэдэж байна. Танайх бол яг үнэндээ өрөвдмөөр байгууллага байхгүй юу. Би их өрөвддөг юм. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь ийм хүчгүй, хөөрхий зайлуул нэг шаардлага тавьдаг, түүнийг нь авч хэлэлцдэггүй. Танай байгууллага уг нь төрийн албаны цэц байх ёстой. Үндсэн хуулийн цэц Их Хурал дээр дунд суудлын нэг дүгнэлт гаргаад ирэхээр Их Хурал яаж ч чадахгүй байгаа биз? Засгийн газар ч яаж ч чаддаггүй. Их Хурал зөвхөн хараат бус байдалд чинь халдахгүй тэр хэмжээн дотроо л та нартай харьцдаг ийм л байгууллагын хууль байх ёстой. Дэлхийд ийм туршлага байхгүй. Яагаад гэвэл ийм муу төр байхгүй учраас. Би үүнийг л хэлээд байна даа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Гишүүд асуулт асууж дууслаа. Одоо санал хэлэх гишүүд нэрээ өгье.-С.Дэмбэрэл гишүүн.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Нэгдүгээрт, энэ тайланг сонсож байгаа учраас дүгнэлт өгөх нь дээр байх. Улс төрийн орчны өнөөгийн нөхцөлд төр ба намын харилцааны өнөөгийн орчинд Төрийн албаны зөвлөл хангалттай ажилласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, үүнээс илүү ажиллах боломж хууль, эрх зүйн хувьд ч, улс төрийн хувьд ч гэсэн ийм боломж алга. Гэхдээ үр дүнд нь энэ байгууллага ямар дүгнэлт хийж байна вэ гэхээр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очсон шүү гэж төрийн эрх барих байгууллагын нэг салаа, мөчир болох Төрийн байгуулалтын байнгын хороонд сануулж байна л даа /анхааруулга/. Өөрөөр элбэл, үүнийг та бүхэн шийдэж өгнө үү гэсэн ийм мессежийг өгч байна. Тэгвэл, цаашдаа яах ёстой юм бэ гэхээр хамгийн түрүүнд би түрүүн хэлсэн, Төрийн албаны зөвлөл бол төрийн албаны цэц. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч хүн, залуу хүн төрийн албанд орохдоо нэг жилээр биш, хоёр жилээр биш, гурван жилээр биш, дөрвөн жилээр амьдралаа төлөвлөдөггүй байх ёстой. Эхнэр, хүүхдэдээ би хоёр жилийн дараа халагдчих байх гэж хэлдэггүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, би энэ төрд зүтгэх юм байна, миний мэдлэг, мэргэжил сайн байгаад байвал намайг дээшээ явуулаад байх юм байна гээд, мерит зарчмыг яс махандаа хүртэл ойлгочихсон, түүнийг эхнэр, хүүхдүүд нь ойлгодог ийм төвшинд л төрийн албаны хүмүүс шалгууртаа нийцэх хэрэгтэй. Дээр нь, янз янзын хууль, улс төрийн нам, Үндсэн хууль гээд ярина л даа. Тэр өөрчлөгдөж л байна. Гэхдээ хамгийн түрүүнд өөрийнхөө хуулийг өөрчлөх ёстой. Тэр нь түрүүн миний хэлснээр, бие даасан хараат бус байдалд чинь хэн ч халдаж чадахгүй. Ерөнхийлөгч, Улсын Их Хурал. Улсын Их Хуралтай харьцах механизм чинь жилдээ нэг биш, улирал бүр Төрийн албаны зөвлөлийн анхааруулга маягийн юм гаргаж байдаг, тогтвор суурьшлын индекс гэж гаргаж байдаг. Тэр дээрээ намын нөлөөлөл байсан уу, үгүй юу гэдэг намын нөлөөллийн шалгууртай. Тэгээд аль яамд дээр намын нөлөөлөл хамгийн их байна, төрийн албан хаагчдын хамгийн буруу шалгаж авч байна гэдгийг харуулдаг тийм индексийг оруулах хэрэгтэй. Одоо авлигатай тэмцэх индекс гэж байна шүү дээ. Түүн шиг тэгж гаргаж байдаг байх ёстой. Үүнийгээ хуульдаа суулгаж байх ёстой. Өөрийнхөө зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бие даасан хараат бус байдалд чинь Аудитын газар алхам, алхмаар л нэмэгдүүлээд байна шүү дээ. Энэ зөв гэж би үзэж байгаа юм. Улсын Их Хурлын гар шүү дээ. Төрийн албыг ямар байгааг Улсын Их Хурал буюу төрийн эрх барих дээд байгууллагад хэлж өгдөг, улирал бүр таниулж байдаг, холбогдох Байнгын хороогоор нь явуулж байдаг, тэгээд шийдвэр гаргуулж байдаг ийм харилцаагаа хуульд суулгаж өг өө. Хуульд аливаа зүйл ерөнхий байдлаар байхаар энэ тунхаглал болоод хоцорчихдог. Хэрэв Б.Цогоо гэдэг хүний гарын үсэгтэй тийм бичиг зүгээр нэг ирж байдаг цаас гэдэг хэмжээнд, төрийн хэмжээнд авч үзэж байгаа бол үүнийг ингэж үздэггүй байх. Тэр хүн нь ажлаасаа чөлөөлөгддөг байх. Танай рекомендациар чөлөөлөгддөг байх иймэрхүү үр дүнтэй заалтуудыг суулгаж өг. Үүнийг битгий Германы туршлага гэсэн тийм юм битгий хай. Энэ зүгээр бодит амьдралаасаа гараад ирсэн ийм зүйлийг та нар хийж чадна. Энэ бүхнийгээ авчраад заавал Засгийн газраар битгий өргөн бариул. Та нар Засгийн газраас үйл ажиллагаа чинь бас хараат бус байх ёстой. Томилдог байгууллагын хувьд Их Хуралтай хязгаарлагдсан хүрээнд харьцдаг, Их Хурлын гишүүн та нараас танай хараат бус, бие даасан байдалд чинь халдсан асуулт асууж болдоггүй байх. Жишээ нь Аудитын газарт нэг Их Хурлын гишүүн халдаж байсан л даа. Иймэрхүү зүйлүүд практик дээр гардаг. Ийм байдлаар хуулиндаа өөрчлөлт хийж, өөрсдийгөө биш, төрд ажиллая гэж бодоод байгаа олон мянган, 4 мянган хүмүүсийг аврах, тэр хүмүүсийг тогтвор суурьшилтай, гэр бүлдээ төлөвлөлттэйгөөр, ирээдүйдээ итгэлтэйгээр төрийн албыг хаадаг ийм болгоход нь та бүхэн хийхгүй бол өөр хүн хийхгүй ээ. Тийм учраас үүнийгээ гарга. Тэгээд жишээ нь, үүнийг өргөн барихад бэлэн байна, эсвэл Байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулаад энэ дээр ажилла. Та нарт хангалттай материал цугларсан байгаа. Хуулиа үг заалт болгоноор нь шууд өөрчлөөд яв. Энэ их боломжтой зүйл шүү.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet