Монгол улсын их хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг хүргэж байна.
Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: - Энэ хуулийн төсөл дээр миний нэмэх зүйлийг сонирхож байгаа бол, 30 хуудастай энэ төслийн сүүлийнхээс бусад бүх хуудсан дээр асуулт, анхаарлын тэмдэг тэмдэглэгээ хосолсон зүйлсийг биччихсэн байна. Жишээлбэл, эхний хуудсан дээрээс харахад л хөндлөнгийн 3-дагч этгээд гэж хэн юм бэ? гэдэг дээр тодорхойлолт нь буруу байсан. Үүнийг би эхний ярилцлага дээр л засуулсан байна. Мөн, Хяналтын зарчим дээрх: “Хяналт нь хараат бус байх” гэсэн зарчим арын хуудсууд дээрээ яаж тарж, баталгаажсаныг хөөгөөд харж байна. Хөндлөнгийн хяналтыг “байж болно” гэсэн сул үгээр орсон байсан дээр асуултын тэмдэг тавьчихсан байгаа.“Зах зээл өөрөө хяналт тавих, үр дүнг нь тооцох боломжтой зүйл дээр төр хөндлөнгөөс хяналт тавихгүй байх” гэсэн их зөв заалт орчихсон байна. Гэхдээ “бараг хяналт” гэдэг ойлголт бас бий. Зах зээл дээр үйлдвэрлэгч, худалдаалагчид, хэрэглэгчид өр өөрсдийхөө харилцаагаар хяналтаа тавьдаг. 3-дагч буюу хөндлөнгийн хяналт тавих төрийн бус байгууллагуудад хяналтын ямар чиг үүрэг орж болох вэ, яаж хяналт тавьж болох вэ гэдэг нь ардаа мөн л тодорхой биш байгаа. энэ талын өгүүлбэр нь байгаа мөртлөө түүнийг хэрэгжүүлэх механизм, заалтууд нь тэр бүр сууж өгөөгүй байгаа тал ажиглагдаж байна. Тиймээс үүн дээр нь анхаарлын болон асуултын тэмдэг тавьчихсан байх жишээтэй.
Бас “Төрөөс тавих хяналт” гээд 7-р зүйлийн 7.3.1 дээр “Хүнсний аюулгүй байдлын хяналт - хүнсний сүлжээнд хамрагдах бүх үйл ажиллагаа...” гээд биччихсэн байгаа юм. БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯНАНА гээд л биччихвэл нөгөө бүгдийг нь хянадаг, хянах гэж зүтгэдэг байдал хэвээрээ үлдэнэ. Тийм учраас манай гишүүдийн шүүмжилж, энд тэндээс нь лавлаад байгаа зүйлүүд бүгд үндэслэлтэй. 15 толгойтой Атгаалжин хар мангас гаргахгүй байхын тулд бид бүгдээрээ тал талаас нь сайтар нягтлан хамтдаа үзэж, ярьж боловсруулах хэрэгтэй. Атгаалжин хар мангасыг дарах зүйлсийг хамтраад хийе.
Би энэ төслийг эргүүлээд, зүйл зүйлээр нь яриад л баймаар байна. Жишээлбэл, “ГУРАВДУГААР БҮЛЭГ. Хяналттай холбогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг” гэсэн бүлэг дээр “15.1.6. Шалгалтад биечлэн оролцох буюу төлөөлөгчөө оролцуулах, шалгалтад хамаарах асуудлаар тайлбар хийх” гэсэн зүйл орсон байна. Гэтэл өөрийнхөө үндэслэл нотолгоог гаргаж үзүүлэх, түүнийгээ батлах ёстой тэр процедур нь хаана байна вэ? Үүн дээр баримт, нотолгоогоо гаргаж тавих ёстой. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтын процесс бол нэг талыг барьсан, ялангуяа “энэ ямар нэг буруутай л байх ёстой” гэсэн байр суурьнаас ханддаг сэдлээр биш, “Энэ хүмүүсийн үйл ажиллагаанд тусална. Зөв явж чадаж байна уу, яавал илүү зөв болгох вэ” гэдгийг харилцан ярилцаж, зөвлөлдөх хэлбэртэй байх хэрэгтэй. Тийм учраас зөвлөлдөх үйл ажиллагаа гэсэн бас нэг үг оруулчихсан байгаа. Хуулийн этгээдийн хүлээх эрх, үүргийг нэлээд гайгүй биччихсэн юм шиг байгаа юм. Гэхдээ “17 дугаар зүйл. Үйл ажиллагаа анхлан эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн тусгайлсан эрх”гэсэн бас нэг тусдаа зүйл байх юм. Тэнд “зөвлөгөө өгч болно” гэчихсэн байна. Гэтэл анхлан эрхэлж байгаа гэдгийг яаж тодорхойлох юм бэ гэдэг асуулт бас гарч ирнэ. 1 жил, 6 сар, 3 жил юм уу гэдгийг яаж мэдэх вэ? Үүн дээр бас субьектив юм орчих магадлалтай учраас үүнийг тодруулах асуулт тавьчихсан байгаа.
Тэрчлэн, “Дотоод хяналт нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой байх зарчимд тулгуурлана” гэчихсэн байна. Тэгэхээр хэнээс хараат бус байх юм бэ, юунаас хараат байх юм бэ, энэ нь дараагийнхаа заалтууд дээр яаж илрэх юм бэ гэхчилэн анхаарч, тодруулан тусгаж явах ёстой юм байна.
Мөн “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт” гэдгийг энд оруулчихсан байна. Энд харьцааг нь бичсэн боловч, яг юу юм бэ гэдэг нь бас л бүдэг байна. Дуртай үедээ төлөвлөгөөт бус хяналт хийнэ гэдгийн баталгааг хэр хангасан юм бэ гэдгийг ч бас хөөж үзэх л хэрэгтэй болж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санал
Tweet