Монгол улсын их хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Нэгдүгээрт, зээлийн хэлэлцээрүүдийг оруулж ирэхдээ ямар шалгуураар оруулж ирээд байна вэ гэдэг сонирхолтой санагдаад байгаа юм. Дэлхийн банкны Монгол Улсын экспортын солонгоролтыг анх 20 сая долларын төслийг зээлийн төсөл гээд бүтэн жилийн өмнө, бараг жил хагасын өмнө яригдаж байсан. Тэгээд явсаар байгаад Эдийн засгийн хөгжлийн яам дээр очоод гацаж, ингээд Сангийн яам дээр очиж байна. Бүтэн жилийн өмнө яригдаж байсан 20 сая долларын зээлийн хэлэлцээр орж ирээгүй, хувь заяа нь бүрхэг яасан нь ч мэдэхгүй байхад 25 сая долларын зээлийн хэлэлцээр ороод ирж байна л даа. Сайд нь сайн хөөцөлддөг болоод ингэж яваад байна уу? Юунаас болоод байна вэ? Дэлхийн банкны 20 сая долларыг Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл сонссон байх, дээр би Ерөнхий сайд Дэлхийн банкныхантай уулзахад энэ тухай хэлсэн. Ерөнхий сайд: энэ чухал төсөл байна шүү дээ, Сангийн яамнаас орж ирэх ёстой гэж хэлж байсан. Одоо Эдийн засгийн хөгжлийн яам гэж байхгүй, тийм биз, энэ асуудлыг тодруулж өгөөч.
Хоёрдугаарт, танай өрийн удирдлагын тооцоонд Улсын Их Хурлаас 58.3 гэж баталж өгсөн нь хэр зэрэг хүндрэл учруулах шинжтэй байна вэ? Бодит амьдрал дээр, ямар хүндрэл учруулахыг нь би мэдэж байгаа, үүнийг та нараас сонсмоор байна. Өөрөөр хэлбэл, 58.3 гэдгийг динамик хөдөлж байдаг зүйлийг хуульчлан баталснаар та бүхний ажил цаашдаа ямар хүндрэл учруулах шинжтэй байна вэ? Энэ Монгол Улс чинь зээл авах шаардлагатай, түүнээс гадна ДНБ хөдөлж байгаа, бүх өрийн үйлчилгээ явагдаж байгаа, валютын ханш хөдөлнө, дискаунтын коэффициент хөдөлнө, энэ бүхний хөдөлгөөнтэй зүйлүүдийг хөдөлгөөнгүйгээр баталсан байна. Энэ та нарт ямар хүндрэл учруулах талаар хэлж өгөөч. Баярлалаа.
Сангийн яамны Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн дарга З.Мөнх-Оргил: - Нэгдүгээр асуултад хариулъя. Хандивлагч орон олон улсын байгууллагад ихэнхдээ ялангуяа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэсэн томоохон хандивлагч орон олон улсын байгууллагуудтай дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө тохирч ажиллаж байгаа Засгийн газар, тэр хөтөлбөрийн дагуу ирэх 3 жилд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө тохирч явдаг юм. Тэр хуваарийнхаа дагуу төслүүдээ боловсруулаад яамдаас саналыг нь аваад Засгийн газраар хэлэлцүүлж, Их Хуралд өргөн барьж байгаа. Тэр хуваарийнхаа дагуу өнөөдөр Азийн хөгжлийн банкны 2 төсөл орж ирж байгаа, экспортыг дэмжих Дэлхийн банкны төслийн хувьд гэвэл төсөл боловсруулах шатандаа явж байгаа Сангийн яамны хувьд тэргүүлэх ач холбогдолтой төсөл гэдгийг Дэлхийн банкинд албан ёсоор бичгээр мэдэгдсэн байгаа. Үүнийг ойрын хугацаанд Засгийн газраар оруулж Их Хуралд өргөн барих төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ 2 дугаар асуулттай хариулт нь холбоотой байх.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: - Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл дахиад хариулах уу?
Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл: -С.Дэмбэрэл гишүүний асуулт эмзэг сэдвийг хөндөж байна гэж үзэж байна. Яагаад гэхээр 58.3 хувь гэдэг бол тогтмол тоо. Төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн тодотгол буюу төсөвтэй дандаа орж ирж байгаа нь Төсвийн хүрээний мэдэгдлийн хязгаар дээд үзүүлэлтүүд нь дандаа тоогоор байгаа учраас хэлбэлзэж хамт орж ирж байгаа. Тэгэхээр энэ 58.3 хувийг барина гэдэг бол Засгийн газрын хувьд маш хүндрэлтэй. Үүн дээр 4 хүчин зүйл нөлөөлнө гэж үзэж байна.
1.ДНБ яг төлөвлөсөн 23.9 их наяд төгрөгт хүрч бүрэлдэхгүй тохиолдолд 58.3 хувь зөрчигдөнө.
2.Ханш байгаа, долларын ханшийг 2008 төгрөгтэй тэнцэхээр тооцоолсон байгаа. Долларын ханш өссөн тохиолдолд 58.3 хувь зөрчигдөнө.
3.Төсвийн орлогын тасалдал. Хэрвээ төсвийн орлогын тасалдал ихэссэн тохиолдолд улсын төсвийн алдагдлыг нөхөх Засгийн газрын үнэт цаас батлагдсан хэмжээнээс илүү их хэмжээгээр гарах учраас энэ нь өөрөө 58.3 хувийн зөрчих бас нэг үндэс болно.
4.Гадаад зээлийн ашиглалт бид нар 293.6 тэрбум төгрөгийг 2015 онд ашиглана гээд төлөвлөсөн байгаа боловч хэрвээ ажил нь урагштай яваад илүү их хэмжээгээр гэрээ хэлэлцээрийн хувьд нэмж хийгдэх ашиглах шаардлагатай болсон тохиолдолд энэ хэмжээнээсээ нэмэгдэх магадлалтай. Тэгэхээр ийм 4 хүчин зүйлийн улмаас 58.3 хувь зөрчигдөх магадлалтай гэж харж байна.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -С.Дэмбэрэл гишүүн тодруулъя.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Тэгээд яг ийм нөхцөл байдалтай байгаа учраас бодитой юм ярилаа. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хамтраад хуралдаж байна. Тийм учраас миний асуултад хариулснаас протоколд сайн тусгаж, энэ хоёр Байнгын хорооны хамтарсан хуралдааны шийдвэр гаргах хэсэгт нь тусгаж өгөхийг хүсэж байна. Яагаад вэ гэхээр бид нар ийм юм батлаад бодит амьдрал дээр ингэж өөрчлөгдөнө гэж Засгийн газар, Засгийн газрын мэргэжлийн байгууллага нь ингэж хэлээд байхад үүнийг тоохгүй орхиж болохгүй. Тийм учраас үүнийг санал болгож байна. Баярлалаа.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -С.Дэмбэрэл гишүүний тавьсан саналыг ойлголоо.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet