УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл 2003 онд Хоккайдод айлчлан, гишүүний санаачлагаар 2004 онд Саппород анх удаа “Монголын өдрүүдийг зохион байгуулж”, тухайн үед Монголоос 20 орчим аж ахуй нэгж оролцож байсан юм.
2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хоккайдо мужийн Эдийн засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Т.Кодама, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Хоккайдо салбарын хэсгийн дарга Н.Такено, Хоккайдо мужийн Эдийн засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны албаны ажилтан Т.Урата, HIECC шинжээч Ш.Ёшимура нар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гишүүнтэй уулзав.
Японы Хоккайдо мужийн төлөөлөгчид энэ удаагийн айлчлалаараа Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Эрчим хүчний яам Хоккайдо муж хооронд хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан талаараа танилцуулав.
Энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулсанаар Монгол Улстай цаг агаарын нөхцөл нь төстэй Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн болон эрчим хүчний хүйтэн бүст тохирсон технологийг нь судлан туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг өргөн боломж нээгдэж байгаа тал дээр талууд санал нэгтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий Сайдын 2013 онд Японд хийсэн айлчлалын үеэр Монгол-Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсанаар Хоккайдо мужтай хамтран ажиллах суурийг нь тавьсан хэмээн Т.Кодама онцлов.
Энэхүү хамтын ажиллагааны нэг хэлбэр болох газрын хөрсний дулаан ашиглан хүлэмжинд хүнсний ногоо тариалах төслийг Монголд Жайкагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа талаар танилцуулав. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн зүгээс“Эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбар нь Монгол улсын маш чухал салбар мөн бөгөөд тус салбарт хамтран ажиллаж, технологи нэвтрүүлж улмаар мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэгдэх үндэс суурь тавигдаж буйд талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Японы хооронд Эдийн засгийн Түншлэлийн хэлэлцээр байгуулагдсантай холбоотойгоор хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх, ялангуяа жижиг, дунд бизнесийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцоллоо. Монголд Японы ресторан зоогийн газар, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийх нөхцөл боломж өргөн байгааг тэмдэглээд Монголын дундаж орлоготой хүн амын худалдан авах чадамжинд тохирохуйц үнэ бүхий бараа бүтээгдэхүүн импортлох хэрэгтэй” хэмээв. Мөн “Улаанбаатар Саппоро хотууд эгч дүү хот болох гэрээ үзэглэвэл цаашдын хамтын ажиллагаа ахицтай байх” талаар сануулав.
Т.Кодама Хоккайдо муж хоол хүнсний бүтээгдэхүүнээрээ алдартай бөгөөд Хоккайдогийн нэрийн хоол болох Чингис хааныг Монголын махаар жинхэнэ утгаараа Чингис хаан болох талаар дурьдахад, гишүүний зүгээс EPA-ийн хүрээнд Монголоос малын мах нийлүүлэх боломж нээгдсэн боловч Монголын мах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага стандартыг хангах тал дээр учир дутагдалтай байгааг дурдлаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet