Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага:
Хивэгний экспортыг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.
Хууль зүйн шаардлага:
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 5 дугаар бүлгийн 3-т “мах сүүний чиглэлийн үхэр, хонь болон гахай, шувуу өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн туршилт, судалгаа, сонгон үржүүлгийн ажлыг хэрэгжүүлэх”, 7 дугаар бүлгийн 4-т “ Хот суурин газрын хүн амыг эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүй байдалд бэлтгэгдсэн махаар хангаж,...”, 5-д “стратегийн болон импорт орлох, экспортын хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” гэж;
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” хөтөлбөрийн3.4.2.3.өвс, тэжээлийг чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалах баглаа, боодлын шинэ технологи нэвтрүүлэн овор багатай, чанар сайтай тэжээл бэлтгэж улсын болон орон нутгийн байнгын нөөц бүрдүүлэх;, 3.4.2.4.аймаг, сум бүрт цаг агаарын нөхцөл хүндэрсэн үед ашиглах зориулалт бүхий өвс, тэжээлийн нөөцийн сан бий болгох. Эхний ээлжинд орон нутгийн нөөцийг зарцуулах, нөөц хүрэлцэхгүй нөхцөлд улсын нөөцийн санг ашиглах;” гэж;
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар бүлэгт заасан “эрчимжсэн мал аж ахуй, гахай, шувууны аж ахуй эрхэлж байгаа аж ахуйг дэмжих” гэж тус тус заасан.
Практик шаардлага:
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу хивэгний экспортод тавих хяналт байхгүйгээс дотоодод мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэглэх тэжээлийн хангамж буурах эрсдэлтэй байдаг. Тухайлбал, зарим улс орнуудтай байгуулсан хэлэлцээрийн дагуу гурилын үйлдвэрүүд хивэг экспортолсоноос Улаанбаатар хот орчмын фермерийн аж ахуйнуудад шаардагдах малын тэжээлийн хивэгний олдоц муудан, үнэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд нэг дахин нэмэгдсэн нь сүү, махны үхэр, гахай, тахиа, шувуу үржүүлж байгаа дотоодын фермер болон малчдад эдийн засгийн хувьд учруулж байна.
Гурилын үйлдвэрүүдээс гаргаж буй хивгээр дотоодын хэрэгцээгээ хангах нь нэг талаас иргэдийг эрүүл баталгаатай хоол хүнсээр хангахад нөгөө талаас аж ахуй нэгжийг хямд баталгаатай бүтээгдэхүүнээр хангахад ач холбогдолтой тул хивгийг экспортлохдоо дотоодын эрэлт хэрэгцээндээ тулгуурлан тоо хэмжээг нь тогтоодог болох эрх зүйн зохицуулалт шаардлагатай болж байна.
Түүнчлэн, энэ төрлийн зохицуулалтыг хийснээр Монгол улсад хивэгний дотоодын эрэлт, хэрэгцээ их байдаг улиралд (намар, өвөл) хивэний экспортод хязгаарлалт хийж малчид, фермерүүдээ дэмжих, дотоодын эрэлт, хэрэгцээ бага үед (6-9-р сард) хивгийг тодорхой тоо, хэмжээгээр экспортлох замаар гурилын үйлдвэрүүдийн агуулах, савны дүүргэлтийг багасгаж үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогыг хамтад нь шийдвэрлэх боломжтой болно.
Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ:
Энэхүү хуулиар хивгийг экспортлох журам тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах ба 5 зүйлтэй байна.
Гурав. Хууль батлагдсанаар гарч болох нийгэм эдийн засаг, хууль зүйн үр дагавар, гарах үр дүнгийн талаар:
Хуулийг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг, хууль зүйн хувьд дараах эерэг үр дагавар бий болно. Үүнд:
Малчид, фермерийн хэрэгцээнд нийцүүлэн хивэгний экспортыг зорицуулах боломжтой болно;
Иргэдийг гарал үүсэл нь баталгаажсан эрүүл аюулгүй хүнсээр хангах нөхцөл бүрдэнэ;
Түүхий эдийн хомсдлоос хамааралтай мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалагдана.
Дөрөв. Хуулийн төсөл нь бусад хуультай хэрхэн уялдах, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар:
Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулна.
Tweet