Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлын нэг бол тусламж үйлчилгээний чанар болон үр ашгийг дээшлүүлэх явдал юм. Улс орон хөгжих тусам эмнэлгийн тусламжийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, өртөг нь өндөр болохын хирээр эрүүл мэндийн, ялангуяа эмнэлгийн салбарт нөөцийг үр ашигтай зарцуулах шаардлага улам ихээр тавигдана. Монгол улсад эмнэлгийг шүтсэн хуучин Зөвлөлт загварын эрүүл мэндийн тогтолцоо ноёрхож байсан бол 1990-ээд оны эхээр зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор анхан шатны болон амбулаторийн тусламжид илүү анхаарах болсон. Гэсэн хэдий ч өнөөгийн улсын эмнэлгүүдийн зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо яг хэвээрээ, үр ашиггүй байдал эмнэлэгт өндөр байна. Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн хөшүүрэг, урамшуулал дутмаг байгаагаас олон хүмүүс гадагшаа эмчлүүлэхээр явж, хүнд өвчин туссаны улмаас айл өрх ядууралд нэрвэгдэх байдал улам ихэсч байна.
Олон улсын туршлага болон манай улсын эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгаа, дүн шинжилгээний үр дүнг авч үзэхэд дараах цогц бодлогын арга хэмжээнүүдийг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд: (1) салбарын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, улмаар нөөцийг эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд чиглүүлэх;(2) улсын эмнэлгүүдэд тусламж үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн зохих урамшуулал, санхүүжилтийн хөшүүргүүдийг хэрэглэх; (3) улсын эмнэлгүүдийн одоогийн удирдлагын арга барил, засаглалыг өөрчилж, тусламж үйлчилгээний төлөвлөлт, санхүү, боловсон хүчин, хяналт зэрэгтэй холбоотой бодитой шийдвэр гаргах эрх үүргийг эмнэлгийн удирдлагад шилжүүлэх; (4) эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг өндөрсгөх зэрэг бодлогын шинэчлэлийг цогцоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Эдгээр бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлснээр хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахаас гадна улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг хангах, эрүүл мэндийн улмаас иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах, чанартай тусламж эрэлхийлж иргэдийн гадагшаа урсгаж байгаа зардлыг бууруулах зэрэг нийгэм эдийн засгийн олон талын чухал ач холбогдолтой.
Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхийн тулд тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, улсын эмнэлгийн одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж, үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу тэдгээр эмнэлгийн санхүүгийн нөөцийг үр ашигтай ашиглах менежмент, удирдлагын арга барилыг хөхүүлэн дэмжсэн хууль эрх зүйн шинэ орчин, харилцааг бий болгох шаардлагатай байна.
Түүнчлэн эмнэлгийн байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог сайжруулах зэрэг чухал бодлогын асуудлыг хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх хэрэгцээ байгаа юм.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль нь дээр дурьдсан шинэчлэлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин харилцааг бий болгох хуулийн төсөл юм. Хуулийн төслийг хавсралт файлаас татаж авна уу./beta/upload/files/TUSULemnelegiintuslamjuilchilgeetusul13022015pdf.pdf
Tweet