Нэг. Хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "Шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрд олгох нь эрүүл мэндийн салбарын үндсэн зорилт мөн.", "Иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх" гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн болно.
Монгол улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, гүйцэтгэл болон үр ашгийг сайжруулах шаардлагатай байгаа талаар төр засгийн бодлогын баримт бичгүүдэд олонтаа дурдагдсан байдаг. эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чанар болон үр ашгийг дээшлүүлэх нь хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахаас гадна өсөн нэмэгдэж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг хангах, эрүүл мэндийн улмаас иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах, чанартай тусламж эрэлхийлсэн иргэдийн гадагшаа урсгаж байгаа зардлыг эх оронд нь үлдээх эдийн засгийн олон талын чухал ач холбогдолтой.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр ашгийг сайжруулахын тулд эрүүл мэндийн салбарт дараах бодлогын шинэтгэлийг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
1. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагыг бизнесийн орчинд улс төрөөс хараат бус байдлаар бие даасан тогтвортой ажиллах хууль эрх зүйн орчинг бий болгох;
2. Өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг зах зээлийн харилцаанд тэгш оролцох боломжоор хангах, улмаар зөвхөн тусламж үйлчилгээнийхээ чанараар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх;
3. Эрүүл мэндийн санхүүжилтийг иргэдэд чанарын шаардлага хангасан тусламж үйлчилгээг үзүүлэхэд зарцуулах, ингэхдээ эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан “тусламж үйлчилгээ үзүүлэх -санхүүжүүлэх” гэрээний гүйцэтгэлийг үндэслэн санхүүжүүлэх;
4. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт тухайн тусламж үйлчилгээг хэрэглэгчийн өмнөөс худалдан авч байгаа байгууллага нь хяналт тавьж хариуцлага хүлээлгэх;
5. Эрүүл мэндийн салбар дахь төрийн зохицуулалтын хүрээнд: (1) Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ерөнхий загвар, төлөвлөлтийг гаргах, (2) Тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон мэргэжилтэнд тавигдах шаардлагыг тодорхойлох, (3) Иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шалгуурыг тодорхойлох, хангах, чиглэлийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчинг бий болгох.
Эдгээр бодлогын шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилгоор өргөн барьж буй “Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай” хуулийн төслийг боловсруулахдаа “Эрүүл мэндийн тухай” хууль нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихтэй холбоотой эрүүл мэндийн салбарын нийтлэг харилцааг зохицуулах малгай хууль байхаар, харин “Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай” хууль нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар боловсруулсан. Түүнчлэн Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжтой уялдуулсан болно.
“Эрүүл мэндийн тухай” хуулиар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн гэж авч үзэж байгаатай уялдуулан хуулийн нэрийг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” гэж өөрчиллөө.
Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Энэхүү хуулийн төсөл нь 6 бүлэг, 65 зүйлтэй бөгөөд 1 дүгээр бүлэгт хуулийн зорилго, зохицуулах зүйл, хамрах хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг тусгасан, 2 дугаар бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг, 3 дугаар бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлага, 4 дүгээр бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилт, 5 дугаар бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээний удирдлага, 6 дугаар бүлэгт бусад харилцааг тус тус тусгасан болно.
Өргөн мэдүүлж буй “Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай” хуулийн төсөл нь эрүүл мэндийн салбарын бодлогын шинэтгэлийн үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор дараах харилцааг шинэчлэн зохицуулж байна:
1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын талаар:
Анхан шатны эрүүл мэндийн тусламжийг (энэ хуулинд “ерөнхий мэргэжлийн тусламж” гэх) өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага (өрх, сумын эрүүл мэндийн төв) үзүүлэх боломжийг нээх, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэд эмчээ сонгон бүртгүүлж үйлчлүүлэх, эмч нь өөрийг нь сонгож бүртгүүлсэн иргэдийн эрүүл мэндийн асуудлыг өөрийн чадамжийн хэмжээнд шийдвэрлэхийн зэрэгцээ дээд шатлалын эмнэлэгт өвчтнийг зуучлах, эргэх холбоо тогтоох замаар тусламж үйлчилгээний залгамж чанарыг хариуцахаар тусгасан. Мөн архаг хууч өвчтэй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг иргэдэд гэрээр эмчилгээ хийх, асран сувилах зэргээр өрх сумын эрүүл мэндийн төвийн үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэхээр тусгасан.
Сувиллын тусламжийг (Үүнд: рашаан сувилал, сувилал, асран сувилал багтана) бие даасан хэмжээнд гаргаж эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хувийн хэвшил давамгайлсан байдлаар зохион байгуулахаар тусгасан.
Түргэн тусламжийн үйлчилгээг (“яаралтай тусламж” гэх) хувийн хэвшлийн байгууллагаар гэрээ байгуулан гүйцэтгүүлэх, санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр тусгасан.
Ерөнхий мэргэжлийн, сувиллын болон яаралтай тусламжийн зохион байгуулалтыг орон нутгийн Засаг дарга бүрэн хариуцан эдгээр үйлчилгээг үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хариуцлага хүлээлгэх, санхүүжүүлэхээр тусгасан.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг (“эмнэлгийн мэргэшсэн тусламж” гэх) үзүүлэх байгууллагыг тусламж үйлчилгээний онцлогоор нь 5 ангилал (нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай эмнэлэг, клиник, амаржих газар) болгон өмчийн аль ч хэлбэрийн хуулийн этгээд байхаар тусгасан.
Хувийн өмчит эмнэлгийн удирдлага зохион байгуулалт нь компани, нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулагдах тул энэ хуулиар зөвхөн төрийн эмчит эмнэлгийн удирдлага зохион байгуулалтыг зохицуулсан.
Өргөн цар хүрээний тусламж үзүүлэх хүчин чадал ихтэй нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь төрийн өмчит хуулийн этгээд байх тохиолдолд (1) эмнэлгийн бие даасан байдлыг хангах, (2) засаглалыг сайжруулах, (3) хариуцлага ил тод байдлыг хангах зорилгоор дараах зохицуулалтыг хийсэн болно:
Эмнэлэг өмчлөгч, үйлчлүүлэгч, мэргэжилтний төлөөллөөс бүрдсэн төлөөлөн удирдах зөвлөлтэй байх, төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг сонгон томилох, эмнэлгийн гүйцэтгэх удирдлага нь эмнэлгийн өдөр дутмын үйл ажиллагаа, гүйцэтгэлийг хариуцан төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах;
Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, эмнэлгийн гүйцэтгэх удирдлага нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эмнэлгийн зохион байгуулалт, дотоод менежментийг бие даан хэрэгжүүлэх;
Эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин гэрээт ажилтны журмаар ажиллах, ажлын гүйцэтгэлээр цалинжих;
Эмнэлгийн санхүүжилтийг эмнэлгийн гүйцэтгэх удирдлага болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах байгууллага (“эрүүл мэндийн даатгалын газар” гэх) хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр олгох;
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт эрүүл мэндийн даатгалын газар хяналт тавих.
2.Эмнэлгийн байгууллагад тавигдах шаардлагын талаар:
Өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг энэ салбарт гарч болох бизнесийн эрсдэлийг бууруулах, иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор эрүүл мэндийн бодлого төлөвлөгөө, иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах механизмыг тусгасан.
Өмчийн бүх хэлбэрийн эмнэлгийн байгууллагад үзүүлэх гэж буй тусламж үйлчилгээний онцлогыг харгалзан ижил шаардлага тавигдана
3.Эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлагын талаар:
Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх, эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл нь түүний мэргэшлийн түвшин, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага өөр өөр байхаар зохицуулсан.
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын нийтлэг чиг хандлагын дагуу “суралцах явцдаа ажиллах” зарчмыг суурь болгон цогцоор нь өөрчлөх зохицуулалтыг оруулсан. Тухайлбал, эмч болох мэргэжилтэн дадлагажигч эмч, мэргэшил горилогч эмчээр ажиллаж ажиллах хугацаандаа дадлагажих болон мэргэшил горилох сургалтад хамрагдан шат ахих журмаар эмчлэгч эмчийн зиндаанд хүрнэ. Ингэснээр төгсөлтийн дараах сургалтын хугацаа урт 5-7 жил болж байгаа боловч мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, мэргэжлийн ур чадвартай, мэдлэг туршлагатай мэргэжилтэн бэлтгэж авах боломжтой болно.
4.Эмнэлгийн байгууллагын санхүүжилтийн талаар:
Эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж улсын төсөв, нийгмийн эрүүл мэндийн даатгалын сан, хувь хүний төлбөрөөс гадна нийгмийн халамжийн сан болон орон нутгийн төсвөөс асран сувилахуйн болон яаралтай тусламж үйлчилгээг санхүүжүүлэхээр тусгасан.
Эрүүл мэндийн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг үр дүнтэй нь уялдуулах зорилгоор улсын төсвөөс санхүүжих эмнэлгийн мэргэшсэн тусламжийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхээр тусгасан. Эрүүл мэндийн даатгалын байгуулага нийгмийн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагатай гэрээгээр гүйцэтгүүлэхийн зэрэгцээ улсын төсвөөс санхүүжих тусламж үйлчилгээний гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж, гүйцэтгэлийг харгалзан зохицуулсан.
Эрүүл мэндийн санхүүжилт нь эрүүл мэндийн байгууллагыг бус харин иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламжийг санхүүжүүлэхэд зориулагдах бөгөөд санхүүжилтийн хэмжээ нь тухайн тусламж үйлчилгээний бодит өртөгт тулгуурлах, тухайн тусламж үйлчилгээг үзүүлсэн эрүүл мэндийн байгууллага нь өмчийн ямар хэлбэртэй байхаас үл харгалзан ижил түвшинд байх зарчмыг хэрэгжүүлнэ.
5.Эмнэлгийн тусламж үйлчилгээний удирдлагын талаар:
Эрүүл мэндийн салбарт дахь төрийн оролцоо нь зохицуулах үүргээр хазгаарлагдах ба (1) эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (эрүүл мэндийн яам), (2) эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах төрийн байгууллага (эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах газар) болон (3) эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах төрийн байгууллага (эрүүл мэндийн даатгалын газар) гэсэн гурван этгээдээр хэрэгжих бөгөөд тэдгээрийн эрх үүргийг дараах байдлаар заагласан болно:
Гурав. Хуулийн төслүүд батлагдсанаар үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар
Энэхүү хууль батлагдсанаар дараахь эерэг үр дагавар гарна:
1. Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд илүү хүртээмжтэй, чанартай болон үр ашигтай хүргэх оновчтой зохион байгуулалтанд орох нөхцөл бүрдэнэ.
2. Эрүүл мэндийн улмаас үүсэх ядуурлыг бууруулах, гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгалыг хязгаарлах, улс орны эдийн засгийг өсөлтийг дэмжихэд хувь нэмэр оруулна.
3. Тусламж үйлчилгээ үзүүлэгч эмнэлгийнбайгууллагуудын удирдлага нь олон нийтийн эрх ашгийг дээдлэх, тэдгээрийн хяналтанд байхаас гадна тусламж үйлчилгээ хүргэхтэй холбоотой харилцаа, эрх үүргийн хуваарилалт, хариуцлага ил тод болно.
4. Улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авагч байгууллагаар дамжих ба улмаар салбарын нөөцийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэхээс гадна тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх гол хэрэгсэл болно.
5. Эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон төгсөлтийн дараах сургалтын шинэ тогтолцоо нь эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, чадвар, чадамжийг дээшлүүлэх, улмаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах бас нэг чухал хөшүүрэг болох юм.
6. Эмнэлгийн салбарын удирдлага, хяналтын бүтэц зохион байгуулалт, эрх үүргийн хуваарилалтыг оновчтой болгосноор эрүүл мэндийн бодлогын шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилт нь салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, гүйцэтгэлийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм
Дөрөв. Хуулийн төслийг бусад хуультай уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн талаарх санал
Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад холбогдох хуультай нийцүүлэх зорилгоор Эрүүл мэндийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамт боловсруулсан болно.
Tweet