Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 02 дүгээр сарын 04-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
“Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгасан дүнг хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Эрчим хүчний 72-р тогтоолыг хэрэгжүүлэх журамд хэд хэдэн санал байна.
Нэгдүгээрт: Өрсөлдөөний тухай хууль дээр эрчим хүчний зохицуулах газар, шудрага өрсөлдөөний газар хоорондоо хуулийн талаар маргалдаантай байгаа. Энэ талаас нь бодож өөрчлөлт оруулах гэж байгаа юм уу, эсвэл эрчим хүчний секторт орчин үеийн дэлхийн хандлагыг дагаад “natural” монопол байдлаас нь татгалзаад тодорхой хэмжээнд өрсөлдөөн өрнүүлдэг орчин үеийн хандлагыг дагасан чиглэлээр өрсөлдөөний тухай хуулинд өөрчлөлт оруулах гэж байна уу?
Хоёрдугаарт: Ногоон хөгжлийн бодлого батлахдаа эрчим хүчний үр ашгийг 20 хувиар дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 20 хувиар нэмэгдүүлэх гээд тодорхой онол бүхий зорилт заасан. Энэ 72-р тогтоолын үзэл санаа нь бүхэлдээ эрчим хүчний секторын үр ашгийг дээшлүүлэх гэсэн үзэл санаатай, үүний дотор үнэ бүрдэлт ч байдаг. Тэнд жишээ нь “Ногоон тариф” гээд орсон байгаа, энэ заалтуудыг нэмж оруулах ёстой.
Гуравдугаарт: Дэлхий дээр НҮБ-ын батласан урилга бий. Дэлхийн улс орнуудаас гадна Монгол улс ч нэгдэн орсон "sustainable energy for all" буюу “тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд” гэсэн энэ үзэл санааг “тогтвортой эрчим хүчний хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого” гэсэн томъёололоор оруулж болох уу?
Дөрөвдүгээрт: Эрчим хүчний салбарын өртөг зардлыг бууруулах нэгдүгээр заалтад “эрчим хүчний салбарын үнэ бүрдэлтийн өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох” гэж оруулж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Ийм байддлаар оруулж өгөхгүй бол энэ бол зөвхөн өртөг зардлын асуудал биш, ерөөсөө үнэ бүрдэлт яаж явагдаж байгаан, эрчим хүчний зохицуулах зөвлөл маань хуулинд заагдсан бие даасан, хараат бус байдлаа хангаж ажиллаж чадаж байна уу гэсэн энэ асуудлууд цаашид хөндөгдөнө шүү...Энэ талаас нь эрчим хүчний салбарын үнэ бүрдэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, салбарын өртөг зардлыг бууруулах ийм чиглэлээр оруулж болох уу гэсэн санал байна.
Эцэст нь сая хэлсэн зүйлүүдийг нэмж, оруулаад 72 дугаар тогтоолоо арай өргөн утгатай, илүү бодлоготойгоор гаргаж болох уу гэсэн, ажлын хэсэгт тавих санал байна.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан:Өрсөлдөөний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Та их зөв асуулаа. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний хуулиар, эрчим хүчний үнэ тарифыг ерөөсөө дэлхийн жишигээр мөрдүүлж байгаа. Сүүлд нь өрсөлдөөний хууль гарахад, заримдаа давхар хянамаар ч юм шиг хоёрдмол ойлголт байсаар байгаа. Тиймээс нэгдсэн ойлголт болгоё гэсэн зорилгоор өрсөлдөөний тухай хуулинд өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа... Ер нь Та бол эрчим хүчний өрсөлдөөний салбарын тухай ярьж байна. Энэ бол их зөв юм. Манайх бол өнөөдөр өрсөлдөх чадвар ерөөсөө байхгүй байгаа шүү дээ. Дөрөвдүгээр станц 500 мгвт хүчин чадалтай, нэгдүгээр станц дөнгөж нэг 20 мгвт хүчин чадалтай байна. Өрсөлдөөн хэзээ бий болох бэ гэхээр, дөрөвдүгээр станцтай өрсөлдөх дараагийн эх үүсвэр гарч ирэх хүртэл, үүнийг бид 2020 он байх болов уу гэж харж байна. Тийм учраас цаашид бид төрийн өмч, бүтцийн өөрчлөлт, хувьчлал, чөлөөт зах зээл, өрсөлдөөн гээд аяндаа 2020 он гэхэд орох болов уу гэж харж байна.
Сэргээгдэх эрчим хүч 20 хувь хэвээрээ, үүнийг цаашид хэн ч хөндөхгүй. Энэ салбар нэмэгдүүлэх бодлого барьж байгаа...
Ногоон тариф гэдгийг тайлбарлах байх. Сая Ц.Нямдорж гишүүн асууусан. Өнөөдрийн барьж байгуулсан салхины ганц цахилгаан станцаас болж, бүх юм баларч байна. Энэ бол тогтолцоо нь жаахан гажуудалтай байгаа юм гэдгийг Д.Зоригт сайд хэллээ. Тиймээс бид ногоон тарифын системийг тогтоогоод цаашид дэлхий нийтийн жишгээр сэндвичэн эрчим хүчний өөрийнх нь авч явдаг хэмжээ татаас, нөхөн олговорыг нь үүнээс олгох нь зүйтэй гэсэн зарчим ярьж байгаа...Цаашид сэргээгдэх эрчим хүчний хуулинд “ногоон тариф” гэдэг тодорхой томъёолол оруулж батална гэсэн бодолтой.
Дараагийн асуудал болох Өртөг зардал бууруулах гэдгийг “үнэ бүрдэлтийн тогтолцоо” гэдэг байдлаар эдийн засгийн санал оруулж болно. Тиймээс найруулж оруулъя.
Энэ тогтоол 72 дугаар тогтоолын үргэлжлэлийг гүйцээх асуудал байгаа учраас үүнийг бид нилээн тал, талдаа ярьж байж бидний ярьдаг, салбарынхан ярьдаг, бүх томъёолол саналууд ямар нэг хэмжээнд багтсан гэж ойлгож, үүнийг задлаад Засгийн газар хэрэгжүүлэх талаар эн тухай Ерөнхий сайдтай санал солилцож, нэгдсэн ойлголттой болсоныг хэлэх нь зүйтэй байна.
Эдийн засгийн байнгын хороооны дарга Ж.Батсуурь: С.Дэмбэрэл гишүүн тодруулъя:
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Эрчим хүчний бүтээгдэхүүн нь өөрөө нийтийн бараа юм. Тиймээс нийтийн бараа гэдэг утгаар нь нэг явах асуудал байна. Өөрөөр хэлбэл эрчим хүчний бодлогыг бусад нийтийн барааны адилаар үйлдвэрлэх, түүхий эдийг хуваарилах бүхий энэхүү өртөг нэмэгдэх, өртөг бүрдэлтийн бүх гинжин хэлхээ дотор нь байгаа асуудлыг авч харах, иж бүрэн хандлага юм гэж би ойлгож байгаа.
Энэ талаасаа үг, өгүүлбэртээ жаахан засварууд хийж явбал зүгээр шүү...
Эрчим хүчний сайд Д.Зоригт: С.Дэмбэрэл гишүүний хэлсэн “тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд” гэсэн НҮБ-ын уриалга байгаа юм. Энэ нь 10 жилийн хугацаанд хэрэгжих юм. Үүнийг их анхаарч байгаа...
Манай улсын нэг хүнд оногдож байгаа эрчим хүчний хэрэглээ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас 4-5 дахин бага, үр ашиг их муутай байгаа. Ийм учраас бид “төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг” гэсэн төслийг боловсруулсан. Удахгүй Засгийн газраас хэлэлцүүлэээд УИХ-д өргөн барина. Энэ бичиг баримтад эрчим хүчний “тогтвортой эрчим хүч бүх нийтэд” гэсэн үзэл санааг нилээн суулгаж өгсөн. Бодлогын бичиг баримтыг УИХ-аар хэлэлцэх үед тал талаас энэ асуудлаар ярилцъя.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet