Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнг сонсох үеэр
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:-Нэгдүгээрт, Гишүүд асуулаа, сонсож байхад гол нь санал хэлэх шиг л боллоо шүү...Тэгээд тэр санал чинь яг хаашаа очсон юм. Зүгээр л ингээд л замхрах юм уу. Жишээлбэл, 39 дүгээр тогтоолыг үзье, Их Хурал өөрийнхөө алдааг засъя. Үүнийг алдаа эсэхийг нь тогтооё.
Хоёрдугаарт, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого дотор чинь энэ уул уурхайн компаниудын, төрийн өмчит уул уурхайн компаниудын ерөнхий ажиллах зарчмыг концепцын хувьд нь маш тодорхой заагаад өгчихсөн. Тэгээд энэ хоёр асуудал дээр гишүүд тогтоол юм уу, эсвэл ямар нэг зүйл гаргах гэж байгаа мэтээр санал тавьж байна. Уг нь тогтоол нь гарчихсан байгаа шүү дээ...
Унацын тухай яриад байгаа ч, яаж үүссэн, ямар шалтгаантай гэдгийг Эдийн засгийн байнгын хороо, мэргэжлийн хороо юм бол үүнийг авч хэлэлцэх цаг нь болчихсон байна шүү...
Тийм учраас зүгээр нэг сонсмоор аядаад, тэгээд ийш тийшээ нэг бичиг хүргүүлэх энэ процесс болохгүй шүү Ж.Батсуурь даргаа.
Тийм учраас энэ гишүүдийн саналыг бүгдийг нь харгалзаад, ярилцаад, тэгээд олигтойхон уг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.
Монгол Улсын хувьд, энэ концепц өнгөрсөн түүхэнд алдаа гаргасан ч, засах ёстой. Тэр засах ёстой эх үүсвэр нь байгаад байна шүү дээ. Үүнийгээ арилгахгүй бол энэ чинь улам л даамжирна шүү дээ. Баярлалаа.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -С.Дэмбэрэл гишүүний санааг ойлголоо. Тэгээд хэлсэн бүхий л асуудлыг протоколоор Засгийн газарт бүх байгууллагуудад нь хүргүүлнээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Ж.Батсуурь аа. Байнгын хороог нэг аймгийн дарга зөвлөлөө удирдаж байгаа юм шиг удирдах гээд байна. Үүнийгээ боль оо. Сонгогдсон гишүүд үгээ хэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлдэг газар. Тэгээд л нэг хөгийн 5 минутаар хашчихаад л, ажил ч хийлгэхгүй, үг ч хэлүүлэхгүй, шийдвэр ч гаргуулахгүй ийм байдал руу оруулаад байх юм.
Тогтоол гаргая гэдэг гаргах хэрэгтэй. Тэр тогтоолынхоо төслийг Д.Хаянхярваа та ажлын хэсэг боловсруулаад оруулж ирээд, тэгээд тэрийг нь үзэж байгаад Байнгын хороо дахин нэг хуралдаад энэ тогтоол гаргая гэсэн саналыг оруулж байна. Үүнийг нэгдүгээрт нэг дэмжээд өгөөч гишүүд.
Хэрвээ ийм юм хийдэггүй юм бол цаашдаа шалгалт хийхээ болих хэрэгтэй. Яах юм. Үгийг нь ч хэлүүлэхгүй, саналыг нь ч сонсохгүй, шийдвэр ч гаргахгүй. Тэгээд нэг баахан байгууллагын ажил очиж үймүүлж хаячихаад, ингээд үхээнц царайлаад суугаад байх юм бол энэ улс удирдаж байна гэж бид хэд цаг барж сууж яах юм. Би тэгээд тогтоол гаргая гэсэн саналтай байна. Үүнийгсанал хураалгаад өгөөч.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -За Ц.Нямдорж гишүүн тогтоол гаргая гэсэн санал оруулж ирж байна. Тэгээд тогтоол бид энэ хэлэлцсэн дүнг сонслоо. Шалгасан дүнг. Тэгээд үр дүнд ажлын хэсэгт дараагийн хуралдаанаас өмнө тогтоолын төсөл оруулж ир гэж үүрэг өгье. За Г.Уянга гишүүн.
УИХ-ын гишүүн Г.Уянга: -Энэ нөгөө Таван толгой дээр бас шинэ нөхцөл байдал үүсчихээд байгаа хөрөнгө оруулагч гээд. Тэгэхээр уялдуулах байдлаар шийдвэрээ гарганаа гэсэн чиглэл одоо Байнгын хорооноос гарах ёстой. Тогтоолын төсөл бид нар боловсруулж оруулж ирэх нь байна шүү дээ. Тэгэхгүй бол одоо жишээлбэл С.Дэмбэрэл гишүүн санал тавилаа шүү дээ. 39 дүгээр тогтоол гээд.
Анх үүсгэн байгуулагдсан асуудлыг нь хөндөөд, тэрийг цуцлах тийм асуудал хөндөх юм бол энэ чинь шал өөр нөхцөл байдал руу орж ирэх учраас одоогийн явагдаж байгаа хэлэлцээртэй уялдуулж холбогдуулсан тийм юм бас байх хэрэгтэй байх. Тэгэхгүй бол тийм онигооны юм хийж болохгүй шүү дээ бас манай Байнгын хороо.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Үгүй энэ бол тийм хяналт шалгалтын чиг үүрэг, одоо Таван толгойг дараагийн хөрөнгө оруулагч, дараагийн асуудал яригдаж байгаа энэ хоёртой хамтатгаж бол болохгүй байх аа. Тэгэхээр за зарим гишүүдийн саналаар Байнгын хорооны тогтоол гаргах шаардлагатай гэсэн учраас ажлын хэсэгт тогтоолын төсөл оруулж ирье, Төсөл оруулж ирье гээд шийдчихлээ. Гарамгайбаатар гишүүн.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: -Энэ уг нь Улсын Их Хурал Дэгийн тухай хуулиар бол Улсын Их Хурлын бүтцийн байгууллага, Байнгын хороо аж ахуйн нэгж руу өөрөө шалгалт ордоггүй шүү дээ. Захиалга өгч, аудитын газраар шалгуулаад, аудитын газрын шалгалтын дүгнэлтийг бид нар авч хэлэлцээд шийдвэр гаргах л ийм нөхцөл байгаа. Сая таны хэлж байгаа юман дээр Улсын Их Хурал өөрөө шалгасан юм уу, тийм юм сая яриад байх юм. Тэр нь ямар учиртай юм бэ?
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -33.13-аар Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид энэ хуулийн 33.11-д дурдсан ажлын хэсэг хяналт шалгалт явуулах шаардлага гарвал шалгалтыг төрийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллагатай хамтарч гүйцэтгэсэн дүнг Байнгын хороо нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болноо гэсэн заалт байгаа. Үүний дагуу явсан юм байгаа юм. Тэгээд би түрүүн бол хэлсэн.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Нэгдүгээрт, тэгэхээр би бол ингэж ойлголоо. Эдийн засгийн байнгын хорооноос бол тогтоол гаргая гэсэн шийдвэр гаргаж байгаа юм байна аа гэж нэгд.
Хоёрдугаарт, би Эдийн засгийн байнгын хорооны гишүүн биш ч гэсэн яах вэ энэ ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Тэгэхээр бол би энэ ажлын хэсгээс тогтоол гаргахдаа бол зөвхөн энэ шалгасан одоо асуудалтай холбогдуулж биш ер нь бол Улсын Их Хурлын одоо Улсын Их Хурлаас энэ төрийн өмчтэй компаниудтай холбогдож гарсан, уул уурхайн компаниудтай холбогдож гарсан, 39, хэд хэд гэнэ ээ, тэр нэг олон тогтоолуудтай холбогдсон зүйлүүдийг нэг мөр болгох талд нь чиглэгдсэн том тогтоол гарах юм байна аа гэж ойлгож байгаа нь зөв үү.
Хэрвээ тэгж ойлгож байгаа, одоо миний энэ ойлголт зөв болбол энэ оролцсон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс өөрсдийнхөө саналыг яаралтай одоо бичээд, манай ажлын хэсгийнхэнд өгөөрэй...Ийм ийм зүйлүүдийг тогтоолд тусгавал зүйтэй байна аа гэсэн саналаа өгчихвөл бид нар нэгтгэж байгаад тогтоолын төсөлд оруулж байгаад дараагийн Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр та бүхнээр хэлэлцүүлээд батлуулаад явах ийм саналтай байна аа гэдгээ хэлье.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -За ажлын хэсэг зөв ойлгосон байна. Гишүүдийн С.Дэмбэрэл гишүүн, Ц.Нямдорж гишүүний саналаар тогтоол гаргая. Ер нь бол саналыг яаралтай ажлын хэсэгт хүргэе.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet