Улсын Их хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хоро, төрийн байгуулалтын байнгын хороодын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарсан хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: -Гишүүдийн өдрийн амгаланг айлтгая. Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдааны ирц хүрсэн. Ирвэл зохих 37 гишүүнээс 20 гишүүн ирсэн байна. Хоёр Байнгын хороо хамтарч хуралдаж байгаа шалтгаан бол Монгол хэлний хуулийн ажлын хэсгийг хамтарч байгуулж, анхнаас нь хамт явсан. Нэг талаасаа Төрийн албан ёсны хэлний хууль гэдгээрээ Төрийн байгуулалтын байнгын хороо байсан боловч эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлынхаа хуулийн дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг ийм асуудал юм байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: -С.Дэмбэрэл гишүүн асууя.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Нэгдүгээрт: 20 дугаар зүйл дээр Монгол Улсын иргэн эрх эдэлнэ гээд санаачилга гаргадаг эрх гэж ямар эрх байна вэ ?
Хоёрдугаарт, хуульд заасан бусад эрх гэж ямар хуульд заасан ямар эрхүүд байдаг юм бэ?
Гуравдугаарт, Монгол Улсын иргэн дараах журамт үүрэг хүлээнэ. “Журамт үүрэг” гэж хууль зүйн тодорхойлолт нь юу бэ, хаана байна бэ, үргээсээ юугаар ялгаатай юм бэ?
Тэгээд журамт үүргийг дотор нь 20.2.2-т яагаад бусад байгууллагад мэдээлэхийг яагаад журамт болгож байгаа юм бэ? Яг юугаараа журамтай байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн асуудлыг бусад байгууллагад мэдээлчихээр журамтай болдог юмуу? Үүнийхээ утга учрыг хэлж өгөөч.
20.2.3-т “хуульд заасан бусад үүрэг” гэдгийн Хэрэв “журамт” юм бол энэ чинь бусад журамт үүрэг гэж байх ёстой шүү дээ. Тэгвэл ямар хуульд, ямар журамт үүргүүд байдаг юм бэ?
Энэ маш тодорхой асуултууд шүү. Тодорхой хариулт л авъя. Тодорхой хариулт авахгүйгээр бөөрөнхийлбөл хэрэг байхгүй. Анхааруулж хэлэхэд, энэ Монгол хэлний тухай хууль гаргах ер нь ямар шаардлага байгаа юм бэ гэдгийг гуравхан шалтгаанаар Р.Гончигдорж, М.Батчимэг хоёроос гурван бодитой шалтгаан хэлж өгөхийг хүсэж байна. Баярлалаа.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: -Гончигдорж гишүүн.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: -Баярлалаа. “..журамт үүрэг” гэдэг хууль, эрх зүйн нэр томьёо бол Монгол Улсын Үндсэн хуулиасаа эхлэлтэйгээр байдаг юм. Тэнд Монгол Улсын иргэний үүрэг 17 дугаар зүйл дээр байдаг юм. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гээд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэн сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулиар ноогдуулсан албан татвар төлөх, эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гээд. Харин хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэсэн ийм заалт байдаг юм.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Би асуусан, 20.2.3 дээр байгаа “бусад байгууллагад мэдээлнэ” гэдэг энэ яагаад журам болчхоод байгаа юм бэ? Тодорхой хариулахгүй байна.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: -Энэ хүн дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрөхгүй гэдэг үг социализмын үед байлаа. Түүн шиг чи дутагдал хараад хэлсэнгүй гэж арга хэмжээ авагдахгүй. Тэр хүн өөрийнхөө санаачилгаар өөртөө хадгалагдах эрхээрээ аливаа асуудалд ийм байдлаар хандах эрх нь тэр хүнд хангалттай. Ямар нэгэн хүнд тэгээд хэлэхээр энэ танд ямар хамаатай юм бэ гэж албан тушаалтан урдаас нь хэлэх ёсгүй. Яагаад гэвэл би хуулиар хамгаалагдсан эрхийнхээ дагуу энэ асуудлыг танай байгууллагад тавьж байна. Ингэж монгол хэлийг хөгжүүлэхийн талаар танайх ингэх хэрэгтэй байна гэж нэг төрийн байгууллага тавилаа, тэр иргэний энэ тавьсан саналыг албан ёсны тавьж байгаа санал гэж хүлээж авч зохих ёсны арга хэмжээгээ хийх ёстой юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: -Хууль санаачлагч Батчимэг гишүүн Монгол хэлний тухай хууль яагаад заавал хэрэгтэй болсон талаар бөөрөнхийлөхгүй гурван хариулт хэлнэ.
УИХ-ын гишүүн М.Батчимэг: -Нэгдүгээрт, Би их, бага гурван хариулт болгон салгаж хэлье гэж бодож байна. Гуравхан үгэнд багтаах боломжгүй. Их хариултаас нь хэлбэл, ер нь ямар ч улс, үндэстэн хэл, соёлоо хамгаалахгүйгээр оршин тогтнодоггүй юм аа. Өнөөдөр хамгаалах шаардлага бий болчихсон.
-Хоёрдугаарт, угаасаа өнөөдөр хавтгай болж байгаа дэлхий дээр цөөн хүн амтай улс үндэстэн хэлээ хамгаалахгүй бол англи хэлэнд дарагдаад, дэлхий нийтээр хэрэглэдэг хэлэнд дарагдаад алга болчих аюул байна аа, Дэмбэрэл гишүүн ээ. Энэ бол хоёр дахь том агуулга.
-Гуравдугаарт, ерөөсөө монгол хэлний яруу тансаг байдал алдагдаж, одоо ямар бэрхшээл учирч байгааг энд сууж байгаа эрдэмтэн мэргэд тал, талаас нь танд хэлнэ. Энэ бол үндсэн суурь гурван том шалтгаан. Би танд тов тодорхой жижиг гэж хэлэхээ больё, гурван жишээ хэлье. Өнөөдөр Монгол Улсын иргэн малчин хүн Улаанбаатар хотод ирээд ямар газрын ямар хотод явж байгаагаа мэдэхгүй шахам хэмжээнд орчихсон. Дандаа гаднын хэл бичгээр биччихсэн газрууд, юу нь яадаг хоолны газар юм, эмнэлэг, сургууль нь ч хаанаа байгааг ялгахгүй хэмжээнд Улаанбаатар хот тийм болчихсон. Хотод өссөн монгол хүүхэд өнөөдөр Тунгалаг тамир романыг бараг ойлгохгүй болж байна, монгол ахуйгаа яриад ойлгохгүй болж байна. Ялгаагүй, таны ач, миний хүүхдүүд тийм л болсон шүү дээ, компьютерийн ард суудаг болсон. Зүйр цэцэн үг, монгол хуучны үлгэрээ ойлгохоо больсон. Холивудын хийсэн баахан хүүхэлдэйн киноны баатрууд ярьж байдаг ийм л хойч үетэй бид болж байгаа.
-Дөрөвдүгээрт, төрийн байгууллагын албан бичгийн хэл ямар болсныг та мэдэж байгаа. Хэвлэл, мэдээллийн хэл ямар болсныг та мэдэж байгаа. Бид нар ийм байдлаар 30, 40 жил явбал монгол хэл маань танигдахаа болих нь ээ. Юун бидний өвөг дээдсийн бичиж байсан Нууц товчоо вэ. Сүүлийн үеийн 20 дугаар зууны хэдэн гайгүй зохиолчдынхоо зохиолыг хойч үе маань ойлгохгүй болох гэж байна. Тийм учраас Монгол Улсад хэлний бодлого гэж юм хэрэгтэй байна. 3 сая хүнтэй Монгол битгий хэл 30, 40, 50, 100 сая хүнтэй улс орнууд ихэнх нь хэлний хуультай байна, хэлний академитай байна, хэлний том зөвлөлтэй байна. Улс орноо хамгаалах том шалтгааныг хэлээ хамгаалах гэж үзэж байна. Тийм учраас бид нар өнөөдөр нэг ийм хуультай болоод улсын хилээ манадаг шигээ монгол хэлээ манадаг нэг бүтэцтэй болохгүй бол болохгүй нь ээ гэж харж байгаа юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: -Дэмбэрэл гишүүн тодруулъя.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Маш нарийн тайлбар өгсөнд баярлалаа. Гэхдээ таны тайлбар чинь миний итгэл үнэмшлийг ерөөсөө эвдэж чадахгүй нь. Яагаад гэвэл би асуултандаа хариулт авсангүй.
Нэгдүгээрт, “журамт үүрэг” гэж Үндсэн хуульд тэгж байсан ч гэсэн олон улсын хууль, эрх зүйн шинжлэх ухаанд журамт үүрэг гэсэн тусгай тийм тодорхойлолт байна уу гэж асуусан. Та хэлж чадсангүй. Тийм учраас үүнийгээ, түрүүн ялангуяа Х.Тэмүүжин гишүүний хэлсэн үгийг сайн бодолцоорой.
Хоёрдугаарт, хэрэв энэ хууль зайлшгүй шаардлагатай асуудал гэвэл яагаад Улсын Их Хурлын тогтоол гаргаж болоогүй юм бэ? Энэ юугаараа ялгаатай байгаа бэ? Тунхаглалын шинж чанартай заалтууд л байхад яагаад хууль байх ёстой юм бэ? Компаниудыг реклам тавиагүйн төлөө аж ахуйн үйл ажиллагааг нь зогсоодог ямар хууль аль улсын хуульд байна вэ?
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet