Улсын Их Хурлын чуулганы 2015оны намрын ээлжит чуулганы 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
Тухайн өдрийн хуралдаанаар Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг сонсох байсан. Гэсэн ч тухайн жилийн газрын нэгдмэл сангийн газарт учирсан хохирол, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын зарим мэдээллийг хууль журмын дагуу дараа оны 3 дугаар сарын 1-ны дотор нэгтгэдэг учир байгаль орчны төлөв байдлын тайлан эцсийн байдлаар нэгтгэгдээгүй байгаа аж.
Байнгын хорооны дарга Су.Батболд, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байгаль орчны төлөв байдлын тайланг энэ оны эхний 3 сард багтаан ирүүлэхийг холбогдох яаманд протоколоор үүрэг болгож, энэ асуудлыг 2015 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудлын эхний асуудал болгон байнгын хороогоор хэлэлцэхээр тогтлоо. Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Байгаль орчны төлөв байдлын тайланд зөвхөн нэг жилийн тайланг тусгах бус өнгөрсөн таван жилийн динамик болон тулгамдаж буй гол асуудлууд, өөрчлөлт, цаашид юун дээр анхаарах асуудлыг чухалчлан үзэхийг онцлон анхааруулав. Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдаагүй байгаа учраас асуудлыг хойшлуулахаар боллоо. Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлын хүрээнд Ойн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Оюуныг батлав. Дараа нь тус байнгын хорооноос 2014 оны намрын чуулганы завсарлагаанаар болон 2015 оны хаврын чуулганы хугацаанд хийх ажлын чиглэлийг тогтоох асуудлыг хэлэлцэж,Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, С.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал хэлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: - Нэгдүгээрт, Засгийн газрын тухай хуульд чинь бүх яамдууд эрхэлсэн ажлынхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулна гээд шинэ заалт орсон. Тийм учраас энэ Байнгын хорооны хамгийн гол нэг анхаарах асуудлын нэг нь энэ. Бүх яамдууд энэ чиглэлээр энэ хууль гарснаас хойш юу хийв гэдэг тайланг нь сонсох ёстой. Өөрөөр хэлбэл одоо бид агаарын бохирдолд төрийн бүх институцийн хүчийг оруулахын тулд энэ хуулийг гаргасан. Одоо энэ хуулийнхаа хэрэгжилтийг үзмээр байна. Тэгээд яам болгоноор нь үзүүлээд тайланг нь аваад, үнэлгээ дүгнэлтийг нь өгөөд Байнгын хорооноос цаашдын чиглэлээр яамдуудад тодорхой даалгавар өгөх хэрэгтэй.
Хоёрдугаарт, энэ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас цөлжилтийн атлас гэж гаргасан. Энэ цөлжилтийн атласаас Монгол Улсын өнөөгийн цөлжилтийн байдал их тодорхой байгаа. Тийм учраас энэ мэдээллийг сонсоод цөлжилтийн энэ байдал ямархуу байгаа юм. Энэ нь одоо малын бэлчээр бусад асуудалтай яаж холбогдох юм гэх мэтийн бас цөлжилтийн талаар төлөв байдлыг нь тусгайлан сонсоод цаашид бас цөлжилтийн эсрэг авах арга хэмжээний талаар манай Байнгын хорооноос нэг тодорхой шийдвэр гаргах ёстой байх. Чиглэл өгсөн.
Гуравдугаарт, төв цэвэрлэх байгууламж, ер нь Туул голын бохирдолтой холбоотой асуудлаар би уг нь нэг юм боловсруулж оруулж ирэх ёстой л доо. Одоо тэгээд жаахан удаад байна.
БОХХААБХ-ны дарга Су.Батболд: - Энэ яг дараачийн ярих асуудал байгаа. Танаас би тодруулах юм.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: - Гэхдээ ажлын төлөвлөгөөн дээрээ. Хамгийн түрүүнд тавих асуудал бол одоо ямар ч тогтоол гарсан хамгийн түрүүнд төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг хурдавчлах энэ асуудлыг шийдвэрлэх, шинээр барих асуудлыг шийдэх юм. Ямар ч гэсэн тусгайлан одоо бүр энд оруулж, Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг. Хөрөнгө оруулалт нь яасан юм. Тэр концесс нь юу болсон юм, яах ёстой юм. Их удаж байгаа... Тийм учраас хурдавчлах маш тодорхой шийдлийг Байнгын хорооноос өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. За нэг иймэрхүү санал байгаа юм даа.
БОХХААБХ-ны дарга Су.Батболд: - За С.Дэмбэрэл гишүүн 1 минут авчихъя. За тэгээд хэдүүлээ асуудлаа цэгцэлнэ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: - За баярлалаа. Түрүүн нэг 3 санал бичсэн. Одоо хоёр санал байна.
Дөрөвдүгээрт, Энэ ногоон хөгжлийн загвар аймаг болъё гээд нэг 5 аймаг бүр одоо үнэн санаанаасаа өөрсдийгөө тунхагласан. Энэ 5 аймагт яамны зүгээс, ер нь бид төрийн зүгээс яаж тусалж дэмжсэн юм. Тэд нар ямар санаачилга гаргасан юм энэ талаар бас нэг тусгайлан энэ 5 аймгийн асуудлыг сонсмоор байна.
Тавдугаарт, Үндэсний статистикийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтраад энэ ногоон хөгжлийн статистикийн үзүүлэлтүүдийг одоо ямар ахиц гарч байна. Үндэсний статистикийн газар бол НҮБ-ын статистикийн байгууллага энэ тэртэй хамтраад бас нэг тийм төсөлд хамрагдаад явж байгаа. Ер нь цаашдаа бид жил болгон макро эдийн засгийн үзүүлэлтүүд ярьж байхдаа ногоон хөгжлийн статистикуудыгаа оруулж ирэх хэрэгтэй шүү...
БОХХААБХ-ны дарга Су.Батболд: - За гишүүд саналаа хэлж дууслаа. Тэгэхээр энэ долоо хоногийн Баасан гарагаас өмнө энэ гишүүдийн өгсөн саналыг аваад тэгээд боловсруулаад бид та бүхэнд төсөл байдлаар тараачихъя. Тэгээд тэр дээр та бүхний гаргасан санал орсон байна уу, ороогүй байна уу гэдгийг базаж байгаад тэгээд дараагийн долоо хоногт энэ завсарлагааны хугацаанд болон хаврын чуулганы хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг хэдүүлээ батална. За энэ асуудлыг ингээд дуусгая.
За энэ Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн шийдвэрийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг та бүхэнд тараасан байгаа. Энийг бол Байнгын хороо тусгайлан хэлэлцэхгүй. Та бүхэн уншаад танилцчихаарай. Ямар тогтоол, ямар хуулийн шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа юм бэ гэдгийг манай гишүүд өөрсдөө санаж байгаарай гэж.
С.Дэмбэрэл гишүүнээ, дараачийн нэг асуудал ийм байгаа юм. Байнгын хороо 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа энэ Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайдын мэдээллийг сонсоод байнгын хорооноос Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай тогтоол гаргахаар тогтсон юм. Тэгээд энэ тогтоолын төслийг манай С.Дэмбэрэл гишүүн хариуцаж байгаа. С.Дэмбэрэл гишүүн маань Байнгын хорооноос гарна гэж байгаа, цаашдаа яах юм бэ, аваад явах юм уу, яах юм. Үгүй бол энэ асуудлаар тогтоолоо одоо энэ хаврын чуулганаас өмнө хэлэлцүүлэх юм уу гэдэг асуудлыг би С.Дэмбэрэл гишүүнээс сонсъё гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: - Тиймээ, би санаачлаад үүнийг хийе гэсэн байгаа. Тэгээд нэлээн материал цуглуулсан, туул гол дээр. Мэргэжлийн хяналтын шалгалтууд, Туул голын сав, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэх мэт. Энэ бүх нэлээн зузаан материалыг манай референт цуглуулж өгөөд, одоо дүгнэлтийн хэсэг гээд биччихсэн байгаа л даа. Туул голын бохирдлын талаар 7 дүгнэлт гарчихсан байгаа. Одоо тэгээд дүгнэлтийн хэсэг, цаашдаахэрэгжүүлэх тогтоох хэсэг байна. Одоо тогтоолынхоо 2 дугаар хэсэг дээр гацчихаад байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн энэ хэлэлцүүлэг гээд цаг их явчихлаа. Би энэ Байнгын хорооноос гарах өргөдлөө өгчихсөн байгаа л даа. Тэгээд одоо Байнгын хорооны гишүүн биш юм чинь одоо яг энэ асуудал дээр яах юм .Гэхдээ үүнийг би ямар ч гэсэн дуусгаад өгнө, энэ асуудлыг УИХ-ын гишүүн С.Оюунтай ярилцана. Туул голын бохирдол бол хэн ч байсан оролцох ёстой асуудал. Энэ Байнгын хорооны гишүүн байсан эсэхээс үл хамаараад хийх учраас би удахгүй дуусгаж өгнө. Ямар ч гэсэн дүгнэлтийн хэсэг нь бол дууссан. Нөгөө олон байгууллагуудыг хороонд нь нэгтгээд тэгээд тэндээсээ нэгдсэн дүгнэлт тогтоох хэсэг гэсэн ийм хоёр хэсэгтэй, бүтэцтэйгээр л хийж байгаа.
БОХХААБХ-ны дарга Су.Батболд: - Нэгэнт Байнгын хорооны тогтоол гараад С.Дэмбэрэл гишүүн хариуцаж байгаа. Тэгээд өөрөө хариуцъя гэж байгаа учраас энэ асуудлаа завсарлагааны хугацаанд дуусгаад тэгээд хаврын чуулганы эхэн дээр Байнгын хороондоо байсан ч, гарсан ч гэсэн орж ирж танилцуулаад тогтоолоо гаргах нь зүйтэй байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet