Улсын Их Хурлын чуулганы 2015оны намрын ээлжит чуулганы 2015 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
Энэ өдрийн хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал байв. Энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Сүүлийн үед Монгол Улс Дэлхий дээр байхгүй рекордууд тогтоож байна. Дэлхийн хаана ч байдаггүй, 58.3 гэсэн "гайхамшигт" нарийвчлалтай, гаргалгаатай тоог хуульчлан баталлаа. Өөрөөр хэлбэл динамик ертөнцийг статик ертөнц болгож баталдаг ийм парламент Дэлхийд байхгүй.
Бидэнд Уул уурхайн талаар Төрөөс баримтлах бодлого, энэ салбарын маш олон хууль тогтоомжууд болон үүнтэй холбоотой хамгийн сүүлд батлагдсан “Шилэн дансны тухай” хуулиуд байгаа. Өнөөдөр энэ салбарт хууль нь хангалттай байна, одоо болно, ажлаа хий!
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-ын Монголын зөвлөл гэж бий, саяхан тайлангийн дэлгэрэнгүйг уншлаа. Нийт 265 компани олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдэн орсон байна. Жилд 2 удаа хуралддаг энэ байгууллагын ажилдаг механзм нь ерөнхийдөө хөшүүн, Яамтай уялдаж чаддаггүй, ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон гэдэг хүн л яваад байдаг. ОҮИТБС бол санаачилга, сайн дурын ажил. Бид хуулинд ил тод байдал, хариуцлагатай байх, үзэл баримтлал гэсэн бүх асуудлаа суулгасан, нэмж Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг оруулж, ил тод байдал гэж нэрлэх ямар хэрэг байна бэ, одоо зүгээр ажлаа хий...
Компаниудыг хууль, журмаар нь скочдож байна, зүгээр ажлыг нь хийлгэж болохгүй юу. Бид өөрсдөө эхлээд ажлаа зөв, үр дүнтэй хийж, болохгүй байгаа механизмаа сайжруулаад явах хэрэгтэй. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл шинээр оруулж ирж, Дэлхийн рекорд тогтоосон улс орон болох гэж оролдсоны хэрэггүй. Дэлхийн бусад Улс оронд “Уул уурхайн ил тод байдал”-ыг хуулиндаа хэрхэн тусгаж өгсөн, хэдэн Улс орон байна бэ, үр дүн нь ямар байгаа тухай судалгаа байна уу? Хуулийн төсөл оруулж ирж байгаа бол судалгаа заавал байх хэрэгтэй шүү... Хуулийн хувьд эрхзүйн орчин нь байна, бид өөрсдөө ажлаа сайн зохион байгуулан, менежмент хийж энэ асууудлыг шийдвэрлэх болохоос биш, шинэ хууль гарахаар уул уурхайн салбарт ажиллаж буй компаниудын үйл ажиллагаа сайжирч, ард түмэн ч илүү ил тод мэдээлэлтэй болох асуудал биш юм. Сайн санаж байгаа бол Эрдэс баялгийн талаар Төрөөс баримтлах бодлогод маш олон заалтууд суулгаж өгсөн, бодлого нь байхад заавал хууль гаргах шаардлагагүй байдаг. Засгийн газрын түвшинд тогтоол гаргаад, төр, хувийн хэвшлийн түншлэлийн янз бүрийн механизмын баримт бичиг боловсруулан түүнийг хэрэгжүүлж болдог юм.
Өчигдөр “20 удаа Засгийн газрын тогтоол гаргасан, тийм учраас хууль гаргахгүй бол болохгүй” гэж ярьцгааж байна лээ. Өөрөөр хэлбэл 20 удаагийн Засгийн газрын тогтоол нь хэрэгжээгүй учраас Монгол хэлний хууль гаргах юм гэсэн санаа. Үүнийгээ журамт үүрэг гэж үзэж байна. Үүнтэй адилтган “Уул уурхайн ил тод байдлыг хангах нь Монголын уул уурхайн бүх компаниудын журамт үүрэг мөн” гэж бичээд, үндсэн хуулиндаа шинэчлэл хийчих, тэгвэл... Энэ мэт алиа хошин зүйл битгий ярьцгаа, ажлаа сайн хий, сайн хийх бүрэн боломж нь, хууль эрхзүйн орчин нь байна. Энэ салбарт хууль хангалттай бий, цаг хугацаа үрсан юм битгий оруулж ирээд бай...
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet